Хууль тогтоох байгууллагад сэтгүүлчдийг төлөөлдөг хэдэн гишүүний нэг нь Л.Мөнхбаясгалан. Тэрбээр Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курс дүүргэж, ажил дээр туршлагажсан нэгэн. “Сэрүүлэг”, “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д ажиллаж, өөрөө “Улс төрийн тойм” сонин эрхэлж явсан түүнийг тогтмол хэвлэлийн уншигчид анддаггүй байв. Харин нийгмийн олонход С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээрээ илүү танигдсан гэхэд болно. Улс төр, нийгэм гээд бүх салбарын онцлох зочинтой ярилцдаг эл нэвтрүүлэг иргэдийн үзэх дуртай контентын нэг байлаа.
Сэтгүүлчдийн хүрээнд Л.Мөнхбаясгалангийн тухай үлгэр домог мэт яриа их. Түүнийг иргэд зоригтой, дайчин сэтгүүлч хэмээн боддог. Тийм ч биз, үгүй ч биз. “Цензургүй яриа” нэвтрүүлэг нь 2015 оноос Х.Баттулгынх гэгддэг С1 телевизээр гарч эхэлжээ. Тэр үеэс, магад тэрнээс ч өмнөөс Л.Мөнхбаясгалан Х.Баттулга хэмээх улс төрчтэй хамтран ажиллах болсон аж. Түүнийг өмөөрөх, өрсөлдөгчдийг нь “харлуулах” ажлыг ч хийлцсэн гэдэг. Авьяаслаг сэтгүүлч гэдэгтэй нь маргахгүй. Гэвч “зорилготой” зочин урих, төлбөртэй нэвтрүүлэг хийдэг тухай сэтгүүл зүйн хүрээнд ярих нь бий.
Тэрбээр тогтмол хэвлэлээс телевизийн салбарт хүч сорихоор “Шонхор” телевизийг худалдаж авч ажиллуулсан ч жил хүрэлгүй бүтэлгүйтсэн юм. Тухайн үедээ тэрбээр өөртөө бурууг өгч, үүнийг улстөржүүлэхийг хүсэхгүй байгаагаа хэлж, “Би эрх чөлөөг эрхэмлэдэг сэтгүүлч хүн учраас улстөржилтөөс зугтаж явна. Улс төрийг бичнэ үү гэхээс өөрөө дотор нь хутгалдаж заваармааргүй байна” хэмээн “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн нь түүх болон үлдэж. Гэвч одоо “заваараад” явж буй нь сонин.
Улмаар 2024 оны сонгуулийн өмнө тэрбээр МоАХ фракцад нэгдсэнээ цахим хуудсаараа дамжуулан дуулгав. Ингээд “эзэн”-тэйгээ хамт “Хөх туг” хөдөлгөөн нэрээр 21 аймгийг тойрч, сонгуулийн бэлтгэлээ базаажээ. Улмаар говийн аймгаас нэр дэвшин сонгогдож, эдүгээ Х.Баттулгын УИХ дахь “хамгаалагч”, “нарийн бичгийн дарга” хийж явна. Төгрөг нуурын асуудал дэгдэж, Х.Баттулгаас төр уг ордыг буцаан авах тухай яриа гарахад тэрбээр өмнөөс нь “Хэрэв Төгрөг нуурын орд минийх байсан бол стратегийн ордуудыг төр авах ёстой гэж ярьж явахгүй” гэж Х.Баттулга гишүүн хэлсэн” хэмээн дамжуулсан нь саяхан.
Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлэхээс татгалзсаны ард хотын дарга Х.Нямбаатар байсан тухай агуулгатай постыг тэрбээр 2024 оны намар бичсэн. Ганц үг газар гээдэггүй хотын дарга ч хариуг тэр дор нь өгөв. Ингэхдээ “Гишгэсэн мөр чинь худал. Л.Мөнхбаясгалан гэдэг нэр чинь, удам судар чинь ч худал. Насаараа гэмт хэрэг хийж амьдарсан эзнийхээ нүглийг цайруулах гэж талийгаач О.Дашбалбарыг хүртэл гүтгэж, түүнээс хойш Монголын төлөө цохилох зүрхтэй бүхнийг харлуулж ирсэн амьдрал чинь худал” гэсэн нь бий.
Мөн Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга нарын хүүхэд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй, улмаар уг хэргийг өөр хүнд тохоод дууссан тухай мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Тэгвэл энэ талаар гишүүн баасан гарагт цахим хуудсандаа “Цагдаагийн байгууллагаас хүүгээ хар тамхины хэрэгт орооцолдож байгаагүйг нотолсон бичиг авсан. Өнөөдөр албан ёсоор шүүхэд өглөө” хэмээн бичжээ.
АН-ынхан даргаа шинээр сонгох үед Л.Мөнхбаясгалан өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн билээ. Тухайн үед түүнийг УИХ дахь хамгийн боловсрол нимгэн гишүүн болохыг нийтээр хэлэлцсэн юм даг. Тэр үед гишүүн “Амьдралын боломж олдоогүй учраас сурч чадаагүй” гэсэн тайлбар хийж, “Боловсрол хэрэггүй” гэсэн ойлголт өгсөн учраас буруудсан. Хожим боломжтой болсон үедээ тэгвэл яагаад сураагүй юм, боловсрол эзэмших хүсэлгүй л байсан биз гэж шүүмжилсэн. Үүнээс сарын дараа Л.Мөнхбаясгалан эрх зүйн чиглэлээр сурч эхэлснээ цахим хуудсандаа хуваалцсан юм.
элснээ цахим хуудсандаа хуваалцсан юм. УИХ-ын гишүүний хувьд тэрбээр бүрэн эрхийн дөрвөн жилийнхээ хугацаанд хэрэггүй олон биш, хэрэгтэй ганц хууль батлуулах зарчим баримталж буй гэнэ. Тэр нь Нөлөөллийн бүсийн тухай хэмээх хууль бөгөөд Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулахтай холбоотой юм байна. Удахгүй өргөн барих бололтой. Мөн тэрбээр говийн бүсээс сонгогдсон учраас өнгөрсөн хугацаанд ус, усны хангамжийн талаар багагүй дуугарсан.
Үүнээс өөрөөр Л.Мөнхбаясгалан гишүүн сэтгүүлч байсан шигээ “хэл амтай” ажиллахгүй нь. Олон сэтгүүлч улс төрд ордог ч тодорч гарсан нь үгүй. Ийм л жишгийг тэр дагаж, олон жил бичсэн, шүүмжилсэн улс төрдөө өөрөө ийнхүү ууссан нь харамсалтай.