Өвлийн олимпын тэмцээн, уралдаанууд Италийн хойд хэсгийн дөрвөн том бүс нутаг Милан, Кортина д’Ампеццо, Вальтеллина, Валь ди Фьемме хотод болж байна. Дэлхийн үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, огшоон догдлуулж буй тус наадмын хөтөлбөрт спортын ямар шинэ төрлүүд нэмэгдсэнийг сонирхуулъя.
Цанын уулын авиралт (скимо) нь уул руу авирч, дараа нь цанаар уруудах хосолмол спорт юм. Тамирчид өгсөх үедээ цанынхаа уланд зориулалтын тусгай даавуу (climbing skins) нааж, дараа нь цанаа тайлан тодорхой хэсэг газарт явган алхаж, цанаа дахин углан уруудаж уралдах юм.
Цанын уулын авиралт эрэгтэй, эмэгтэй чүүдийн спринт, холимог буухиа гэсэн гурван төрөлд болно. Энэ нь түүхийн хувьд Европын цастай нутгийг эрт үед туулж гарах хэрэгцээнээс үүсжээ. Уг төрөл нь 2002 онд Францад болсон ДАШТ, 2004 онд “Дэлхийн цом”-ын цуврал, 2020 онд Залуучуудын өвлийн олимпод багтаж, 2026 онд өвлийн олимпын төрөлд багтжээ. Тэмцээн Вальтеллина, Бормио хотод уулын цанын тэмцээнтэй ижил талбайд өрнөнө.
Мөн дараах шинэ таван төрөл нь уламжлалт өвлийн спортын хүрээнд тэлж, эмэгтэй тамирч дын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. Үүнд:
• Хос могул (Dual moguls) -фристайл цанын төрөл
• Холимог багийн скелетон
• Эмэгтэйчүүдийн давхар чарга (Women’s doubles luge)
• Эмэгтэйчүүдийн том довын цанын харайлт (Large hill)
• Эрэгтэйчүүдийн супер баг (Super team) цанын харайлт
Өмнөх дөрвөн хүний багийн төрлийг халж, хоёр хүний баг хүртэл гурван үсрэлт гүйцэтгэх шинэ формат илүү хурдтай, динамик болж, жижиг орнууд оролцох боломж нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид үзсэн байна
ХБНГУ-ын тамирчин Филипп Раймунд өвлийн олимпын наадмын цанын трамплинаас харайх төрөлд түрүүллээ. Валь-ди-Фьемме хөндийд болсон тэмцээний финалд тэрбээр 102 болон 106.5 метрийн төрөлд нийт 274.1 оноо авснаар алтан медалийн болзол хангав. Польшийн тамирчин, 19 настай Кацпер Томасяк 270.7 оноогоор мөнгө, Японы 24 настай Рэн Никайдо, Швейцарын 34 настай харайгч Грегор Дешванден нар адил 266 оноо авснаар хүрэл медаль хүртжээ.
Ф.Раймундын алтан медаль бол Германы багийн хүртсэн хоёр дахь шагнал. Энэ нь “Дэлхийн цом”-ын цувралд нэг ч түрүүлээгүй түүнд түүхэн амжилт авчирсан анхны том ялалт. Тус улсын багийн медалийн салхийг чаргачин Макс Лангенхан хагалж Кортина-д’Ампеццо хотын мөсөн замд уралдахдаа гурван минут 31.191 секундийн амжилтаар олимпын аварга болов.
Энэ удаагийн цагаан олимпын тэмцээнээс чөлөөт цанын шинэ төрөл олны сонирхлыг татаж буй. Хос могул нэмэгдсэнээр хөгжөөн дэмжигчид уралдааны талбарт цаначдын эргэлт, үсрэлт, хурдны хослолыг үзэхээр ирэх нь эрс нэмэгджээ.
