Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 21-нд болно. Үүгээр таван аймаг, 34 сумын ИТХ-д нийт 48 мандатад төлөөлөгч нөхөн сонгох юм. Мөн МАН, АН, ХҮН, Их, Иргэдийн оролцооны нэгдэл гэсэн таван нам энэхүү сонгуульд оролцохоо илэрхийлсэн билээ. Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Улс төрийн дээрх намууд болон бие даагчдын нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ. Улмаар 16-ны дотор бичиг баримтаа тухайн шатны сонгуулийн хороондоо хүргүүлэх аж. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх, эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах нь. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол зургаадугаар сарын 6-нд тухайн шатны сонгуулийн хороо үнэмлэхийг нь олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа албан ёсоор эхлэх юм байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас эхлэн УБЕГ-ын цахим хуудсанд байршуулсан. Тиймээс сонгогч та бүхэн үүгээр орж, жагсаалтад нэр тань байгаа, үгүйг нягталж, маргаан байвал шийдүүлэх боломжтой байх нь.
С.Уул