Баруун гараас: Агата Кристи, Макс Маллоуэн
Агата Кристигийн адал явдалт романууд уншигчдыг татах болсноор нэгэнт хагас зуун өнгөрсөн ч түүний насан эцэслэснээс хойш 50 жил болсон хойно ч зохиолч нь оньсого мэт байсаар буй юм. 1955 онд ВВС-гийн сурвалжлагчийн асуултад түүний өгсөн хариулт амьдралынх нь зарим нууцыг тайлсан байдаг. Энэ эмэгтэйн амьдрал зохиол бүтээлийнх нь үйл явдал шиг нарийн төвөгтэй байжээ.
Агата Кристи бүхний нүдэнд ил хэрнээ гайхмаар нууцлаг нэгэн байсан аж. Тэрбээр цэцэг, ногоо арчилж ургуулдаг, сайхан хоол хийдэг, гэр орноо үлгэр жишээ авч явдаг, нохойнд хайртай, ааш зан сайтай ахимаг насны эмэгтэй л харагддаг байв. Энгийн номхон харагддаг зохиолч эмэгтэй маань хэн нэгнийг хордуулсан, урваж шарвасан, цус урсгасан ээдрээтэй түүх бодож олоод тэдгээр нь дараа нь хүмүүсийн сонирхлыг татсан бүтээл болно. Өөрийн ургуулан боддог ухаан нь хэрхэн ажилладаг талаар тэр ярьсан нь тун ховор. Кристи ер нь их бүрэг байж, харин 1955 онд ВВС-гийн радиогийн сурвалжлагчтай Лондон дахь гэртээ ярилцахыг зөвшөөрчээ. Хүүхэд насны уламжлалт биш орчин байдал нь төсөөлөн бодох ухааныг нь асааж, романаас жүжиг бичих нь яагаад дөхөм байсан, гурван сарын дотор нэг ном бэлэн болгочихдог байсан тухайгаа тэгэхэд ярьжээ.
Агата Миллер (охин байх үеийнх нь овог, нэр) 1890 онд чинээлэг айлд төрж, үндсэндээ гэрийн боловсрол олж авсан байна. Хэрхэн бичиж эхэлсэн тухай нь сонирхоход Кристи “Үүнийг би боловсролтой байгаагүйтэйгээ холбож боддог. Тэгэхдээ эцсийн эцэст би 16 орчим настайдаа сургуульд сурахаар Парист очсон. Тэр болтол арифметикийн үндсийг судлахаас өөр ямар ч боловсрол олж аваагүй” гэж хариулсан байдаг.
Хүүхэд насанд нь ер хийх юм байхгүй, ёстой л хөл хөсөр, гар газар байсан, харин юм унших асар их дуртай байсан гэж Кристи бичиж байв. “Би элдэв юм бодож олдог, янз бүрийн дүрд тоглодог, намайг бичихээс аргагүй болгодог юм уйдахаас өөр юу ч байгаагүй. Ингээд 16-17 настайдаа маш олон өгүүллэг, ганц урт гэгч, уйтгартай нь аргагүй роман бичсэн” гэж тэр ярьдаг байж.
Түүний өөрийнх нь ярьснаар анхны номоо бичиж хэвлүүлэхдээ 21 настай байв. Хэд хэдэн удаа татгалзаж байж “Стейлзед болсон нууцлаг явдал” романаа 1920 онд хэвлүүлснээр түүний хамгийн нэрд гарсан тагнуулч Эркюл Пуаротой дэлхий дахин танилцсан аж. Анхны бүтээлдээ өгүүлснээр аллагын арга болгож хордуулах үйлдлийг санамсаргүй сонгож авсан юм биш гэнэ. Дэлхийн нэгдүгээр дайны үед, нөхөр Арчи Кристи нь Францад алба хааж байхад өөрөө Британид шархадсан цэргүүдийг эмчилдэг эмнэлэгт сувилагчаар ажиллах болжээ. Бас тус эмнэлгийн эмийн санд ажиллаж байхдаа эм хийгээд хорын талаар зохих мэдлэгтэй болсон аж. Зохиолч эмэгтэй маань аллага, халдлага, амиа хорлох талаар өгүүлсэн бүтээлүүддээ 41 тохиолдолд хор хэрэглэсэн тухай бичжээ.
