Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2011 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багтсан, “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулцаж, тус сонины сурвалжлагч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж асан Д.Заяабатын бүтээлийг хүргэж байна. Тэрбээр “Найзыгаа алчихлаа гэж айхдаа хөвчид дөрвөн жил шахам бүгсэн”, “Эсэргүү” Төмөр-Очирыг хэн егүүтгэв”, “Оросууд уу, эсвэл манайхан уу” эрэн сурвалжлах нийтлэлээрээ нэр дэвшиж, шилдэг аравт багтсан юм.
Хүү минь чи хар нялхаараа байна, энэ хөвчид хэдий болтол ингэж амьдрах вэ. Ерөөсөө тэр нутаг ус, найзынхаа нэрийг надад тодорхой хэлээдэх. Би нутаг руу чинь явж, энэ олон жил өнгөрөхөд юу болж вэ гэдгийг тандаад ирье гэсэн буриад өвгөний үг түүний нойрыг хулжаав. Бусад нь ч дүүрч, муу ээжтэйгээ нэг уулзчихаад тэр орон шоронд нь орсон ч яах вэ. За байз, өвгөнд нутаг усаа зааж өгөх үү, болих уу. Энэ олон жил итгэлийг минь алдаагүй юм сан. Арай ч бариад өгчихгүй байгаа хэмээн бодох зуур гэнэн томоогүй үеийнх нь тэр нэг үйл явдал нүднийх нь өмнүүр жирэлзэн өнгөрөв.
ЗУРМЫГ ЦАГААН ШАНААГААР НЬ БУУДВАЛ НАМ УНАДАГ ЮМ
А.Цэеэнпил Төв аймгийн Бүрэн сумын хүн. Айлын ганц хүү, аав нь багад нь бурхан болж, ээжтэйгээ хоёул амьдардаг байж. Тэднийх Бүрэнгийн нурууны Хайрхан ууланд нутагладаг. 1951 онд сумынхаа бага сургуульд орсон цагаасаа ангийнхаа Х.Цэдэвтэй нөхөрлөх болжээ. Дөрөвдүгээр ангийнх нь зуны амралтаар ангийн багш Цэрэндорж нь зурам агнуулахаар тэднийг хөдөө авч явснаас бүх зүйл эхэлсэн аж. Зурамны арьс бэлтгэх даалгавраа хийхээр явж буй нь тэр. Багш нь “ТОЗ-8” буутай, түүгээрээ нэлээд хэдэн зурам агнаад, үдийн хойно нэг айлд ирж амарцгаажээ.
Айлын гэрийн хаяа түшүүлж тавьсан бууг найз нь авч “Зурмыг хулхиар нь буудвал нам алдаг юм” гээд түүний чихэнд тулгаж байгаад “пан” гэж дуугарч үзүүлж. Тэгэхээр нь Цэеэнпил бууг авч найзынхаа завьжинд тулгаж байгаад “Цагаан шанаагаар нь буудвал илүү найдвартай” гээд гохыг нь дарчихаж. Буу цэнэгтэй байсныг тэдний хэн нь ч мэдсэнгүй. Буу ч тасхийгээд явчихаж. Найз нь гэдрэг харан унаж хамар, амнаас нь цустай хөөс цахарч байхыг харсан ч чухам юу болоод өнгөрснийг ойлгосонгүй. Хүүхдүүд шуугилдаж, томчууд эмнэлэг энэ тэр гэх ярианаар тэр юу хийснээ ухаарахтай болсон гэдэг.
Тэгээд “За, би дүүрчээ, найзыгаа алчихлаа. Одоо сэргийлэхийнхэн ирээд барьж аваад явна. Дүүрсэн хэрэг, ерөөсөө л зугтъя” гэдэг бодол орж ирэв. Тэр үед дөнгөж 13, 14 настай байсан аж. Тэгээд айлын уяан дээр байсан морийг зайдан унаад Монголын хөтлөөр даван Ар хөндий, Бэрхийн энгэрээр дамжин Туул овоотын гүүр гатлан Хустайн нуруунд гарлаа. Их хол явсан мэт санагдсан ч нутгаасаа лав гараагүй хэмээн бодож, харсан зүг рүүгээ явсаар байв. Аз болоход айлын уяан дээрээс унаж гарсан морь их сайн байж таарч. Гэсэн ч хэдэн өдөр явсан морь хүн хоёр сульдаж.
