Үндэсний спортын VIII их наадмын хүрээнд Дархан-Уул аймагт болсон сорилго харваа, мөсөн сурын харвааны аварга шалгаруулах тэмцээнд долоон аймгийн харваачид оролцож, цуваа болон багийн төрөлд цэц сорив. Хоёр өдөр үргэлжилсэн эл тэмцээний цуваа харваанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хараатын мэргэд” клубийн харваач М.Нямтулга 19 оноогоор түрүүлж, аймгийн мэргэн цол хүртлээ. Түүнтэй түрүү байрын төлөө өрсөлдсөн Завханы Отгон сумын уугуул, Төв аймгийн Жаргалант сумын харьяат, “Дүнжингаравын мэргэд” багийн харваач Д.Отгонсүрэн 18 оноогоор удаалж, аймгийн бахлуур цолны болзол хангасан юм. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат “Цастын цэц” багийн тамир чин, мөсөн сурын улсын эрэмгий харваач Б.Баттулга 17 оноогоор хүрэл медалийн эзэн болов. Багийн төрөлд Сэлэнгэ аймгийн “Ханбуурагчин мэргэд”, Төв аймгийн “Дүнжингаравын мэргэд”, Дархан-Уул аймгийн I багийнхан эхний гурван байрт шалгарлаа.