Кристигийн романы үйл явдал ихэнхдээ зөрчлийн оргил руу хөтөлсөн баримт таамаглалаар дүүрэн, аллагад сэжиглэгдсэн нууцлаг бүлгээс эхэлдэг. Зохиолын төвд Пуаро юм уу, хатагтай Мария шиг эмгэнэлт үйл явдлын эцэст нь нууцыг юм уу, үнэнийг тайлдаг хувиараа мөрдөгч байдаг. Кристигийн бүтээлийг мөнхийн болгодог бидэнд танил хүүрнэлийн эцэс төгсгөлгүй үйл явдал нь түүний өгүүлэхүйн нэг хэсэг нь юм.
“Рожер Акройдын аллага” ном нь 1926 онд хэвлэгдэж адал явдалт бүтээлийн мэргэшсэн зо хиолч болох нэр хүндийг нь бэхжүүлж түүний хувийн амьдрал нь ч өөрчлөгдсөн гэдэг. Кристигийн ээж нь өөд болж, нөхөр Арчи нь өөр эмэгтэйд сэтгэлтэй болсноо хүлээж салахыг хүссэн байна. Уй гунигтай, уран бүтээлийн хямралтайгаа тэмцэлдсээр Кристи өөрөө адал явдалт бүтээлүүдийнхээ баатар нь болов. Суррей гүнлэгийн үзэсгэлэн бүрдсэн нэгэн газар арванхоёрдугаар сарын хүйтэн шөнө түүний машиныг шохойн уурхайн орчмоос олжээ. Цагдаа нар уг машинаас түүний пальто, жолоо барих эрхийн үнэмлэхийг олсон ч зохиолч эмэгтэй өөрөө хаана ч байсангүй.
Британийн түүхэнд алга болсон хүнийг эрэн хайх томоохон ажиллагааны нэг ийнхүү эхлэв. Энэ түүх шуугиан тарих бүхий л шинж тэмдгийг бүрдүүлсэн байсан нь адал явдалт бүтээлүүд туурвисан нэрд гарсан зохиолч эмэгтэй долоон настай охиноо эхгүй үлдээж, залуу амрагтай учирсан сайхан нөхрөө үлдээсэн явдал байв.
Машиныг нь олсон газраас 370 километр зайд байх Умард Йоркшерийн Харригот зочид буудлаас 10 өдрийн дараа Агата Кристийг олжээ. Ухаан санаагаа алдсаны улмаас, хаяж явсан нөхрөө эвгүй байдалд оруулахын тулд, эсвэл бүр реклам хийх гэж гэх мэтээр энэ үйлдлийнх нь талаар маш олон таамаглал гарч ирэв. Кристи өөрийн намтартаа “Өвдсөний улмаас гуниглах болж урам хугарч, зүрх минь өвдөх болсон ч үүнд шаналах юун” хэмээн бичиж энэ бүхний нууцыг тайлахгүй байхаар шийдсэн аж.
Ажлынх нь арга барилын нууцын тухай яриа сэдэхэд тэрбээр 1955 онд ВВС-гийн сурвалжлагчид “Надад онцгой арга барил гэхээр юм байдаггүй. Эх нооргоо олон жил хэрэглэж байгаа хуучин машинаараа цохидог, богино яриа авахдаа л диктофон хэрэглэнэ үү гэхээс роман бичихдээ түүнийг ашигладаггүй” гэж ярьсан байна. 1930 онд өөрөөсөө 14 дүү археологч мэргэжилтэй Макс Маллоуэнтэй гэр бүл болжээ. Хагас жилийн өмнө Иракт очихдоо түүнтэй танилцсан байв. Тэд эртний соёл ихээхэн сонирхдог байж. Ойрхи Дорнодоор тэд аялсан нь “Нил мөрөн дээр тохиолдсон үхэл” (1937 онд анх хэвлэгдсэн) гэх мэт зохиол бичих сэдэл өгсөн байна. Бүхий л байдлаас нь анзаарахад хувийн амьдралын аз жаргал нь Агата Кристигийн уран бүтээлд гүнзгий нөлөөлж, есөн жилийн дотор бүрэн хэмжээний 14 роман гараасаа гаргажээ.