Өндөрширээт сумын Их ам гэдэг газарт нутаглаж байсан Чулуунбат хэмээх айлынд бууж хэд хоног амарсан аж. Гэрийн эзнийг муухан таньдаг. Түүнд учраа хэлбэл “За золиг минь чи ч том хэрэг тарьж дээ. Баригдахгүй бол аз чинь, баригдвал хоёулаа уулзаагүй шүү” гээд замын жаал жуул хүнс, дулаан хувцас өглөө. Тэдний гэрийн хананд өлгөөтэй байсан бууг шалсаар байж аваад цаашдын мөрөө хөөлөө. Хустайн нуруунд хэсэг амарч байгаад Батсүмбэр сумаар дайрч, замдаа бас нэг морьтой болоод авсан байна. Чухам хаана яваа нь бүү мэд, нутгаасаа гарснаасаа хойш лав сар шахам явчихаж. Замдаа таарсан нэг хүнээс асуувал “Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг” гэжээ.
БИ АХЫГАА ХАЙЖ ЯВНА
Уул хад, ойгоор явсаар Хэнтий аймгийн Дадал сумын арын их хөвчид хүрсэн тэрбээр хоол ундгүй өлсөж ядарсан ч шоронд сууснаас хавьгүй дээр хэмээн өөрийгөө зоригжуулсаар явжээ. Замын ганц нэг айлаар орно. Хаа хүрч явааг нь асуувал “Нутаг энүүхэнд, ахыгаа хайж явна. Энэ хавиар л нутагладаг гэсэн юм даа” гэж хэлдэг ганц хариутай. Ийм жаахан хүүхэд нэгнийгээ буудчихаад зугтаж явна гэж хүмүүс боддоггүй байсан гэнэ.
Хаана ч очсон цай хоол идүүлээд явуулдаг байж. Хөвчид очоод уулаар тэнэж яваад нэг багахан агуй олж, тэндээ суухаар болов. Авч явсан жаахан хүнс нь хэдийн дуусаж, хөвчид хүйтэрчээ. Ойр хавьд айл харагдахгүй, “Амьд гардаг болов уу” гэх бодол салахгүй. Ээжийгээ байнга санана. Ер ингэж байхаар уулнаас буудаг ч юм бил үү гэж хааяа бодно. Уулын нэг аманд байх горхиноос морьдоо услаад зогсож байтал ард нь чимээ гарчээ. Эргээд харвал анчин бололтой нэг хөгшин явж байв гэнэ.
Мань хүн ч яах вэ, өвгөнд нөгөө хэлдгээ л хэлж. Өвгөн хар цагаан дуугүй сонсож байснаа “Эндээс цааш хүн амьтан байхгүй, чиний эрэл мухардаж дээ. Цагийн эртэд ахтайгаа буцсан нь дээр байлгүй. Чи бараг хил дээр ирчихсэн байна” гэж ярьж байх юм гэнэ. Өвгөн ууланд гөрөөлж яваагаа хэлээд түүний оромжид хэд хоног саатахдаа түүнийг зугтаж явааг гадарласан байж. Хүү түүнд үнэнээ хэлбэл “За даа, би чамайг нэг тиймэрхүү нөхөр гэдгийг ч мэдсэн юм аа. Ийм бага хүүхэд байж, мөн зоригтой нөхөр юм даа. Өвгөн ахыг нь Цэрэндоржиев гэдэг.
Би гөрөөчин хүн. Энэ ууланд ан хийдэг, чамайг хааяа эргэж тойрч байна аа. Ахаасаа айлтгүй” гээд авч явсан ангийн мах, цай, давс, тогоо, шанага, хэдэн сум илүүчлээд явжээ. Хэд хоногийн дараа нөгөө өвгөн өөрийнхөө үеийн бас нэг хүнийг дагуулан ууланд ирж ан хийхдээ түүний агуйд отогложээ. Ирэхдээ түүнд ойр зуурын хэрэгцээт зүйл, бараг нэг шуудай боорцог, анд дагуулж явдаг нохойгоо авчирч өгсөн байна.
