Дижитал эриний хүүхдүүдэд ном унших нь яагаад “уйтгартай, залхуутай” мэт санагддагийг Боловсролын ерөнхий газар, “Уншигч” төрийн бус байгууллагаас дараах байдлаар тодорхойлжээ. Эргэн тойронд нь уншдаг, үлгэр жишээ хүн байдаггүй бол ном сонирхолтой гэдгийг тэд мэддэггүй. Уншихыг хүчээр тулган албадах, сонголт хийх боломж өгөхгүй байх, нас, сонирхолд нь нийцээгүй сэдэв, агуулгатай, хэтэрхий “урт” буюу зузаан ном сонгох, дүн авахын төлөө унших ёстой гэсэн өрөөсгөл хандлага зэрэг нь хүүхдүүдийг эл ертөнцөөс холдуулах наад захын шалтгаан болж буй аж. Иймд унших чадварыг хөгжүүлэх стратеги аргачлалуудыг эцэг, эх, асран хамгаалагч, багш, номын санчдад санал болгосон байна.
Энгийн аргуудаас нь сонирхуулахад, чанга уншлагыг туршиж болох нь. Суралцагчдыг хамтад нь суулгаж, хэн нэгнээр нь номыг чангаар уншуулахад бусад нь шимтэн сонсдог байна. Эл аргыг давтамжтай, тууштай хэрэгжүүлснээр хүүхдүүд номтой нөхөрлөдөг гэв. Мөн “чанга бодох” арга нь суралцагчдыг зохиол, эх бичвэртэй харилцахад сургах чухал хэрэгсэл болдог аж. Оролцоо сайтай уншигч “төрүүлэх”-ийн тулд хүүхдүүдийг зөвхөн үсэг холбож уншихаас илүүтэй агуулгыг нь тунгаан бодохыг зааж, түүнийгээ хэл яриагаар илэрхийлэхийг сургах юм. Түүнчлэн уншсан номынх нь дагуу чиглүүлэх асуултууд тавьж, төрсөн сэтгэгдлийг нь яриулах, зуруулах зэргээр бүтээлч үйл ажиллагааг нь дэмжсэнээр хүүхдүүдийг номд “хорхой”-той болгох боломжтой гэнэ.
М.Гэгээ