Адармаатай зохиомжтой бүтээл бодож олох нь уран бүтээлээсээ авдаг гол таашаал нь байлаа. Зохиолынхоо үйл явдлын өрнөлийг сайтар бодож, боловсруулах нь жинхэнэ ажил маань болдог. Энэ нь цаг хугацаа их авна. Бүх материалаа цуглуулж байж бичих ажилдаа орно. Ажилдаа шууд орох юм бол гурван сар гэдэг номоо би чихэд хангалттай хүрэлцэх хугацаа гэж тэр ярьдаг байв. Кристигийн “Хулганы занга” хэмээх хит болсон жүжгийг ивээн тэтгэсэн театрын од Питтер Сондерс 1955 онд радио нэвтрүүлэгт оролцохдоо зохиолынхоо бүтэц, түүхийг толгойдоо бүрэн цэгцэлдэг гайхалтай авьяас чадвартай хүн гэж зохиолчийн талаар хэлж байжээ. Нэгэн удаа “Жүжиг хэр ахицтай явж байна” гэж асуухад “Бэлэн болчихсон” гэж Кристи хариулж байжээ. Тэгсэн хэрнээ би уншиж болох уу гэхэд минь “Өө гүйцээгүй байгаа шүү дээ” хэмээн гайхшруулсан. Түүний үздэгээр жүжгийн зохиолоо эхнээс нь аваад дуустал нь ялихгүй жижиг юмыг ч орхихгүй нягт бодож боловсруулдаг. Тэгээд бичнэ гэдэг нь түүний хувьд ердөө биеийн хөдөлмөр” гэж Питтер Сондерс ярьж байжээ.
“Penguin books” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан сэр Аллан Леин ч мөн энэ тухай өгүүлжээ. Тэрбээр Агата Криститэй 25 жил нөхөрлөхдөө “Олон тооны сайн бүтээлүүдийг нь мэдэх ч бичгийн машины нь дуу чимээг ер сонсож байсангүй. Түүний хэлснээр Агатад хийгээгүй ажил байхгүй, Месопотамийн цөлд экспедицийнхэнтэй явж байхдаа лагерийн ажлыг зохион байгуулж, эсвэл оройн цагаар юм оёж байв ч шинэ жүжиг, тууж Агата Кристигийн оюун ухаанд боловсрогдож байдаг” аж.
Номыг Кристи гурван сарын дотор биччихдэг бол өөрийн нь хэлснээр жүжгийг түргэн бичих тусмаа сайн. 1955 онд ВВС-гээр Кристигийн тухай радио нэвтрүүлэг явж байхад түүний гурван ч жүжгийг нь Лондоны Вест-Эндед тоглож байжээ. “Хулганы занга” нь гурван жилийн турш орлогоороо тэргүүлсэн гэнэ. Уг жүжгийг эхлээд 1947 онд хатан хаан Мариягийн 80 насны ойд зориулсан оройн хөтөлбөрөөр “Сохор гурван хулгана” нэрээр олон түмэнд үзүүлсэн аж.
Лондоны “Savoq” зочид буудалд “Хулганы занга”-ын 21 жилд зориулсан арга хэмжээг 1973 онд зохион байгуулахад Кристи оролцсон байна. Жүжгийн гол дүрд тоглосон Ричард Аттенборо мөн тэнд байсан бөгөөд “Энэ жүжиг дахиад ч 21 жил тоглогдох байх” гэж хэлсэн байна. Тэрбээр “Түүнийг би Гэгээн Павелын сүмтэй зүйрлэхгүй, гэхдээ Лондонд ирсэн америкчууд “Хулганы занга”-ыг заавал үзэх ёстой” гэж өгүүлжээ.
Энэ жүжиг 1954 онд Британид хамгийн удаан тоглогдсон бүтээл болсон байна. 2020 онд дэлхийг цочоосон цар тахал л жүжгийг түр хаалгаж чадсан гэдэг. Одоо хэр нь тайзнаа тавигдаж буй “Хулганы занга”-ыг 2025 оны гуравдугаар сард 30 мянга дахь удаагаа тогложээ. Мөнөөх Аттенборо “Анир чимээгүй, олны хүндлэл хүлээсэн энэ хатагтай бидний жихүү дэс хүргэж, түгшүүр төрүүлэх ур чадвар, тайз, дэлгэцнээ аймшигтай уур амьсгал бий болгох авьяас чадвараараа дэлхий дахинаа хүмүүсийн дур хүслийг татсантай бид ердөө ч эвлэрч чадахгүй юм” гэж хэлсэн байдаг.
1955 онд ВВС-гийн сурвалжлагчийн асуултад Агата Кристигийн өгсөн хариулт түүний ажлын арга барилд зарим нэг гэрэл гэгээ тусгасан ч энэ эмэгтэй тэр л хэвээрээ оньсого болж үлдсэн юм.
Р.Жаргалант