УИХ-ын дарга Н.Учрал ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нартай өчигдөр уулзав. Эдгээр нь бие даасан, хараат бус байгууллага хэдий ч төрийн хянан шалгах үүргийн хүрээнд хамтран, уялдаатай ажиллах учиртай тул ийнхүү уулзаж, санал бодлоо солилцож байна гэдгээ УИХ-ын дарга тодотгов. Инфляцыг хэрхэн бууруулах, иргэдэд хүндээр тусаж буй үнийн хөөрөгдлөөс яаж сэргийлэх тухайд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан аж. Тэд 16 багц арга хэмжээ авах тухай санал, дүгнэлт гаргаж, улмаар УИХ-ын тогтоол баталжээ. Уг тогтоолыг хамтран хэрэгжүүлэх талаар УИХ-ын дарга хэлж, Монголбанкны ерөнхийлөгч гарааны нөхцөл байдлаа тодорхойлохын тулд хүсэлт гаргаж, аудит хийлгэх нь зөв гэсэн санал тавив.
Монголбанкны ерөнхийлөгч томилогдоод сар ор чим болж буй. Тус банкны орон тоо 700-д хүрсэн, чиг үүргийн давхардал их, бүтээмж муу, 10 орчим их наяд төгрөгийн алдагдалтай байгааг С.Наранцогтыг томилогдох үед гишүүд сануулж, хамгийн түрүүнд бүтэц, зохион байгуулалтаа цэгцлэх зөвлөмж өгч байсан юм. Тэгвэл энэ бүхний суурь шалтгааныг судалж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажлын стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад дуусаж буйгаа тэрбээр ярив. Дотоод бүтцийн өөрчлөлтийг хоёр үе шаттай хийнэ, эхний “давлагааг” ирэх долоо хоногт эхлүүлнэ гэлээ. Мөн УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, Үндэсний аудитын газарт хүсэлт тавин, шалгалт хийлгэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
С.Магнайсүрэн ерөнхий аудитороор томилогдоод найман сар болж буй. Үндэсний аудитын газар энэ онд улсын хэмжээнд 52 сэдвийн хүрээнд аудит хийхээр төлөвлөгөө баталжээ. Мөн хуулийн хүрээнд УИХ-ын хянан шалгах чиг үүрэгт дэмжлэг үзүүлэх үүргийг тус байгууллага хүлээдэг. Тиймээс Монголбанкнаас аудит хийлгэх хүсэлт тавьбал хамтран ажиллахад бэлэн гэлээ.
С.Уул