Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 оны тавдугаар сард байгуулсан “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд 50 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр таван төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, холбогдох санхүүжилтийг хуваарилсан байдаг. Жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй уг санхүүжилтээр “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төслийг эхлүүлж, Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймагт хоногт 3000-5000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий байгууламж шинээр бариулахаар гэрээлжээ. Эдгээрээс гурав нь амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд одоогийн байдлаар эхний дөрвөн аймагт ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна. Мөн Орхон аймагт хатуу хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувь буюу 35.45 сая еврог бүтээн байгуулалтад зарцуулсан бол үлдэгдэл 14.5 сая еврог ашиглаж амжаагүй байтал гэрээний санхүүжилтийн хугацаа дуусахад хоёр сар л үлджээ. Ирэх долоодугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болж байгаа санхүүжилтийн хугацааг 2026 он дуустал сунгах, мөн үлдэгдэл санхүүжилтийг гурван жилээр уртасган олгох шаардлага үүссэн аж. Энэ тухай Польшийн талтай зөвшилцсөний үндсэн дээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны хуралдаанаар шийдэж, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр болжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 56.5 хувь нь зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Л.Ням