Лондон хотноо хувцас загварын “Sourse fashion-2026” олон улсын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон уг арга хэмжээнд 25 улсын 250 гаруй үйлдвэр, мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 3200 орчим компани, худалдааны газрын төлөөлөгч оролцсон аж. Тэгвэл уг үзэсгэлэн, худалдаанд манай улсаас “Ханбогд Кашимер” компанийнхан ноос, ноолууран бүтээгдэхүүнээ танилцуулсныг Монголын ноос, ноолуурын холбооноос мэдээллээ. Жил бүр зохиогддог “Sourse fashion” арга хэмжээ нь үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэлтийн сүлжээний төлөөлөл, загвар зохион бүтээгчид, брэндүүд, худалдан авагчдыг нэг дор цуглуулдгаараа онцлог аж. Мөн хувцасны чиг хандлагыг илэрхийлсэн загваруудыг толилуулдаг юм байна.
Ташрамд дурдахад, манай улс жилд 10 000 гаруй тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийд урд хөршийн дараа орох үзүүлэлт билээ. Түүнчлэн 30 000 гаруй тонн ноос бэлтгэдэг. Ноос, ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт 94 000 орчим компани үйл ажиллагаа явуулж байна.
С.Дулам