Төрийн өмчийн хувьчлалын хоёр дахь давлагаа эхлэх гээд дуншиж байна. Тодруулбал, манай Засгийн газрын мэдлийн, эргэлтийн болон үл хөдлөх хөрөнгө нь 60 орчим их наяд төгрөгөөр үнэлэгдэх 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, уурхай, үйлдвэрийн газрыг үе шаттайгаар хувьчлахаар болсон. Эл асуудалд анхаарлаа хандуулж буй иргэн, компани, хөрөнгө оруулагч олон байгаа нь дамжиггүй. Хувьчлал яаж явагдах, иргэд болон төрийн оролцоог хэрхэн хангах вэ гэдэг нь чухал. 1990-ээд оноос эхлүүлсэн өмч хувьчлалын анхны давлагаа шиг төр өмчөө “тавиад туу чих” юм биш биз. Мэдээлэлд ойр хүмүүс нь “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “ДЦС-IV”, МИАТ зэрэг чухал объектыг хувааж авчхаад гал алдуулах, нислэгийн үнийг хөөрөгдөх, улмаар иргэ д болоод улсад ашиггүй нөхцөл үүсгэвэл яах вэ гэсэн болгоомжлол, хардалт байгаа юм.
Нөгөөтээгүүр, өдгөө үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд, үйлдвэрүүд нь ашиггүй ажилладаг, хур өр үүсгэдэг, засаглалын хямралтай, авлига болон ашиг сонирхлын зөрчил нүүрлэдэг зэрэг цөөнгүй асуудалтай. Тэгвэл “алтан хувьцаа”-ны буюу олон улсынхаар “Golden share” зарчмаар төр өмчдөө оролцоогоо хангах, чухал объектууд, компаниудад нөлөөгөө хадгалах, шийдвэр гаргалцах зохицуулалт бий. Үүнийг манайд хэрэгжүүлэх боломж байна уу, мэргэжилтнээс, төрийн албаны төлөөллөөс тодруулъя.
“АЛТАН ХУВЬЦАА” ХЭМЭЭХ ТУСГАЙ ЭРХИЙН ТАЛААР
“Алтан хувьцаа” гэдэг нь олон улсын практикт, ялангуяа стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг хувьчлахад өргөн ашигладаг тусгай эрх юм. Энэ нь хувьцааны тоо хэмжээнээс үл хамааран компанийн үйл ажиллагаа буюу төлөөлөн удирдах зөвлөл болоод гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг (veto) тавих эрх аж. Хоригийг тухайн компанийн эзэмшигч солигдох, гадаад эзэмшигчид зарагдах, татан буугдах болон үйл ажиллагааных нь үндсэн чиглэл өөрчлөгдөхөд тавьдаг аж. Өөрөөр хэлбэл, төр хувьцаа эзэмшихгүй, гэхдээ улсынхаа эрх ашгийг хамгаалах бүрэн эрхтэй гэсэн үг. “Алтан хувьцаа”-г олон улсад ихэвчлэн газрын тос, эрчим хүч, агаарын тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, төмөр зам болон стратегийн дэд бүтцийн салбарт өргөн ашигладаг юм байна. Манай улсын хувьд эл зарчмыг ашиглах бүрэн боломжтой, бүр шаардлагатай ч байж болох нь. Энгийн жишээ татахад, цахилгаан станцуудыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид дараа нь станцаа буулгах, хүчин чадлыг нь багасгах, мөн оронд нь орон сууц барих гэвэл төр зөвшөөрөхгүй байх харилцаа гэдгийг Монголын үнэт цаасны холбооны удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат хэллээ. Тэрбээр “Бид айдасгүйгээр хувьчлалын хоёрдугаар давлагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Үүнийг хийхэд төр өмчөө өгсөн ч жолоог нь атгах боломжтой хувилбар буюу “алтан хувьцаа”-ны зарчим баримталбал зохино. Энэ нь төр бизнес эрхлэгч биш харин зохицуулагч байх ёстой гэсэн л санаа. Гэхдээ үргэлж алтан хувьцаатай байна гэвэл бас буруу. Тодорхой хугацаанд