Нийслэлийн иргэд өглөөг агаарын чанарын индексийн (AQI) скриншотоор эхлүүлж, түүнийгээ нийгмийн сүлжээнд түгээдэг болоод удаж байна. Учир нь төр засаг бодит нөхцөл байдлыг ил тод хүлээн зөвшөөрч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг иргэддээ цаг тухайд нь хүргэж чадахгүй байгаа юм. Тиймээс нийслэлийнхэн аргаа барахдаа гадаадын вэб сайтуудаас агаарын чанарыг өөрсдөө тандаж, “сайн дурын харуул” хийхээс өөр сонголтгүйд хүрэв. Өөрөөр хэлбэл, агаарын чанарын үзүүлэлтийн гол эх сурвалж хэмээн олон нийт итгэсээр ирсэн суурин харуулууд нь бохирдлын түвшнийг бодит байдлаас зөрүүтэй мэдээлж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсээр байгаа. Сүүлдээ бүр ажиллахаа ч больсон. Албан ёсны сайт нь хүртэл худал мэдээлээд байна гэдгийг нийтэд ил болгож, шүгэл үлээсэн хүмүүсийн нэг нь иргэн О.Отгонбаяр юм. Тэрбээр нийслэлийн агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогддог байршлуудад хувиараа хэмжилт хийдэг бөгөөд түүний тандалтын үр дүн Аgaar.mn вэб сайтын мэдээллээс нэг бус удаа зөрүүтэй гарчээ.
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД БУС, СТАТИСТИКАА “ЦЭВЭР” ХАРАГДУУЛАХ НЬ ЧУХАЛ
Тэгвэл Аgaar.mn сайтын мэдээлэл зөвхөн иргэн О.Отгонбаярын хэмжилттэй зөрөөд зогсохгүй дэлхийн хамгийн том платформуудын нэг болох “IQAir”-н үзүүлэлттэй ч зөрчилдөж байна. Тухайлбал, Agaar.mn сайт Дамбадаржаа орчимд агаарын чанарын индекс 187 буюу “бага бохирдолтой” хэмээн мэдээлсэн бол “IQAir” 200 буюу “маш их хортой”, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй түвшинд хүрснийг анхааруулж байх жишээтэй. Энэ бол нийслэлийн иргэд ямар агаараар амьсгалж буйг харуулах ердөө ганцхан жишээ. Өөрөөр хэлбэл, олон улсын найдвартай эх сурвалжууд аюулын харанга дэлдэх хэмжээнд гэж мэдээлж байхад манай дотоодын систем “бага бохирдолтой” хэмээн зөөлрүүлж буй нь төрийн байгууллагууд иргэдийнхээ эрүүл мэндээс илүүтэй статистик үзүүлэлтээ “цэвэр” харагдуулахыг урьтал болгож буйн илрэл юм.
Мөн “IQAir” өчигдөр 15.30 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарыг AQI 181 буюу “Эрүүл бус (эмзэг бүлэгт)” гэсэн ангилалд багтааж, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, уушги болон зүрхний өвчтэй хүмүүст сөрөг нөлөөтэйг анхааруулжээ. Тухайлбал, PM2.5 тоосонцрын хэмжээ 49.5 микрограммд хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын жилийн зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 10 дахин их үзүүлэлт гэнэ.
“IQAir” платформ нь агаарын чанарыг хэмжихээс гадна дэлхийн бохирдлын түүхэн өгөгдөлд тулгуурлан жил бүр нэгдсэн тайлан гаргадаг бөгөөд энэ нь улс орнуудын байгаль орчны бодлогод чухал нөлөө үзүүлдэг. Тэд лазер мэдрэгчид суурилсан технологи ашиглан агаар дахь гэрлийн сарнилтыг тооцоолох зарчмаар нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-ыг нэг шоо метр агаар дахь микрограммаар өндөр нарийвч лалтай хэмждэг байна. Товчхондоо, бид олон улсын платформд бус, харин өөрсдийн ашиглаж буй төхөөрөмжийн хүчин чадал, мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавих цаг болжээ.
