16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-ын амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогчийн Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн энэ оны нэгдүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм. Тус шүүхийн шүүгч Б.Булгантамир, Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүн Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, тэдний холбогдон прокуророос буруутгасан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Эл шийдвэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан нар хуульд нийцээгүй, заавал ял шийтгэл оноох ёстой гэсэн байр суурь илэрхийлэн давж заалдсан юм.
Энэ дуулиант хэргийн гол буруутан Ц.Дагвадорж нь 2024 оны зургаадугаар сард насанд хүрээгүй Ч.Ш-г хөнөөн цогцсыг нь чемоданд хийсэн, үүнээс өмнөхөн 32 настай Т.З гэх бүсгүйн амийг бүрэлгэж, ханын шүүгээнд нуусан. Мөн Т.З-ын амийг хохироосны дараа эд зүйлийг нь устгаж гэмтээсэн, фэйсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан. 16 насанд хүрээгүй Т.М-тэй бэлгийн харьцаанд орсон нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон юм. Шүүхээс Ц.Дагвадоржийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг хөнөөсөн, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийлгэхийн тулд хүч хэрэглэхээр заналхийлсэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон, бусдын эд хөрөнгийг устгаж багагүй хэмжээний хохирол учруулсан, кибер орчинд халдаж мэдээллийг ашиглах боломжгүй болгосон гэм буруутайд тооцсон. Улмаар хорих, зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Түүний учруулсан хохиролд 486 сая гаруй төгрөг Ц.Дагвадоржоос гаргуулж, 256 саяыг нь Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяад, 205.7 саяыг Т.З-ын хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяад болон эд хөрөнгөө залилуулсан, устгуулсан хүмүүст тодорхой хэмжээний мөнгө олгуулахаар болсон юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Ц.Дагвадоржид оноосон ялыг хэвээр нь үлдээж, тогтоолд зарим техникийн шинжтэй засвар оруулжээ. Мөн хавтаст хэрэгт цугларсан баримтаар Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар хамжигчаар оролцсон гэх үйлдэл нотлогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин хохирогч Т.З-ын хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зарим эд зүйлийг буцаан авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хохирогч Ч.Ш-гийн ээж Г.Отгонтуяа хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, Улсын дээд шүүхэд хандана гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдэв.
Г.ОРЧЛОН