Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж, иргэн Г.Нацагдоржийн гаргасан маргааныг шүүн хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 51.2 дахь заалтыг зөрчиж байна хэмээн тэрбээр өргөдөл гаргасан юм. Үндсэн хуульд “зөвхөн нэг удаа” гэдэг үг байхгүй. Мөн өмнө нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд яг ийм агуулгатай заалт байсан нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг Цэц 2016 онд хэлэлцэж, “нэг удаа” гэснийг нь хүчингүй болгох шийдвэр гаргаж байсан юм. Дунд суудлын хуралдааны 12 тоот эл дүгнэлтийг нь УИХ тухайн үедээ хүлээн авч, хуулийн дээрх хэсгийг хүчингүй болгож байв. Тэгвэл парламентаас 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлахдаа 36.7-д дээрх “нэг удаа” гэсэн агуулгаа сэргээж оруулсан нь Цэцийн шийдвэр эцсийнх байх зарчмыг зөрчсөн гэж дээрх иргэн үзжээ. УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гишүүн Д.Цогтбаатар хуралдаанд оролцсон.
Их суудал найман гишүүнтэйгээр хуралдаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7 дахь заалтын “зөвхөн нэг удаа” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 51.2-ыг зөрчсөн хэмээн үзжээ. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг бөгөөд гаргасан даруйд хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг Цэцээс мэдэгдлээ.
С.УУЛ