БИД БОДИТ БАЙДЛЫГ МЭДЭХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮҮ
Үүнээс гадна суурин харуулууд үнэхээр хэвийн ажиллаж байгаа, эсэхэд ч эргэлзэх үндэслэл бий. Баруун дөрвөн зам, Хархорин, Толгойт, Багшийн дээд зэрэг байршлуудад агаарын чанарыг хэмждэг төхөөрөмжүүд сүүлийн 10 хоног мэдээлэл огт дамжуулаагүй атал Аgaar. mn сайтад бүх үзүүлэлт хэвийн мэт харагдсаар байв. Харин МҮОНТ-ийн мэдээллийн самбар л хагас дутуу ажиллаж, зөвхөн тоосонцрын хэмжээг хэсэгчлэн харуулж байсан юм.
Баянхошуу орчимд энэ сарын 10-ны 20.00 цагт агаар бохирдуулагч бодисын агууламж хүлцэх хэмжээнээс хэд дахин давж, аюултай түвшинд хүрснийг гадаадын байгууллагуудын хэмжигч төхөөрөмжүүд мэдээлэв. Гэтэл манай улсын албан ёсны систем уг нөхцөл байдлыг ердөө “бохирдолтой” гэсэн бүдэг ангиллаар л харуулжээ. Баянхошуу орчмын агаарын чанарын индексийг ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 40-70 дахин бохир хэмээн онцолсоор байхад манай албан ёсны эх сурвалжууд “бохирдолтой”, “бага бохирдолтой” хэмээн худал мэдээлсээр буй нь хачирхалтай. Мөн үүний цаана иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээс гадна хэн нэгэн албан тушаалтны эрх ашиг хөндөгдөж байна уу ч гэж хардаж болохоор. Агаарын чанарын үзүүлэлтийг ийнхүү гуйвуулан мэдээлэх нь хэнд ашигтай вэ.
Суурин харуулууд яагаад ажиллахгүй байгааг нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбатаас тодруулахад “Би төрийн албан хаагч. Даргаас зөвшөөрөл аваагүй бол мэдээлэл өгөхгүй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Тэгэхээр нийслэлчүүд хортой агаараар амьсгалж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэх нь тэдэнд төдийлөн хамаагүй бололтой. Угтаа агаарын чанарын мэдээллийг улсын нууцад оруулчхаагүй л юм бол төрийн албан хаагчид үүнийг нээлттэй мэдээлэх үүрэгтэй баймаар. Нөгөөтээгүүр, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сул, нэгдсэн хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаныг үүнээс бэлээхэн харж болох юм.
“10 ГАРУЙ ЖИЛ ШИНЭЧЛЭЭГҮЙ ТУЛ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХАА БОЛЬСОН”
ЦУОШГ-ын Агаарын чанар, шар шороон шуурга хариуцсан ахлах Өнөрбатаас суурин харуулууд хэвийн ажиллаж буй, эсэх болон мэдээллийн зөрүүтэй байдлын талаар тодруулахад “Нийслэлийн хэмжээнд агаарын чанарын 19 суурин харуул бий. Эдгээр нь өдгөө хэвийн ажиллаж байгаа. Харин мэдээллийн самбарыг 10 гаруй жил шинэчлээгүй тул ашиглалтын шаардлага хангахаа больсон. Засаж, сайжруулъя гэсэн ч сэлбэг нь олддоггүй.
Суурин харуулын үзүүлэлтүүд гадаадын вэб сайтын мэдээллээс зөрдөг нь манай улсын агаарын чанарын стандарт болон Байгаль орч ны сайдын 2018 оны А/387 дугаар тушаалаар баталсан хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан заасан журамтай холбоотой юм. Тухайлбал, агаарын бохирдол харьцангуй бага АНУ, Канад зэрэг орны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ манайхаас өөр байдаг. Манай автомат харуулууд агаарыг 60 хэм хүртэл халааж, усны уур, мөсөн талстыг тоос, тоосонцроос ялган лазер нэвчилтийн аргаар хэмждэг. Гэтэл иргэдийн ашиглаж буй гар төхөөрөмжүүд нь ихэвчлэн дотоод орчныг хэмжих зориулалттай бөгөөд хүйтний улиралд усны уур, мөсөн талстыг тоос гэж буруу бүртгэн өндөр үзүүлэлт гаргах магадлалтай. Үүнээс гадна үйлдвэрийн баталгаажуулалт, тохируулга дутмаг байдаг. Харин үнэрийн тухайд нийслэлийн төв болон баруун хэсгээр зөвхөн өвөл гэтгүй хавар, намар, зун буюу галлагааны улирал эхлээгүй байхад ч өмхий ханхалдаг шүү дээ. Энэ нь цэвэрлэх байгууламжтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бүгдийг нь агаарын бохирдолтой холбож болохгүй” гэсэн юм.
