- “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дахин нэг зуух цоорчээ -
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дөрөвдүгээр зуух эвдрэлийн улмаас энэ сарын 20-ны өдөр ажиллагаагүй болж, нийслэл Улаанбаатар хот даяар, мөн зарим орон нутагт цахилгааныг хэсэгчлэн хязгаарласан “адал явдалтай” өдрүүд арайхийн ард үлдэв үү гэтэл дахиад нэг зуух нь өчигдөр цоорчхов. Станцад гарсан гэмтэл, саатлыг шуурхай засварлаж дууссан инженер, техникийн ажилтнуудыг Ерөнхий сайд сайшаан, шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдэхтэй зэрэгцээд ээлжит явдал тохиосон юм.
Дөнөн үхрийн эвэр хуга хөлддөг дүн өвлийн хүйтэнд нийслэлчүүд ийнхүү ээлжит хязгаарлалтдаа дахин “хоригдож”, эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд давхар өртөх нь. Хөргөгч, зурагт, зуух гэх мэт цахилгаан хэрэгсэл нь шатсан, паар нь задарч ус алдсан, бохир нь хальсан, цахилгаан шатанд гацсан иргэд хаашаа хандахаа мэдэхгүй, үл мэдэх тодорхойгүй нөхцөлд байгаа нь хамгийн их бухимдал төрүүлж буй. “Гэнэтийнхэн” гэдэг овогтой болтлоо л монголчууд бид гэнэт цахилгаан тасарвал хэрхэх талаар өөрсөд дээрээ бодит жишээгээр хур туршлага хуримтлуулж, хүн бүр ур ухаан, хурд, хүч, авхаалж самбаа, шандас шөрмөсөө сорин, чадах чинээгээрээ нөхцөл байдлыг даван туулсаар байна.

МЭДЭЭЛЭЛГҮЙ, ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛАВ
Холбогдох байгууллагаас гаргасан төлөвлөгөөт хуваарийнхаа дагуу бус, гэнэт гэнэт цахилгаан тасалж, хэзээ ирэх нь тодорхойгүй “ток”-ийг харуулдсан харанхуй, хүйтэн энэ өдрүүд манайханд ямар сургамж өгч буйг дүгнээд нэг харцгаая. ДЦС IV-ийн доголдол бүхэл бүтэн 1.6 сая хүн амтай хотын амьдралын хэмнэлийг зогсоож, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг доголдуулж, айл өрх, иргэдийг эрсдэлд оруулж, тэвчээрийг нь барж байна. Хөхөө өвлийн хүйтэнд цахилгаангүй, дулаангүй болох нь зөвхөн тав тухын тухай асуудал биш, харин олон хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой хэрэг учраас ийм нөхцөлд төрөөс зайлшгүй зохицуулах ёстой тусламж, үйлчилгээ гэж бий. Томоохон эмнэлэг, амаржих газрууд нөөц генератортой ч боловсролын байгууллагуудаас эхлээд бүгд тийм биш. Орон сууц, нийтийн зориулалттай барилгуудын цахилгаан шат, ус шахах насос, халаалтын системийг тусдаа нөөц тэжээлтэй болгох, галын аюулгүй байдлын системүүдийг цахилгаангүй үед ч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, инженерийн шугам сүлжээг хөлдөлтөөс хамгаалах онцгой горимын тохируулгатай байлгах гээд төрийн хариуцах ажил үүрэг бишгүй их. Дээрээ харж хандах төр засагтай, дэргэдээ ажил хариуцсан алба хаагчидтай улс орны иргэд байтал энэ өдрүүдэд гэнэт цахилгаан тасраад цахилгаан шат гацвал хаашаа хандах, ямар дугаар луу залгах, өндөр хүчдэлийн үелзлийн улмаас паар нь задарвал, ус алдвал, цахилгаан хэрэгсэл нь шатвал хэнд гомдол, саналаа хэлэхээ мэдэхгүй байгаа нь гунигтай.
Эрчим хүчний төвлөрсөн системтэй манай орны хувьд ачааны хүндийг үүрдэг гол станцын гэмтэл, доголдол нь байдаг л нэг техникийн осол төдий зүйл биш юм. Энэ бол инээд ханиад болгоод өнгөрөх зүйл бус, монгол төрийн аппарат хэрхэн ажиллаж буйг ил чилсэн, хариуцлага хаана эхэлж, хаана дуусдаг вэ гэдэг асуултыг дахин сөхөж тавьсан бодит сорилт боллоо. Шөнөдөө -35 хэм давж хүйтэрсэн хайруу өвлөөр цахилгаан, дулаангүй болж, тэвдэж сандарсан иргэдийнхээ өмнө тодорхой шийдэл ярьж, хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд нь гэтэл бурууг бусад руу түлхэж, “надад хамаагүй” гэх хандлагаа илтэд илэрхийлсээр байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гэж 80 гаруй мянган дагагчтай фэйсбүүк хуудас нь хүртэл иргэд яаралтай гомдол, саналаа илэрхийлэх ганц утасны дугаар ч тавиагүй байх жишээтэй. Манайхны хэлж заншсанаар Орон сууцын төв контор буюу Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын цахим хаяг дээрх 70111761 гэдэг дугаар луу иргэд, олон нийт хэдэнтээ залгаад ч авдаггүй, их л завгүй хүмүүс байдаг бололтой. Ядаж 14 мянган дагагчтай байгууллагынхаа пэйж хуудсаар иргэдэд хариу өгдөг байгаасай.
“Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын инженер “Саяын цахилгаан хязгаарласан өдрүүдэд лифтэнд гацсан гэдэг дуудлага манайд маш олон ирсэн. Гэхдээ бид гэрээтэй 68 байгууллагынхаа 200 гаруй ашиглагч дадаа нэн түрүүнд тусламж үзүүлэх үүрэгтэй. Гурван ч цахилгаан шат хүчдэлийн хэлбэлзлээс болж шатсаныг засаж байгаа. Иргэд лифтэнд гацсан тохиолдолд нэн түрүүнд СӨХ, орон сууцын контор, лифтчин рүү залгаж тусламж авах хэрэгтэй. Цахилгаан шатны хананд лифт чин болон СӨХ-той холбоо барих дугаарыг заавал байршуулах ёстой байдаг. Үүнийг оршин суугчид СӨХ-доосоо шаардах хэрэгтэй” хэмээн зөвлөснийг сануулъя.
ХОТЫНХОО АСУУДЛААС ЗУГТСАН МЭЭР
“Ковид-19” халдварт цар тахлын үед манай төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо ямар сул, удирдлагуудын зохион байгуулалт, арга барил нь хэчнээн хоцрогдсон, төрийн алба хаагчдын хандлага, хариуцлага, бүтээмж гээч зүйл “нойл” заасан, ерөөс Монголд гамшгийн үеийн бэлэн байдлын менежмент гэдэг ойлголт огт хэвшээгүй, бүрэлдээгүйг хангалттай илчилсэн. Энэ өвлийн цахилгаан эрчим хүч ний хязгаарлалтын сорилтоос ч өнөөх л алба хаагчид нь хариуцлагаас зугтдаг, иргэд нь тодорхойгүй байдал дунд төөрөлдсөн, түгшсэн, бухимдсан явдал илэрхий харагдлаа. Салбарын сайд нь өмнөх рүүгээ заана, хотын удирдлагууд нь төв Засгийн газар руугаа асуудлыг чиглүү лээд хаяна, холбогдох эрх бүхий байгууллагууд нь “техникийн шалтгаан” гэдэг албан үгээр ам таглана. Дунд нь айл өрх, албан байгууллагууд цахилгаан, дулаангүй зутарч суудаг.
Цахилгаан, дулаангүй, хамгийн гол нь мэдээлэлгүйн улмаас нийслэл Улаанбаатар хотынхны амьдрал автозам дээрх түгжрэл шигээ хэзээ ч “тэг зогсолт” хийж мэдэхээр байхад манай мээр усанд хаясан чулуу шиг таг болсон. Олон нийтээс өөр лүү нь шидсэн “чулуу” болгоныг бүртгэн тоолж, хариу нүүлгэн байлдаж тоглодог Х.Нямбаатар дарга энэ сарын 21-нд автобусны шинэчлэл гэж ярьснаасаа хойш “окобонд” нуугдаад, төв Засгийн газрынхнаас энэ асуудалд хэн нь хариуцлага хүлээхийг битүүхэн тандаж суугаа. Угтаа хотын инженерийн дэд бүтцийн хэвийн ажиллагаа, онцгой нөхцөлд иргэдийг хамгаалах зохицуулалт, мэдээллийн шуурхай, ил тод байдал, түр хоргодох байр, нийтийн аюулгүй байдлын арга хэмжээ авах зэрэг нь нийслэлийн Засаг даргын эрх, үүрэгт багтдаг.
Цөөнгүй хоног үргэлжилсэн, цаашид хэр удахыг ч таашгүй эрчим хүчний саатлаас үүдэлтэй орон сууцын дулаан хангамж, цэвэр, бохир усны шугам хоолойн аюулгүй, найдвартай ажиллагаа, цахилгаан шатны ашиглалт, шаардлагатай тохиолдолд иргэдийг түр хоргодох байраар хангахаас эхлээд онцгой нөхцөл байдалд бүх талын үнэн бодит мэдээллийг нийслэлчүүдэд хүргэх асуудал ч нийслэлийн удирдлагын шууд хариуцах үүрэгт ажил нь юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт болж буй томоохон хэмжээний энэ мэт хямралд хотын удирдлагууд хариуцлага хүлээхгүй, хөндлөнгөөс ажиглагчийн байр сууринаас хараад суудаг байж таарахгүй.