Австралийн тамирчин Жакара Энтони Ливиньод болсон эмэгтэйчүүдийн могул тэмцээнд тэргүүлснийхээ дараа таван тойргийн турш ялагдалгүйгээр амжилтаа гайхалтай хадгалав. Тэрбээр төгс гулгаж, цэвэр үсрэлтээрээ шүүгч дээс 81.65 буюу хамгийн өндөр оноог авсан юм. Түүний хүчтэй өрсөлдөгч Перрин Лаффонт 79.47 оноогоор IV байрт шалгарлаа.
Милан-Кортинад болсон тэмцээнд БНХАУын чөлөөт цанын тамирчин Эйлин Гу эмэгтэйчүүдийн слоп стайл финалд мөнгөн медаль хүртэж, алтан медалийн төлөөх тоглолтоо өндөрлүүлэв.
Эмэгтэйчүүдийн давхар чарга нь маш их хурд шаарддаг спорт. Ганцаарчилсан төрлөөс ялгаатай нь хосоор уралддаг. Урд талын тамирчин нь голчлон жолоодох үүрэгтэй бол хойд талынх нь тэнцвэр, тогтвортой байдал, аэродинамикийн үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Хоёр тамирчин биеийн байрлал, хөдөлгөөнөөр төгс зохицсон байх ёстой, учир нь жижиг шилжилтүүд ч зам дээрх хурд, хяналтад нөлөөлнө. Тэднийг амжилт гаргахад техникийн ур чадвар төдийгүй мэдрэмж, итгэл найдвар, сэтгэлзүйн өндөр байдал, тууштай бэлтгэл сургуулилалт, зорилго, тэмүүллээрээ хэр сайн нэгдсэнээс хамаардаг.
Эмэгтэйчүүдийн хос тэмцээний бүх гүйлтийн нийт хугацаа хамгийн бага байхаар тооцож, медалийг олгоно. Хамгийн богино хугацаанд хурдан уралдсан баг түрүүлдэг. Медалийн шатанд нүүр тулан өрсөлдөх уралдаан байдаггүй тул эцсийн чансаанд гүйлт бүр тэнцүү байдаг.
Эмэгтэйчүүдийн том толгодын цанын харайлт нь 2026 оны Милан Кортинагийн олимпод анх удаа багтаж буй. 128 метрийн өндрөөс буухын тулд 400 футын налуу замаас хурдлах эмэгтэй тамирчид оролцдог. Тэмцээн нь хоёр үсрэлтээс бүрдэнэ.
Гүйлтийн налуу зам нь ихэвчлэн 36-38 градусын өндөр хурдтай байхаар бүтээгдсэн. Энэ нь 107 метрийн ердийн толгодтой харьцуулахад илүү эгц, илүү сорилттой, урт нислэг хийхэд хүргэдэг.
Ялагчдыг хоёр үе шатны нийт оноогоор шалгаруулна. Оноог зай (K цэгт хүрэхэд 60 оноо, зайд нэмэх/хасах оноо) олгодог бөгөөд нислэгийн хэлбэр, буулт, шаардлагатай телемарк буултаар үнэлдэг.
Эрэгтэйчүүдийн том толгод дээрх үсрэлтийн тэмцээн нь 1924 оноос хойш явагдаж байгаа. “Милан-Кортина 2026” олимпын наадамд мөн албан ёсоор анх удаа багтсан. Гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь өндөр хурд, урт зайг харуулдаг бөгөөд ихэвчлэн 130 метрээс давдаг байна. Ердийн толгодын төрөлтэй харьцуулахад агаарын даралт болон хурдыг нэмэгдүүлэхийн тулд техникийн ур чадвар шаарддаг. Энэ удаагийн олимпод Норвегийн Анна Одине Стром 267.3 оноогоор алт, Словенийн Ника Превц (266.2) мөнгө, Японы Нозоми Маруяма (261.8) хүрэл медаль хүртжээ. Одоогоор Норвегийн баг зургаан алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, ХБНГУ, Швед улсын тамирчид тус бүр гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай эхний гурван байрт жагсаж байна.