Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаал хашиж байхдаа хувийн эмнэлгийн удирдлагаас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав нарын хэргийг хэлэлцэхээ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар 10 дахь удаагаа хойшлууллаа. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч Р.Булгамаа нарын гурван өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Тухайлбал, шүүгдэгч Б.Номинсувдын өмгөөлөгч Р.Булгамаа яаралтай ажлын улмаас гадаад улсад зорчих, Б.Төвшин, С.Ундрам, П.Алтантуяа нарын өмгөөлөгч хурал давхацсан хэмээн албан бичиг шүүхэд ирүүлсэн аж. Түүнчлэн шүүх хуралд оролцох иргэдийн төлөөлөгч ирээгүй юм. Үүнийг үндэслэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд 2026 оны гуравдугаар сарын 25- ны 09.00 цаг хүртэл хойшлуулах захирамж гаргав. Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2025 оны дөрөвдүгээр сард хийж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг мөн оны тавдугаар сард анх товлосон. Гэвч түүнээс хойш 2025 онд найм, энэ он гарсаар хоёр дахь удаагаа өмгөөлөгч нараас шалтгаалан хойшлуулаад байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болсон хурлын үеэр өмгөөлөгч Р.Булгамаа хүндэтгэн үзэх шалтгаанаа ирүүлээгүй хэмээн прокурор үзэж, хуульд заасан хариуцлагыг ногдуулах санал ч гаргасан. Шүүх бүрэлдэхүүн энэ удаа хариуцлага тооцох албан бичиг явуулах шаардлагагүй гэж үзэв.
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, зарим эмнэлгийн албан тушаалтнууд болох Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа, Т.Ариунтуяа, Т.Анхтуяа гэсэн 11 хүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж авсан, бусдад давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, өгсөн хэмээн буруутгаж буй билээ. Тодруулбал, ЭМДЕГ-ын мэргэжилтэн Б.Номинсувд нь дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний төрөл садангийн хүн болох “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нараас 100 орчим сая төгрөгийн хахууль авч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэдэг. Уг мөнгөө А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж өгсөн хэмээн буруутгагдаад байгаа юм.