НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад айлчиллаа. Түүнийг УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр хүлээн авч, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй эрх зүйн бодлого, цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Монгол Улсад 26 жилийн дараа зочилж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улс 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрх, үндсэн эрх чөлөөг баталгаажуулж, анх удаа тусгай бүлэг болгон тусгаж өгсөн зэргээр хүний эрхийг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажил, хууль, эрх зүйн орчны талаар танилцуулав.
Мөн Улаанбаатар хотод Хүний эрхийн сургалт судалгааны төв байгуулах талаар хамтран ажиллах, замын зураглал байгуулах асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурсныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, шаардлагатай санхүүжилтийн эхлэлийг 2027 оны төсөвт тусгахад бэлэн хэмээж, цаашдын санхүүжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн сүүлийн жилүүдэд хот, хөдөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, ялангуяа орон нутагт гэрлэх насны эрчүүд, нийслэлд ганц бие эмэгтэйчүүд олшрох үзэгдэл түгээмэл болж байгаа тул төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгов.
Харин дээд комиссар Ф.Түрк УИХ-ын даргын дэвшүүлсан саналыг анхааралдаа авч, суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан ажил хэрэг болгохоо илэрхийлэв. Тэр тусмаа хүн ам зүйн бодлогын асуудлыг чухал гэж үзэж буйгаа тэмдэглэв. Тэрбээр, аливаа улсын парламент нь хүний эрхийг хамгаалах үйлсэд чухал оролцоотой байдаг учраас албан ёсны айлчлал хийхдээ тухайн улсын парламентын даргатай уулзахыг зорьдог хэмээгээд Монгол Улс 1990-ээд оноос хойш маш хурдтайгаар шилжилтийн процессыг явуулж байгааг сонирхон ажиглаж ирсэн талаараа онцлов. Үргэлжлүүлэн, Монгол Улс хүний эрхийг хамгаалахтай холбоотой системийн шинэчлэлийг үр дүнтэй хийсэн гэж үнэлж буйгаа дурдаад, хүн амын талыг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоо парламентын түвшинд Азийн дундаж 21.2 хувиас давж, дэлхийн дундаж болох 26.9 хувьд дөхсөнийг сайшаав.
Ч.Цэлмэг