УИХ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа. Үүнд төр, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, салбарын шинжээчид оролцов. Манай улсын нийт эрчим хүчний 77 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж, 22.3 хувийг импортоор авч, долоон хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж буй аж. Мөн жилд 2.2 тэрбум ам.долларын шатахуун импортолдог, цахилгаан тээврийн хэрэгслийн тоо хангалтгүй, агаарын бохирдол их байгааг оролцогчид хэлж байв.
УИХ-ын дарга Н.Учрал энэ үеэр “Чөлөөлье” аяны хүрээнд эр чим хүчний салбарт тодорхой өөрчлөлт хийхээр ажиллаж буйгаа дуулгав. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай 2025 оны 119 тоот тогтоолын хүрээнд айл өрхийн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх эхний ээлжийн Sandbox орчноор Чингэлтэй дүүргийг сонгосон аж. Нарны хавтан суурилуулахад 20 орчим шат дамжлага дамждаг байсныг гурав болгон цөөлж, 11 өдөрт багтаан шийддэг болгосон гэнэ. Одоогоор эхний 83 айл гэрээгээ байгуулжээ. Дээрх тогтоолын хүрээнд айл өрхийн аюулгүй, найдвартай, хүртээмжтэй цахилгаан хангамжийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бодитоор бууруулах “100 000 нарны гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буйг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мөн энэ үеэр мэдээлсэн. Эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг дэмжин, бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд холбох шат дамжлагыг хялбарчилж, хугацааг бууруулан, 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулахаар ажиллаж буй юм байна. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулснаар энэ төрлийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарна гэдгийг тэр хэлэв.
Дээрх өндөр түвшний хэлэлцүүлгийн хүрээнд хэд хэдэн салбар хуралдаан болж, талууд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өсгөх чиглэлээр санал бодлоо солилцжээ.
С.Уул