“Хүннү эйр” компанийн Хайкоу-Улаанбаатар чиглэлийн нислэгээр энэ сарын 7-нд зорчсон эмэгтэйн бие гэнэт муудаж, ухаан алджээ. Улмаар тус компанийн нисэх багийнхан болон хөлөгт зорчиж явсан эмч нар хамтран яаралтай тусламж үзүүлж, амийг нь аварсан аж. Нисгэгчид хамгийн ойр орших БНХАУ-ын Ухань хотын нисэх буудалд буух зөвшөөрөл авч, тус улс дахь эл компанийн төлөөлөгчийн газраас эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх ажлыг урьдчилан зохион байгуулжээ. Зорчигчийг газардмагц эрчимт эмчилгээнд оруулсны ачаар биеийн байдал нь тогтворжиж, Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр энэ сарын 9-нд эх орондоо ирсэн аж.
“Хүннү эйр” компанийн удирдлагууд болон зорчигчийн ар гэрийнхэн албан үүргээ биелүүлж, шуурхай ажилласан нисэх багийнхан болон тусламж үзүүлсэн эмчид гүн талархал илэрхийлсэн байна.
У.ЦЭЦЭГ