БНХАУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 58.6 сая тонн нүүрс импортолсон нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, тус улсын Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар өвлийн улиралд халаалтын эрэлт нэмэгдэж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан нөөц бүрдүүлэх шаардлага тулгарсан, дотоодын нүүрсний үнэ өссөн зэрэг нь импортын хэмжээ ийнхүү цойлоход нөлөөлсөн гэв. Индонез, Австрали, ОХУ зэрэг гол нийлүүлэгч орны хязгаарлалтаас шалтгаалан арваннэгдүгээр сард импортын хэмжээ буурсны дараах огцом сэргэлт энэ болсныг мөн тодотгосон байна.
Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын төмрийн хүдэр, түүхий эдийн импорт, гангийн экспорт ч түүхэн дээд түвшиндээ хүрснийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Ачаа тээвэр, бараа бүтээгдэхүүний зуучлалын үйлчилгээ үзүүлэгч “Freight investor services” компанийн шинжээч Пэй Хао энэ талаар “2025 онд төмрийн хүдрийн импорт хүчтэй байсан нь уул уурхайн компаниуд санхүүгийн байдлаа сайжруулахын тулд тээвэрлэлтээ түргэсгэснээс шалтгаалсан гэж хэлж болно. Мөн Хятадын гангийн үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа муугүй байсан нь төмрийн хүдрийн хэрэглээг дэмжжээ. Өндөр чанартай гангийн бүтээгдэхүүн нь жин багатай, бат бөх тул тээвэрлэлт нь тонноор хэмжигдэх нь хомс. Тиймээс энэ онд Хятадын гангийн экспорт буурах төлөвтэй” хэмээсэн аж.
Монгол Улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг нүүрсний экспорт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөс бүрдүүлдэг. Хятадын нүүрсний импортын хэмжээ өндөр байх нь манай улсын нүүрсний борлуулалт саатахгүй үргэлжлэх, төсөвт төвлөрсөн орлого тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ам.долларын урсгал сайжирч, төгрөгийн ханшийг тогтворжуулах давуу талтай байж болохыг эдийн засагчид онцлов. Гэхдээ эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос хэт хамааралтай байх нь дунд хугацаандаа эрсдэл дагуулж болзошгүйг сануулсаар буй юм.
Д.Хэрлэн