БНСУ технологийн салбарт шинэ жишиг тогтоож, хиймэл оюуныг аюулгүй ашиглах тухай цогц хуулийг хэрэгжүүлж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо. Тус улсын баталсан Хиймэл оюуныг хөгжүүлэх ба итгэлцлийн суурийг бүрдүүлэх тухай суурь хууль нь олон салангид дүрэм журмын эмхэтгэл бус, харин бие даасан нэгдсэн зохицуулалт гэдгээрээ онцлог юм. Уг баримт бичигт технологийн компаниудын дагаж мөрдөх ёстой эрх зүйн хэм хэмжээ, дэвшилтэт загваруудад тавих шаардлага болон хууль зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийг ч нарийвчлан тусгажээ. Тухайлбал, хиймэл оюунаар бүтээсэн контент бүр тусгай тэмдэглэгээтэй байх бөгөөд технологийн компаниуд үйлчилгээгээ уг системд суурилсныг хэрэглэгчдэд урьдчилан анхааруулж, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцахаар заасан байна. Мөн хуулийн этгээдүүд болон хөгжүүлэгчид AI ашиглан хуурамч дүрс бичлэг үйлдэх, ташаа мэдээлэл түгээхтэй холбоотой асуудалд өндөр хариуцлага хүлээлгэхээр болжээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын эрх баригчид ийм төрлийн зөрчлийг биечлэн шалгах эрхтэй болсон бөгөөд хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд тухайн байгууллагын жилийн орлогын гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний воноор торгох заалт оруулсан аж.