хувьцаа эзэмшээд тухайн компанийн үйл ажиллагаа сайжирч, тогтворжин, санхүүгийн нөхцөл нь ил тод болсны дараа алтан хувьцаанаас татгалзаж болно. Үүнээс гадна төрийн өмчит компанийн үйл ажиллагаанаас хамаарч стратегийн хөрөнгө оруулагчдад 10-аас дээш хувийг нь санал болгон өгч байж манлайлал үүснэ, компанийн засаглал, бүтээмж сайжирна. Түүнээс 3.6 сая иргэнд төрийн өмчөөс тэнцүү хувааж өгнө гэвэл хувьчлал үр дүнгүй болж, өөрчлөлт шинэчлэлт гарахгүй. Төрийн өмчит компанийн хувьчлалаар иргэн бүр хувьцаа эзэмшинэ, эсвэл төр мэдлийнхээ үнэт цаасыг борлуулж, ашиг олно гэхээс илүүтэй мэргэжлийн удирдлагаар хангах, засаглалын шинэчлэл хийхийг хичээх учиртай. Эл асуудлыг шийдвэл л хувьчлал амжилттай болно. Өөрөөр хэлбэл, төр өөрөө тоглогч болоод шүүгч нэг дор хийж болохгүй” хэмээв.
ЯРИХ БИШ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Манай орны хувьд өмчөө хувьчлахаар зэхэж буй энэ үед хэрэв 51 хувиа төр авч үлдвэл тухайн хувьд ногдох зардлыг дийлэхгүйд хүрэх, ашиггүй байх магадлалтай. Мөн 100 хувь хувьчилж орхивол эрсдэлтэй. Тиймээс ч дээр дурдаад байгаа зарчмыг баримтлах нь ашигтай хувилбар гэж болно. Уг нь Компанийн тухай хуульд “алтан хувьцаа”-ны талаар тусгажээ.
гаргасан шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан тохиолдолд Засгийн газар хориг тавина гэжээ. Ингэхдээ хувьчлахаас өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, их хэмжээний хэлцэл байгуулах, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох, өөрчлөхөд хориг тавина гэх мэтээр дурджээ. Гэхдээ эл хуулийг практикт огт хэрэглээгүй, “ногооноороо” байгаа хэрэг. Нөгөөтээгүүр, уг хуулийг шинэчлэн, найруулж илүү тодорхой буюу стратегийн чанартай төрийн өмчит уурхай, үйлдвэр, компанийн хувьчлахдаа veto буюу хоригийг ийм ийм, хэд хэдэн тохиолдолд тавина гэж нарийвчлан заах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, стратегийн орд гадаад эздэд зарагдах, лиценз шилжүүлэх, нөөц ашиглах чиглэл өөрчлөгдөх, байгалийн баялгийг барьцаалах, улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх нөхцөл үүсэх зэргийг тодорхой заах ёстой байх нь. Мөн улс төрөөс ангид байлгахын тулд хоригийг Засгийн газар биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, эсвэл бие даасан байгууллага хэрэгжүүлж болно гэсэн үг. Хуульд ийм төрлийн зохицуулалт оруулж, төрийн өмчийн хувьчлалд “алтан хувьцаа”ны зарчим баримтлах, эсэх тухайд ямар ажил хийж байгааг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тодрууллаа. Тус газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “Төрийн өмчийн компаниудын хувьчлалд “алтан хувьцаа”-ны зарчмыг ашиглах боломжтой. Энэ талаар цөөнгүй жил ярьж байна. Эхний ээлжид хууль, эрх зүйн орчныг нь тодорхой болгоё, Компанийн тухай хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийе гэж буй. Гэхдээ хэзээ хуулиа хэлэлцэх, ямар нэмэлт, өөрчлөлт оруулах, юу тусгах талаар одоогоор тодорхой шийдвэр алга. Ямар нэгэн шинэ шийдвэр, шийдэлд хүрвэл тухайн үед нь мэдээлэл өгье” гэсэн юм.
ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛСОН ЗАГВАРУУД БАЙНА
Хөгжингүй улс, ялангуяа Европ болон Зүүн өмнөд Азийн орнууд стратегийн салбартаа “алтан хувьцаа” болон түүнтэй адилтгах загварыг ашиглаж иржээ. Энэ нь төрдөө эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах бамбай болдог аж. Тухайлбал, Британи нь “Rolls-Royce & BAE Systems”, агаарын тээврийн салбараа “алтан хувьцаа”-ны зарчмаар эзэмшдэг аж. 1980аад онд буюу Маргарет Тэтчерийн үед хийгдсэн “алтан хувьцаа”-т шийдлийг бүр “Ардчилсан капитализм”-ыг бий болгосон үнэ цэнтэй туршлага хэмээн олон улсад үнэлдэг юм байна. Түүнчлэн тус улс нь “British тelecom”, “British Gas” зэрэг томоохон компаниа хөрөнгийн биржээр дамжуулан санал болгосноор иргэд нь хөрөнгө оруулагч болж, хөрөнгийн зах зээл нь ч асар хурдтай хөгжсөн түүхтэй. Харин хэсэгчилсэн хувьчлал буюу Сингапур, БНХАУ зэрэгт Засгийн газар хяналтын багцныхаа 51ээс дээш хувийг авч, эсвэл стратегийн хөрөнгө оруулагчдад 20-30 хувийг нь өгөх замаар төрийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруулжээ.
Ингэхдээ дэлхийн хэмжээний мэргэжлийн баг, зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажилласан байна. Үүний үр дүнд компаниуд нь улс төрөөс хараат бусаар ашигтай ажиллаж, үйл ажиллагаа нь ил тод болж. Эдгээр хувьчлалын хамгийн том, сайн жишээ бол Сингапурын баялгийн сан “Темасек”. Харин Европын Холбооны улсууд буюу Швед, Австри зэрэгт төрийн өмчит компаниудаа “Баялгийн сан”-даа мөн нэгтгэж өгч. Тухайлбал, баялагийн санг нь төрийн өмчит компани эзэмшээд хувьцааг нь иргэд нь эзэмшдэг гэсэн үг. Манай орны хувьд ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг биржийн арилжаанд оруулснаар ханш нь унах эрсдэлтэй учраас дээрх аргыг ашиглавал зохихыг Г.Энхбат мөн дурдсан юм. Сан нь төрийн өмчийг улс төрөөс тусгаарлаж, зах зээлийн зарчмаар удирдана гэсэн үг. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг сан эзэмшээд, сангийн хувьцааг олон нийтэд борлуулна. Үүний дараа үнэт цаасаа гадаад, дотоодын зах зээлд арилжиж болох аж.
Эдгээрээс харахад, манай улс сүүлийн “100 гаруй жилд хураасан үүц” гэж болох 60 их наядын хөрөнгөтэй, эл хөрөнгө нь жилд 3-10 хувийн өгөөж өгч байгаа төрийн өмчит компаниудаа хувьчлахаар яригдаж байна. Хэдийгээр алдагдалтай ажилладаг, өр шир ихтэй байгаа ч ахмад, залуус гээд хүн нэг бүрийн оролцоотойгоор бүтээсэн баялаг. Тиймээс хувьчлахдаа тун болгоомжтой хандах, өмнөх алдаагаа давтахгүй байхад анхаарч, төрийн ч, иргэдийн ч оролцоог хангах хэрэгтэй юм. Түүнчлэн өмчөө хувийн хэвшилд бүрэн даатгахаас зайлсхийх, улмаар “алтан хувьцаа” эзэмшихэд анхаарах ёстой болов уу. Бодоод, яриад, хэлэлцээд суугаад байх биш, шийдвэр гаргах, алхам хийх, яаравчлах хэрэгтэй гэсэн үг.
С.Дулам