Гэвч бид агаарын чанарын мэдээллийг зөвхөн дээрх сайтаас харах албагүй. Дэлхийн жишгээс үзвэл асуудал том байх тусам хэмжилтийн цэгийг олшруулж, нарийн тандалт хийж байж бодит нөхцөл байдлыг тодорхойлдог. Жишээ нь, дэлхийн агаарын бохирдлын жагсаалтаар 980 дугаарт эрэмбэлэгддэг, бохирдол харьцангуй багатай Сербийн Белград хот л гэхэд агаарын чанарын 29 станцтай. Харин Британийн Лондонд 127 станц ажиллаж, хотын агаарыг алхам тутамд хянаж байна. Гэтэл дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг гэгддэг Улаанбаатарыг ердөө 19-хөн станцаар төлөөлүүлэн дүгнэх гэж оролдож буй нь дэндүү хангалтгүй үзүүлэлт. Агаарын бохирдолтой тэмцэх эхний алхам бол хамгийн нарийн, олон цэгээр хэмжиж, бодит өгөгдөлд суурилан шийдвэр гаргах шүү дээ. Манайх шиг насжилт нь дуусаж, сэлбэг нь хүртэл олдохоо байсан техникээр агаарын бохирдлыг хэмжих боломжгүй гэсэн үг. Ерөөс ийм нөхцөлд бид бодит мэдээллийн тухай бодоод ч хэрэггүй байгаа биз.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад агаарын бохирдлын мэдээллийг иргэдээсээ нууж, статистик үзүүлэлтийг засахын оронд харин ч аюулын харанга, түгшүүрийн дохио болгон ашигладаг аж. Тухайлбал, БНСУ-ын Сөүл хотод агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс давбал иргэн бүрийн гар утсанд мэдэгдэл явуулж, төрөөс нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгон, хувийн автомашины хөдөлгөөнийг дугаараар хязгаарлах, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн ажиллах цагийг богиносгох зэрэг цогц арга хэмжээг шуурхай авдаг байна. Мөн Францад бохирдол ихэссэн өдрүүдэд хотын төв рүү насжилт өндөртэй автомашин нэвтрүү лэхийг хориглож, цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг бүх талаар дэмждэг бол Британид Ultra low emission zone буюу хэт бага ялгаруулалттай бүсийг тогтоож, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээс өндөр татвар авч, тэрхүү орлогоо агаарын чанарыг сайжруулах төсөлд зарцуулдаг гэнэ.
ИЛҮҮ ӨМХИЙ, ХУРЦ ҮНЭРТЭЙ БОЛОВ
Хэдийгээр хагас коксон түлш хэрэглэж, утааг буруулсан мэт харагдах ч үнэр нь илүү өмхий болсон тухай иргэд хэлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн гэр хорооллын 172 мянган өрх хагас коксон түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулна хэмээн албаныхан “попорч” байв. Харамсалтай нь, тэдний энэхүү өөдрөг амлалт ачир дээрээ үр дүнд хүрсэнгүй. Үндсэндээ утаа “шингэрсэн” мэт харагдавч агаарт агуулагдаж буй хүхэрлэг хий, хорт бодисын хэмжээ буурсан, эсэх талаар ямар ч мэдээлэл, судалгаа алга. Мөн хамгийн аюултай гэгддэг нарийн ширхэгт тоосонцор болох PM2.5-ын түвшин ч өндөр хэвээр. 2.5 микрометрээс жижиг энэ тоосонцор уушгины гүнд нэвтэрч, цусанд ордог бөгөөд хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, архаг өвчтэй хү мүүст халтай.
Агаарын бохирдол ийнхүү иргэдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчхээд байхад төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, суурин харуулуудын бодит мэдээлэл нь улсын нууц мэт хаалттай байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж буй хэрэг юм. Төрийн байгууллагууд статистик тоог “цэвэрхэн” харагдуулах гэж хэчнээн хичээлээ ч бидний уушги цэвэршихгүй нь тодорхой. Бодит байдлыг нуун дарагдуулах тусам сөрөг үр дагавар нь даамжирдаг жамтайг сануулах нь илүүц биз ээ.
Э.Сүйлэн