Шинэ өглөө эхэлмэгц айлууд цайгаа чанадаг байсан бол өдгөө усаа буцалгадаг, улмаар кофе чанадаг болсон гэхэд хилсдэхгүй. Монголчуудын хувьд цайны өндөр соёлтой гэгдэж байсан бол дараагаар нь шар айрагных (соёл гэдгийг хэрэглээ гэж ойлгож болно) нэвтэрч, өдгөө кофены соёл тэдгээрээс дутахгүй түгсэн хэмээн “Маркетингийн холбоо”-ноос 2024 онд гаргасан судалгаанд дурджээ. Үнэхээр л Улаанбаатарт хаа сайгүй кофе шоп үүдээ нээн, түүгээр үйлчлүүлэгчдийн тоо өссөн нь анзаарагддаг. Мөн тэдгээр кофе шоп нь интернэт орчин бүрдүүлж, заримд нь ном, сэтгүүл унших боломж олгосноороо залуучууд, хүүхдүүдийн цагаа өнгөрүүлэх нэгээхэн талбар болжээ. Үүнээс улбаалан кофены хэрэглээ, арилжаа, үнэ, зах зээлийн төлөв ямар байгааг сонирхлоо.
Манай улсын хэмжээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 650, үүнээс Улаанбаатарт 470 орчим кофе шоп үйл ажиллагаа явуулж байв. Тэдгээрт 1700 гаруй хүн цагаар болон үндсэн орон тоонд ажиллаж буй аж. Түүнчлэн монголчууд кофены ихэнхийг Бразил, Вьетнам, Этиоп зэрэг улсаас импортолдог гэлээ ч тогтмол нийлүүлэгч 10 гаруй орон байна. Манай иргэдийн кофены хэрэглээ 2010 оноос хойш тогтмол буюу жилд 8-10 хувиар өссөөр иржээ. Улмаар 2024 онд бараг 700 орчим тонн кофе, цай импортлон 30.3 сая ам.доллар зарцуулсан нь өмнөх жилийнхээсээ 33 хувиар буюу түү хэн дээд хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болно. Цаашдаа кофены хэрэглээ, импорт жилд дунджаар найман хувиар 2030 он хүртэл өсөх төлөвтэй бөгөөд энэ нь идэвхтэй хөгжиж буй зах зээл гэсэн ангилалд багтах үзүүлэлт аж. Манай орны хувьд кофе худалдан авагч иргэдийн олонх нь 20-40 насны, ажил эрхэлдэг хүмүүс байна гэв. Тэд өглөөг эрч хүчтэй эхлүү лэх, өдрийн цагт энергиэ сэлбэх, нойроо сэргээх зорилгоор кофе уудаг гэжээ. Нийт кофе хэрэглэгчдийн 51 орчим хувь нь инстант буюу сүү, элсэн чихэр, кофег нэг уутанд савласныг, 46 хувь нь чанадагийг, 2.6 хувь нь дрип буюу цаасан шүүлтүүртэй кофе хэрэглэж байгааг судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” компанийн 2024 оны тайланд дурдсан байна. Өдгөө Улаанбаатарын кофе шопуудад жижиг, дунд хэмжээтэй американо 5000-9000, латте болон каппучино 7000-10 000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна бид 2025 онд 5500 орчим тонн кофе импортлоход 28 орчим сая ам.доллар зарцуулсан нь 2016 он буюу 10 жилийн өмнөх үеийнхээс худалдан авалтын хэмжээ, зарцуулсан хөрөнгө гурав дахин өссөн дүн болсныг дурдах нь зүйтэй. Кофены нэр, төрөл ч олширч, өдгөө дотооддоо үрийг нь хуурч хэрэглэдэг болсноор чанарын хувьд нэг алхам дээшилжээ. Тэгвэл кофенд дурлагсад бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үнийн талаар юу хэлэв.
Баянгол дүүргийн иргэн Г.Чимэгмаа “Кофенд донтогч гэж өөрийгөө хэлж болно. Кофе шопод мэргэжлийн баристагийн бэлтгэснийг нь өдөрт ядаж нэг удаа уудаг. Гадуур ажил ихтэй, ачаалалтай үед хоёрыг ч уучихдаг. Улаанбаатарт янз бүрийн үнэ, чанартай кофе борлуулагддаг. Тэдгээрээс минийхээр хамгийн амттай бөгөөд тохилог орчинтой нь “Ubean Coffee house-roasteria”. Үнийн хувьд нэг аяга нь 10 000-20 000 төгрөг. Би өдөрт нэг аяга кофе уудаг гэвэл ажлын өдрүүдэд сард 150 000 орчим төгрөг зарцуулдаг. Гэртээ ч чанар сайтайг нь худалдан авдгаас зөвхөн кофенд сар бүр дунджаар 250 000 төлдөг гэж тооцсон. Харин зарим кофе шопын бүтээгдэхүүн анх нээгдэж байсан үеийнхээсээ амт нь муудаж, хэмжээ нь ч багассан. Бас ажиллах хүнгүйдсэн нь анзаарагддаг. Кофе бэлтгэх чинь нарийн мэдрэмж, чадвар шаардсан ажил шүү дээ. Одоо бол цагийн ажилтан “хүүхдүүд” өөрсдийн хэрээр дундаж амттайг бэлтгэдэг болжээ” хэмээв.