Өвгөний найзыг Батаа гэх. Тэд сүүлдээ тогтмол уулздаг газар, цагтай болсон аж. Тэрбээр уулнаас бууж ирэхдээ ангийн мах, борц, арьс авчирна. Нөгөө хоёр гурил, будаа, хувцас хунар өгнө. Өвгөн анчид түүний оромжийг буга, баавгайн арьсаар битүү доторлож өгсөн тул дүн өвлөөр нүцгэн суусан ч даарахын зовлон байхгүй.
Ийн амьдарсаар нэг л мэдэхэд гурван жил гаруй болжээ. Агуйн гадна нь амьтан явж, нохой хуцах чимээнээр тэр нутгаасаа гарсан, хөвчид ирсэн бодлоо орхилоо. Гараад харвал хэдэн буга согоог чоно эргүүлдэж байна гэнэ. Түүнээс айж цочсон шинж алга. Өдөр бүр шахам хардаг зүйл тул тэрбээр буу руугаа ухасхийсэнгүй. Агуйдаа буцан орлоо. Ууланд олон жил болсон түүнээс амьтан үргэхээ больж, сүүлдээ бидний л нэг хэмээн хардаг болсон аж.
НАЙЗ ЧИНЬ АМЬД, САЙН БАЙНА
Дээрх түүхийг хүүрнэсэн А.Цэеэнпил гуай одоо 70 гарчээ. Тэрбээр ганц хүүтэй. Хүү нь АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байна. Хар нялхаараа шахам ууланд бүгэн амьдарч байсан түүнтэй ярилцлаа.
-Та тэгээд нутаг усаа нөгөө буриад өвгөнд хэлж өгөв үү?
- Хэд хоног бодлоо. Тэгээд алийн болгон ингэж явах вэ. Ядаж муу ээждээ амьд мэнд яваагаа нэг дуулгая гэж шийдсэн. Хоёр өвгөнийг ирэхэд нь хэллээ дээ. Нутаг усаа ч заалаа.
Ээжийнхээ, найзынхаа нэр ус, нутагладаг газар гээд бүгдийг хэлсэн. Өвгөн “Унаа унаш тааруулж байгаад нэг явж ирнэ ээ” гэж байна. Түүнээс хойш сар гаруй боллоо. Батаа гуай ирнэ. “Ямар ч гэсэн нутаг руу чинь явсан, өдийд ирэх болсон л баймаар юм” гэхээс өөр сураг байдаггүй. Гэтэл нэг өдөр хоёр өвгөн бөөн баяр болсооор ороод ирлээ.
Тэгээд “Чи ч азтай золиг юм даа. Найз чинь амьд, сайн байна. Одоо уулнаасаа буу, нутаг руугаа яв” гэдэг байгаа.
-Түүнээс илүү сайхан мэдээ гэж юу байх вэ. Бараг л тэр өдрөө буцав уу?
-Баярлалгүй яах вэ. Гэхдээ тэрхэн зуур “Энэ хоёр ер нь намайг сэргийлэхэд барьж өгөх гэж байгаа юм биш байгаа” гэх бодол төрж байна шүү. Хүн гэдэг тийм л муухай амьтан хойно, олон жил хоол ундаа зөөлгөсөн хэрнээ хар буугаад болдоггүй. Тэгээд шалгалаа. Манай нутаг ямархуу газар байна, манайх хаагуур нутаглаж байна. Манай ээж, буудуулсан найз маань ямархуу царай зүстэй хүн байна вэ гээд бүгдийг асуулаа. Хоёр өвгөн миний хардаж байгааг мэдэж байна аа. Зүүдэндээ хардаг нутгийг минь дэргэд аваад ирсэн юм шиг л ярьж байна. Тэгээд “Ямар ч гэсэн нутгаар минь орж, ээжтэй минь уулзсан байна” гэж үнэмшсэн. Хашир хөгшин намайг итгэхгүй гэж мэдээд найзын минь зургийг хүртэл аваад ирж. Ингээд хэд хоногоос уулнаасаа буусан даа.
-Олон жил ууланд ганцаараа амьдарч байсан хүнд айх цочих юм бишгүй нэг гарч байв уу?
