БНСУ-ын тулааны спортын “Black combat” холбооноос зохион байгуулсан “Black сup 2026”-д Монголын холимог тулааны болон бөхийн спортын тамирчид эхний тулаанаа БНХАУ-ын багтай Осан хотын “Black аgora” ордонд өнгөрсөн сард өрнүүлж, 7:0-ээр ялалт байгуулсан юм. Азийн бүс нутгийн шилдгүүдийг нэг дор цуглуулдаг уг цувралд энэ удаа олон улсын хэмжээний томоохон тулааныг багтааснаараа онцлог. Долоон жинд өрсөлдөх тулаанчид 720 сая төгрөгийн шагналын сангийн төлөө хүч чадал, ур чадвараа сорино. Багаараа тулалдах өрсөлдөөнд улс бүр хамгийн шилдэг тулаанчдаа жин тус бүрд оролцуулж, нийлбэр амжилтаар нь ялагчийг тодруулдаг. Богино хугацаанд гурван үе үргэлжлэх тулаант тэмцээн олон орны үзэгчийн анхаарлыг татсан. Дараагийн тулаанаа долоодугаар сард хийхээр товлосон Монголын багаас +84 кг-д Э.Үнэнхүү, -84 кг-д жиү жицүгийн тамирчин Г.Гантулга, 77 кг-д Б.Бүрэнзориг, 70 кг-д Э.Гантөмөр, 66 кг-д П.Содномдорж, 61 кг-д Ш.Бат-Итгэлт, 57 кг-д байлдааны самбогийн тамирчин Г.Баяндүүрэн нар бэлтгэлээ базааж байна.