Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын XV бага хурал Бразилын Кампо Гранде хотод өнгөрсөн сарын сүүлчийн долоон хоногт болсон билээ. Дэлхийн 100 гаруй улсын Засгийн газар, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл тус хуралд оролцож, нүүдлийн амьтдыг хамгаалах дэлхийн бодлого, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон юм. Энэ үеэр нүүдлийн амьтдыг хамгаалах өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийт зүйлийн 49 хувь нь цөөрч, 24 хувь нь устах аюулд орсныг онцлон тэмдэглэсэн байна. Мөн хурлаар 40 гаруй зүйл, дэд зүйл, популяцыг конвенцын хавсралтад шинээр бүртгэн, нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиглахтай тэмцэх “Global initiative on the taking of migratory species” санаачилгыг хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалжээ.
Тэгвэл манай улс энэхүү уриалгад албан ёсоор нэгдэж, санаачилгыг эхлүүлснээ зарлалаа. Учир нь дээрх хурлын үеэр Олон улсын конвенцын Шинжлэх ухааны зөвлөлийн хуралдааны хорооны Азийн бүсийн төлөөлөгчөөр манай Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач, доктор Б.Бүүвэйбаатар, хуурай газрын хөхтөн амьтны асуудал хариуцсан зөвлөхөөр ХБНГУ-ын Сенкенбергийн байгалийн нөөцийн нийгэмлэгийн судлаач, доктор Д.Нандинцэцэг нар тус тус сонгогдон ажиллахаар болсон аж. Иймд Монгол Улс цаашид нүүдлийн амьтдын замын түншлэл, хамгааллыг сайжруулах чиглэлээр Төв Азийн хөхтөн амьтны санаачилга, идлэг шонхор шувууны олон улсын төлөвлөгөө, талын бүргэд, тоодгийн хамгааллын хөтөлбөрүүд, хил дамнасан бүсүүдийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохоор болж, санаачилгад ийнхүү нэгдээд буй юм. Түүнчлэн нүүдлийн амьтдыг хамгаалах экологийн коридор бий болгох, дэд бүтцийн сөрөг нөлөөг бууруулах, судалгаа, мониторингийг сайжруулах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжин ажиллана гэв.
О.Ундрах