-Юунаасаа айх вэ. Чоно, баавгай гээд амьтадтай нэг дор амьдарч байгаа юм чинь сүүлдээ бие биенээсээ үргэж цочихоо ч больсон. Миний амьдардаг агуйн хажууд л явж байна шүү дээ. Тиймээс би зогсож байгаа амьтан руу буу шагайж чадахаа больчихсон байсан. Заавал зугтаалгаж байж агнана.
Харайсан амьтныг алдана гэж байхгүй, мэргэн бууддаг байлаа. Харин нэг удаа их айсан юм байна. Агуйдаа хэвтэж байтал үс, сахалдаа баригдсан хоёр орос хүн ороод ирлээ. Цочсон гэж жигтэйхэн. Буу руугаа ухасхийтэл хэрэггүй гэж байгаа бололтой дохиод байна. Тэгснээ идэх уух юм байна уу гэж байгаа бололтой, ам руугаа заалаа. Тогоо тавиад цай, ангийн мах чанаж өглөө. Нэлээд өлсөж, ядарсан бололтой юм. Тэгээд идэж идэж аваад унтаад өгдөг юм байна. Толгой тавиад хурхирч гарлаа.
-Юун хүмүүс юм бол, буу зэвсэг байгаагүй хэрэг үү?
-Буу байна аа. Бараг өвч зэвсэглэсэн. Миний хараагүй том том буутай юм. Тэд их эвгүй царайтай хүмүүс байсан. Би шөнөжингөө буугаа тэвэрч, нойргүй хонолоо. Нөгөө хоёр маргааш нь үд болтол унтаад бослоо. Босоход нь цай хоол бэлэн болгочихсон байсан. Тэд бас л их идэж байна. Хоорондоо юм яриад л байх юм. Би хэлийг нь ойлгох биш. Толгой дохиод л сууж байлаа. “Чи ийм жаахан байж энд юу хийж байгаа юм бэ, айхгүй байна уу” гэж байгааг нь дохио зангаагаар ойлголоо. Тэгээд нөгөө оросууд чинь надтай хамт хоёр хоносон.
Явахдаа богцоо задалж лаазтай загас, жигнэсэн мах, чихэр, баахан сум өгсөн. Би хариуд нь ангийн борц, мах өгсөн юмдаг. Тэгж л нэг айсан. Харин надаас айсан хоёр хүн бий. Ууланд гөрөөлж яваад хоёр залуутай халз тулгарчихлаа. Зогтусан харж байснаа хамаг юмаа хаяад, мордоод зугтдаг байгаа. Буцаад ирэх байх гээд жаахан хүлээсэн. Тэр чигтээ явсан байна лээ. Тэгээд манай нэг өвгөнийд бууж “Ууланд явж байгаад зэрлэг хүнтэй таараад, арай хийж амь гарлаа” гээд их сүржин юм ярьсан гэдгийг надад сүүлд хэлсэн. Манай хүн “Харин нэг тийм амьтан үе үе харагдаад байх болсон тухай хүмүүс ярьж байсан. Үнэн байх нь” гээд өнгөрсөн гэсэн.
ТА ХОЁР ИЙМ Л ТАВИЛАНТАЙ БАЙЖ, НАСААРАА НӨХӨРЛӨЖ ЯВ
-За тэгээд уулнаасаа бууж, нутагтаа яаж очив доо?
-Хаврын сүүл, зуны эхэн сар л гарч байсан байх. Агуй доторхоо янзалчихаад хоёр морио аваад буулаа. Замдаа хоёр хөгшнийхөөр бууж царай зүсээ янзлан, нэг нэг хоноод явсан. Цэрэндоржиев гуай “Манай сумын төлөөлөгч энэ хавиар явж байгаа сурагтай, уулзаад явахгүй юм уу” гэж байна. Би “Юу хийх вэ дээ. Та хоёрыг хүн нуусан хэрэгт хийчих ч юм бил үү.
Нутагтаа харьж байгаад сэргийлэхэд очно” гэлээ. Хөгшин “Тэр нь ч зөв байх даа” гэж байна. Ингээд Багануураар дамжаад Төв аймаг орлоо. Авга ахынхаараа түрүүлж буулаа. Таньдаггүй ээ. Намайг үхсэн байх гэж ярьдаг байсан гэнэ. Ахаасаа ээж, найзынхаа сургийг гаргаад шуудангийн машинаар Бүрэн рүүгээ хүрлээ. Ээждээ шууд яваад орж болдоггүй, нэг ахаараа хэл дуулгуулж байж буулаа даа. Ээж минь ухаан нь орж гарч байж намайг мөн гэдэгт нэг юм итгэсэн.
