БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан тус улсын XV таван жилийн төлөвлөгөө болон Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өглөө. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятадын “Хоёр чуулган” амжилттай болсныг онцолж, тэрбээр энэхүү арга хэмжээ нь тус улсын бодлого, хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх, Хятадын боломжийг ашиглах “цонх” болдгийг тодотгов. Мөн өнөө жил Хятадын Коммунист нам (КН) байгуулагдсаны 105 жилийн ой тохиож буй бөгөөд Хятад улс XV таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх хариуцлагатай үедээ ирснийг илтгэлдээ дурдсан юм.
БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгийн бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, хөгжлийг урагшлуулахыг гол чиглэлээ болгожээ. Үүний зэрэгцээ инновацын шинэчлэлийг хөдөлгөгч хүч болгон ашиглаж, иргэдийнхээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэхийг нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон байна. Уг баримт бичигт 20 үндсэн үзүүлэлт тусгасны дотор дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг тогтвортой хэмжээнд барих, тухайн жилийн нөхцөлд тохируулан зорилтоо тодорхойлох зэрэг асуудлыг багтаасан аж. Мөн 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2020 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, дунд түвшний хөгжилтэй орнуудын эгнээнд хүргэхээр төлөвлөжээ
Хятадын тал Монгол Улстай дэд бүтцийн холболтыг бэхжүүлэх хүрээнд Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлээд буй. Ингэснээр 70 жилийн дараа хоёр дахь хил дамнасан төмөр замын гарцтай болох юм. Мөн Хятадын тусламжаар Замын-Үүд болон Гашуунсухайтын хилийн боомтын байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд Монгол-Хятад-Оросыг холбосон төмөр замын “Төв коридор”-ыг шинэчлэн сайжруулах төслийг тогтвортой хэрэгжүүлж байгааг дуулгав. Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байгаа нь хоёр орны уялдаа холбоо болон гадаад худалдааны ирээдүйн өсөлтөд хүчтэй тулгуур болохыг тэрбээр онцоллоо. Элчин сайд Шэнь Миньжуан “Цөлжилтөөс сэргийлэх, сааруулах болон ногоон хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх нь хоёр улсын Төрийн тэргүүн нарын чухал тохиролцоо бөгөөд энэ нь иргэдийн амьжиргаанд бодит үр өгөөжөө өгөх учиртай. Өнгөрсөн онд Монгол Улсаас 90 сая тонн нүүрс нийлүүлсэн нь түүхэн амжилт болсон. Цаашид БНХАУ хөдөө аж ахуйн бү тээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэв.
Өмнөх таван жилийн төлөвлөгөөний үр дүнг харвал, Хятадын эдийн засаг өнгөрсөн жил таван хувиар өсөж, нийт хэмжээ нь 20 их наяд ам.доллароос давжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг 30 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж буй гэсэн үг юм. Мөн тус улс аж үйлдвэрийн салбараараа дэлхийд 16 жил дараалан тэргүүлж буй. Түүнчлэн хиймэл оюун, сансар судлал зэрэг технологийн салбарт ч томоохон амжилт гаргаад байна.
У.Цэцэг