Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115 жилийн ойд зориулан бүтээсэн “Тусгаар тогтнол” бошиг сахигч уран сайхны кино энэ сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Зохиолч Тодко Самсон буюу Т.Мягмартогтохын “Үр хөврөл” зохиолоос сэдэвлэн, найруулагч Б.Тамирын бүтээсэн уг кино нь Кино урлагийг дэмжих сангаас 157.8 сая төгрөгийн санхүүжилт авсан томоохон төсөл юм.
Энэхүү бүтээл нь түүхэн үйл явдлуудыг өгүүлэхээс гадна эх орон, хувь хүний сонголт, Монгол үндэстний оршихуй, тусгаар тогтнолын амин чухал утга санааг уран сайхны хэлээр дамжуулан үзэгчдийн хүртээл болгохыг зорьжээ. Ардын жүжигчин Н.Сувд, С.Сарантуяа тэргүүтэй Монголын сор болсон авьяаслаг жүжигчдийн чадварлаг тоглолт, нүнжигтэй хувцас хэрэглэл, дүрслэл болон өнгө будгийн чамбай шийдэл нь тус киноны гол онцлог юм. Ялангуяа Эрдэнэдайчин хошой Чин ван Ханддоржийн дүрийг Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир нар амилуулж, түүхэн кинонд анх удаа хамтран тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, хүлээлт үүсгээд байв.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр түүхэн үнэнийг уран сайхны бүтээлд тусгахдаа бодит байдлыг гуйвуулсан хэд хэдэн алдаа ажиглагдсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөх гол шалтгаан болов. Үндсэндээ уг кино нээлтээ хийхээс ч өмнө асуудал ундарч эхэлсэн юм. Тухайлбал, нээлтийн урилга дээрх үг хэллэг нь найруулгын хувьд авцалдаагүй болохыг хэл шинжлэлийн салбарынхан төдийгүй түүхчид хөндөв. Мөн киноны гол дүрүүдийн хоорондын харилцаа, тэр дундаа түүхэн хүмүүсийн зэрэг зиндаа, харилцан хүндэтгэл төрийн ёс жаягтай нийцэхгүй байгааг ч дурджээ. Түүхэн баримтаар Намнансүрэн нь 34 хошууг захирсан Сайн ноён аймгийн тэргүүн байсан бол Ханддорж Түшээт хан аймгийн нэгэн хошууны засаг ноён аж. Хэдийгээр Ханддорж насаар ахмад, хэргэм зэрэг адил боловч албан тушаалын хувьд Намнансүрэнгээс доогуур байжээ. Гэтэл уг кинонд хоёр дүр хоорондоо чи, би хэмээн энгийн байдлаар харилцаж буй нь тухайн үеийн төрт ёсны дэг жаягтай илтэд зөрчилдөж буй гэнэ. Түүнчлэн 1691 оны Долнуурын чуулганы хэсэгт Ойрадын элч нар Өндөр гэгээн Занабазарын хамгаалалттай өргөөнд зэвсэг агсан орж ирж буй дүрслэл нь бодит байдалд үл нийцнэ. Өөрөөр хэлбэл, Халхын ноёд ламын өргөөнд хуяг дуулгатайгаа сууж буйгаар дүрслэн үзүүлсэн нь тухайн үеийн төр, шашны ёс заншлаас хөндий байгааг түүхч Ц.Баяраа онцолжээ.
ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭ БА БАРИМТЫН ЗӨРҮҮ
Тэрбээр “Киноны үйл явдал 1911 оны цаг үеийг өгүүлэх боловч зарим хэсэгт 1906-1908 онд болсон үйл явдлуудыг нэг цаг хугацаанд хамтатган дүрсэлсэн нь түүхэн баримтын зөрүү үүсгэжээ. Тухайлбал, Чин ван Ханддоржийн хүү 1906 онд Бээжинд нас барсан атал кинонд 1911 онд амьд байгаагаар харуулсан аж. Түүнчлэн Энх-Амгалан хаан болон Өндөр гэгээн Занабазар нарын хооронд 1691 онд байгуулсан гэх нууц гэрээг Бээжингийн Хориотой хотоос хулгайлж авчирч буй үйл явдал нь уран сайхны хэтрүүлэг бүхий зохиомж юм. Үндсэндээ 1906 онд нас барсан хүнийг 1911 онд амилуулах, эсвэл айлтгал бичгийг нууц гэрээ болгон хувиргаж, Хориотой хотоос хулгайлуулж байгаа нь түүхийг хэтэрхий адал явдалт кино болгох гэсэн явуургүй оролдлого гэмээр. Түүхэн баримтаар энэ нь гэрээ бус, харин Галдан бошигтын довтолгоонд өртөж, сүйдэх аюулд орсон Халхын ноёд Манжийн хаанаас хамгаалалт хүсэж хүргүүлсэн айлтгал бичиг байсан” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Мөн дүрүүдийн нэршил дээр ч хэд хэдэн алдаа гаргажээ. Жишээлбэл, тус кинонд Түшээт хан Дашнямыг Түшээт хан Чагдаржав хэмээн тэмдэглэсэн аж. Бодит байдалд Чагдаржав нь тухайн үед Түшээ гүн цолтой, чуулганы даргаар ажиллаж байсан түүхэн хүн билээ. Энэ мэт агуулгын алдаанууд нь уран бүтээлчид түүхэн зөвлөхүүдтэй хангалттай хамтран ажиллаагүй, бас хайнга, хэнэггүйг бэлхнээ гэрчилнэ. Түүхэн кино бол зөвхөн нэг удаагийн үзвэр төдий бус, хойч үед өвлүүлэн үлдээх танин мэдэхүйн үнэт сурвалж болдог атал ийм бүдүүлэг алдаа гаргасан нь харамсалтай.
Техник ажиллагааны хувьд дүрсний өнгө зураглал хэт бүүдгэр, зарим хэсэгт дууны чанар тааруу байгаа нь ойлгоход нэлээд хүндрэлтэй байсныг үзэгчид хэлсэн юм. Мөн түүхэн логикийн хувьд анхаарал татсан нэг асуудал нь Сандо амбаны дүр. Тэрбээр угтаа манж бус, цахар монгол хүн байсан атал монгол ноёдтой заавал манж хэлээр харилцаж буй нь киног “түүхэн” харагдуулах гэсэн хиймэл оролдлого болжээ. Хэрэв үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол багана болох Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нарын хамтын ажиллагаа, үзэл санааны нэгдлийг илүү тодорхой гаргасан бол бүтээлийн агуулга, үнэ цэн улам нэмэгдэх байсныг үзэгчид ч онцолж байв.
Эцэст нь, “Тусгаар тогтнол” бошиг сахигч уран сайхны кино нь монголчуудын тусгаар тогтнолын үнэ цэнийг эргэн сануулж, үндэсний үзлийг сэргээхэд чиглэсэн сонирхолтой бүтээл болсныг дурдах нь зүйтэй. Гэвч цаашид түүхэн сэдэвт уран бүтээл туурвихдаа түүхчидтэй нягт хамтран ажиллаж, он цагийн хэлхээ болон төрийн ёс заншлыг нарийн судалж дүрслэх нь бүтээлийн чанар, танин мэдэхүйн ач холбогдлыг нэмэгдүүлэх гол үндэс гэдгийг бид эл бүтээлээс харж болох нь. Уран сайхны кинонд fiction буюу зохиомж байх ёстой ч тэрхүү сэтгэмж нь түүхэн логик, төрт ёсны дэг жаяг болон бодит хүмүүсийн намтрыг гуйвуулах хэмжээнд байж хэрхэвч болохгүй юм.
Э.Сүйлэн