Тэгвэл Сүхбаатар дүүрэгт амьдардаг Т.Сийлэн “Кофе шопуудын бүтээгдэхүүний үнэ жил ирэх бүр өссөөр өдгөө дунджаар 10 000 төгрөгт хүрсэн. Нэг литр сүүг 6000, нэг талхыг 3000 ор чим төгрөгөөр борлуулдаг байтал аяга кофе ийм үнэтэй байна гэдэг тансаг хэрэглээ биш үү. Миний хувьд гадуур төдийлөн их кофе уугаад байдаггүй, хэмнэхийг хичээдэг. Харин гэртээ хоёр жилийн өмнө 550 000 төгрөгөөр капсултай кофе чанагч худалдан авч, өөрөө бэлтгэж хэрэглэдэг болсон. 100 капсул кофег 100 000-130 000 төгрөгөөр худалдан авдаг. Мөн сүүгээ өөрөө хөөрүүлчихдэг учраас нэг аягыг бэлтгэхэд гэртээ 1000-2000 төгрөгийн л зардалтай. Кофенд дуртай хүмүүс төдийлөн их зарлага гаргалгүйгээр гэртээ чанагчтай болж, өөрсдөө бэлтгэж, савлаж авч явж уугаасай” хэмээв.
Харин Чингэлтэй дүүрэгт харуул, хамгаалалтын албанд ажилладаг О.Төмөрсүх “Би өдөрт 2-3 аяга кофе уучихдаг хүн. Өвөлд халууныг, зунд хүйтэн мөстэйг нь сонгодог. Болж өгвөл, зав гарвал CU, GS-25 дэлгүүрээс худалдаж авдаг. Тэдгээрт сүүтэй кофе жижгэвтэр аягатай нь 4000 орчим төгрөгийн үнэтэй. Үгүй бол өөрөө найруулдаг буюу инстантыг л авчихдаг. Ийм кофены үнэ 10 хүрэхгүй жилийн өмнө ширхэг нь бараг 100 төгрөг байв. Одоо бол 500-600 төгрөгөөс эхэлнэ. Нэг уутандаа 25 ширхэгтэй инстант кофег би 17 000 төгрөгөөр саяхан худалдан авлаа. 300 граммтай ёотон 4000 төгрөг гэхээр нийлээд 21 000-аар кофеныхоо сарын хэрэглээг хангачихаж байгаа хэрэг” гэв.

Манай орны хувьд кофены зах зээлтэй холбоотой уснаас бусад бүх орц, хэрэглэгдэхүүнийг импортолдог учраас цаашид ч үнэ болон үйлчилгээнийх нь стандарт, франчайз өртөг нэмэгдэх магадлал байна. Мөн олон улсын брэндээс ялгарах монгол онцлог бүхий кофе шопууд бий болгох, аялал жуулчлалын салбартай уялдуулах, жуулчлалын томоохон бүсүүдэд орон нутгийн онцлог бүхий кофе шоп бий болгоход анхаарвал зохихоор санагдав. Мэргэжлийн бариста болон хяналтын мэргэжилтнүүдийг бэлтгэн, илүү чанартай, амттай бүтээгдэхүүн санал болгоход анхаарах нь зүйтэй. Үүнээс гадна кофе шопын франчайз эрх авахад ямар үнэтэй байдаг, хэрхэн хамтарч ажилладгийг сонирхлоо. Тухайлбал, Итали кофе шопын франчайзыг Монголд нэвтрүүлж, сүүлийн нэг жилд долоон кафе нээсэн байна. Эл эрхийг авахад эхлээд 80 сая төгрөг төлөх шаардлагатай гэнэ. Дунджаар 50 ам метр байр бэлтгэн, нэг ам метрийг нь 2-2.5 сая төгрөгөөр тухайн франчайзийн дизайны дагуу засаж, тохижуулах хэрэгтэй аж. Мөн борлуулалтын орлогын 7.5 хувийг сар бүр төлөхийг эрх эзэмшигчид нь хэллээ. Ерөнхий маркетингийг франчайз борлуулагчаас хариуцан хийх бол кафе тус бүр борлуулалтдаа анхаарч ажиллах аж. Харин кофены машин, тоног төхөөрөмжийг цаанаас нь суурилуулж, бүтээгдэхүүн хийх сургалтад хамруулан, сар бүр заавар, зөвлөгөө өгөх юм байна. Хамтын ажиллагааны бусад нөхцөлөө нарийн хэлэлцэн, гэрээ байгуулснаар шинэ кофе шоптой болж болох нь ээ.
Дэлхий дахинд кофены хэрэглээ ч өссөөр, жил бүр 3-4 хувиар нэмэгдсээр иржээ. Түүнч лэн өнгөрсөн оны байдлаар жилд 10 сая тонн кофены үрийг хүмүүс хэрэглэсэн байна. Үүний дийлэнх нь “Арабика” болон “Робуста” нэрийнх аж. Европт эл бүтээгдэхүүний хэрэглээ хамгийн өндөр буюу жилд нэг хүн 5-8, Финландад гэхэд 12 орчим кг кофе уудаг аж. Харин АНУ-д жилд 4-5, Азийн орнуудад 1-3 кг-ыг хэрэглэдэг гэжээ. Хэрэглээний чиг хандлагын хувьд Европ, Америкт голдуу чанартай үрээр хуурч бэлтгэснийг хэрэглэдэг бол Азийн орнуудад ялангуяа Япон, БНСУ, БНХАУ, Монголд инстант кофе хэрэглэгч олон байдаг гэнэ. Үүнээс гадна кофены борлуулалтад дэлхий дахинд нэг жилд 100-120 тэрбум ам.доллар эргэлддэг бөгөөд үүний 35-40 тэрбум “ногоон”-ыг гол экспортлогч Бразил улс олдог байна. Дараагаар нь 8-10 тэрбумыг Вьетнам улс төвлөрүүлж буйг “World ranking” болон “Reuters”-ын мэдээлэлд тодотгожээ.
С.Дулам