“ЦАХИЛГААНЫ ХЭЛБЭЛЗЛЭЭС ҮҮДСЭН ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ”
Салбараа болон ажил хариуцсан албан тушаалтнууд нь бие бие рүүгээ бурууг бухаж байхад эрчим хүчний хязгаарлалттай холбоотой янз бүрийн мэдээлэл нийгмийн сүлжээнд түгсээр байна. Тухайлбал, эрчим хүчний хэлбэлзлээс болж цахилгаан хэрэгсэл нь шатаж, хохирсон айл өрх, иргэд олон байгаа учраас үүнтэй холбоотой асуудлаар хуульч О.Батхүү өөрийн цахим хуудсанд мэдээлэл өгчээ. Тэрбээр “Бид цахилгаан хэрэглэхдээ УБЦТС ТӨХК-тай цаанаас баталсан загварын дагуу гэрээ хийдэг. Цахилгааны төлбөрөө тушаахдаа хийдэг код бол таны гэрээний дугаар юм. Цаанаас нийлүүлж байгаа эрчим хүчний хэлбэлзлээс болж цахилгаан хэрэгсэл тань шатсан бол УБЦТС компани хариуцна гэж гэрээнд заасан байдаг. Тиймээс энэ асуудлаар 24 цагийн дотор харьяа дүүргийнхээ Цахилгаан түгээх сүлжээний байгууллагад утсаар бүртгүүлээд, дараа нь өөрийн биеэр очиж, өргөдөл өгнө. Хэрэв амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөр өгч болно. Үү нээс хойш гурав хоногт албаны хүн ирж, газар дээр нь үзлэг хийнэ. Ингээд түгээх сүлжээний буруу болох нь тогтоогдвол засах буюу сольж өгнө. Боломжгүй бол мөнгийг нь төлөх ёстой байдаг. Анхааруулж хэлэхэд, гэрээгээ заавал бичгээр үйлд гэж шаарддаг тул журмынх нь дагуу хийгээд хохирсон бол хохирлоо нэхэмжлээрэй” хэмээн зөвлөснийг дуулгая. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас эрх бүхий байгууллага цахилгаан ойр ойрхон хязгаарлаж буй нь хэрэглэгчдээс өөрсдөөс нь шалтгаалаагүй нөхцөл байдал учраас энэ нь боломжтой юм.
ХАРИУЦЛАГААС БУЛТСАН САЙД
Эрчим хүчний сайдаар улиран ажиллаж буй Б.Чойжилсүрэн асуудалд бодитой хандаж, үүргээ ухамсарлан, хариуцлага хүлээхийн оронд өмнөх сайд, удирдлагуудын алдаа дутагдлыг цоллож, өнөөдрийн нөхцөл байдлыг тэдний “өв” мэт тайлбарласан. Мэдээж манай улсын эрчим хүчний салбарын асуудал олон жилийн турш хуримтлагдсан нь үнэн хэдий ч өнөөгийн сайд 2022 онд томилогдсоноосоо хойш салбарынхаа бодит байдал, эрсдэлийг бүхэлд нь харж, үнэлэлт дүгнэлтээ хийгээд, тодорхой санал шийдлийг зоригтой дэвшүүлж, лообийдоод зүтгүүлэх хэмжээний хугацаа ч, эрх мэдэл ч, нэр нөлөө ч түүнд бий шүү дээ. Салбарын тасралтгүй ажиллагааг хангах, эрсдэлийг урьдчилан тооцоолох, онцгой нөхцөлд шуурхай удирдлагаар хангах зэрэг нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, салбарын бодлогын баримт бичгүүдэд тодорхой тусгасан эрчим хүчний асуудал эрхэлсэн сайдын үүрэг билээ. Түүнээс биш сайдын “Өмнөх хү мүүсийн буруу” гэдэг тайлбар идэр есийн хүйтэнд иргэдийг дулаацуулахгүй, цахилгаан станцын гэмтлийг засаж бүр ч чадахгүй.
Цахилгаан, дулаан бол намчирхдаг, улс төрийн маргааны сэдэв биш. Удаа дараагийн доголдол, ослоос хаана хаанаа бид сургамж авах хэрэгтэй байна. Засгийн газар ч, хот ч манай, танай гэхгүй, асуудлаа бодитоор харж, аюул эрсдэлийг өнөө хүлээн хүлээн зөвшөөрөхгүй бол хуучин станцын зуухнуудын удаа дараагийн доголдол илүү том хямрал руу хөтлөх нь гарцаагүй. Гай газар дороос гэдэг шиг Монголын тэсгим өвлөөр станц доголддог нь гэнэт тохиолдсон гамшиг биш, “товлогдсон” сорилт билээ. Хэн буруутайг тогтоохоор маргаж мэтгэлцэх хугацааг өвөл бидэнд өгөхгүй. Бодит үйлдэл, алсын хараатай зөв бодлого нэхсэн цагийн тоолуур гүйсээр байна.
Л.Аргамжин