-Цагдаад хэдийд нь очив?
-Өө бодож байснаас тэс өөр юм болсон. Сэргийлэхэд очих шаардлагагүй болсон байж. Төв сэргийлэхэд байдаг нэг ахаараа асуулгалаа даа. Тэгсэн “Хохирогчид ямар ч гомдолгүй гэсэн. Манайх хэргийг нь хаасан” гэж хэлсэн гэсэн.
-Тэгээд найзтайгаа яаж уулзав даа?
-Миний нагац Цэдэндамбаа гэж бөх хүн байлаа, одоо ч нутагтаа амьд сэрүүн бий. Найзын маань ах, сумын нарийн бичгийн дарга Дугартай ярьж байгаад биднийг уулзуулсан. Х.Цэдэв сумын бага сургуулиа төгсөөд Өнжүүлийн дунд сургуулийн наймдугаар ангийн зуны амралтаараа ирсэн байж. Тэднийхийг Түмээн тал булаг гэдэг газарт зусаж байхад нь очсон юмдаг. Найзын маань аавыг Хаянхярваа гэдэг, их сайхан нуруутай хүн байсан юм. “Та хоёр ийм л тавилантай байж. Бие биедээ хар буруу санах юм байж болохгүй, насан туршдаа нөхөрлөж яв” гэж хэлсэн. Түүнээс хойш бид хоёр үй зайгүй найзууд болж, хамтдаа өтөлж явна даа.
-Найз чинь одоо хаана байгаа вэ?
-Х.Цэдэв маань дунд сургуулиа төгсөөд дээд сургуульд орсон. Ховдын багшийн дээд сургуульд насаараа багшилсан. Доктор, профессор болж, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Удахгүй хотод шилжин ирэх гэж байгаа. Тэгвэл хоёр хөгшин бүр салахаа болих байлгүй. Өнгөрсөн жил Бүрэн сумын сургуулийн ой болоод манай ангийн амьд байгаа хэд уулзсан. Сайхан байсан шүү.
-Бараг шанаанд нь тулгаад буудаж байхад амьд үлдэнэ гэдэг мөн аз шүү?
-Харин тийм ээ. Сум амны хөндийгөөр нь яваад хүзүүнд нь хүрээд тогтсон байсан гэнэ лээ. Сум, аймгийн эмнэлгээр дамжаад Улаанбаатарт ирж эмчлүүлсэн гэсэн. Эмч нар азтайг нь гайхаж “Сумны хошуу нэг мм хазайсан бол амиа алдах байсан” гэж хэлж байсан гэдэг. Тэгээд мэс засал хийх шаардлагагүй ээ, сумны хошууг нь авбал аюултай гэж хэлсэн юм гэсэн.
-Та тэгээд юу хийж байв даа?
-Цэрэгт явсан. Бие хаа томтой, зүс царай сайхан байлгүй яахав. Төв аймгаас 500 гаруй залууг цэрэгт татаж, Хүндэт харуулын ангид гурван хүн авсны нэг би байлаа. Халагдсаныхаа дараа хамаатныхаа тусламжаар Төв сэргийлэхийн Шуурхай албанд орсон. Хаана ноцтой хэрэг гарна, тийшээ хамгийн түрүүнд явдаг. Жирийн цагдаагаас дэслэгч цолтой, офицер хүртэл дэвшин ажиллаж байв шүү дээ. Тэгээд халагдсан.
-Таныг Ланжуу гэх юм билээ. Ямар учиртай юм бэ?
-Тэр их учиртай. Цагдаад ажиллаж байхад “сайн эрчүүдийн” өгсөн хоч. Би ер нь жаахан сахилгагүй байсан. Болохгүй бол цохиод л унагачихдаг. Эрүүгийнхэнтэй нэлээд найз. Тэдний зарим нь одоо хүртэл цагаан сараар ирж золгодог юм.
Д.Заяабат