Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас Монголыг дэлхийн хамгийн их цэвдэгтэй таван орны нэг болохыг онцлов. Гэвч уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр цэвдэгт газар нутгийн хэмжээ эрчимтэй хумигдаж байна. 1970-аад оны судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 хувьд нь цэвдэг тархсан байсан бол өдгөө энэ үзүүлэлт 29 хувь болон буурчээ. Өөрөөр хэлбэл, ердөө хагас зуун жилийн дотор цэвдэгт газрын хэмжээ хоёр дахин багассан гэсэн үг.
Манай орны хувьд цэвдэг нь Хангай, Хөвсгөл, Алтай, Хэнтийн уулархаг бүс болон уулс хоорондын томоохон хотос, хөндий газарт элбэг тохиолддог. Цэвдэг нь хоёр ба түүнээс дээш жил дараалан тэг градусаас доош температуртай хадгалагддаг хөрс, чулуулгийн давхарга бөгөөд газрын гүнд чийг, мөс агуулан оршиж, гадаргын усны эх бүрэлдэх, биологийн олон янз байдал амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэгч экосистемийн чухал хэсэг аж. Үүнээс гадна дулаан, чийгийн горимыг тэнцвэржүүлж, амьтан, ургамал, археологийн олдвор, булш бунхныг задралаас хамгаалж хадгалдаг “байгалийн хөргөгч” гэгддэг билээ.
Монгол орны ихэнх гол, горхи цэвдэгтэй газраас эх авдаг тул усны нөөцийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Тиймээс цэвдгийг хамгаалж буй байгалийн хүчин зүйлс болох ой мод, ургамлын бүрхэвч, хөвд, ус чийгийн тогтвортой нөхцөлийг доройтуулахгүй байх, бэлчээрийг зохистой ашиглах нь байгаль хамгаалалд нэн чухал ач холбогдолтой гэнэ.
Э.Сүйлэн