Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлын үеэр зарим хүүхдийн зуслангийн хувьчлалтай холбоотой асуудлыг сөхсөн юм. Тэгвэл АТГ нэр бүхий зуслангуудын хувьчлал, эргэн тойрны газрыг эрх мэдэлтнүүд эзэмшилдээ авсан асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сараас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус газрын дарга З.Дашдаваагийн энэ оны нэгдүгээр сарын 5-нд баталсан удирдамжийн дагуу хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулсан аж. Тус ажлын хэсгийнхэн “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, эсэхэд хяналт шалгалт хийжээ. Үүгээр 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу хувьчилсан хүүхдийн зарим зуслангийн хувьчлал нь хууль журам зөрчсөн, гэрээнд заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнэсэн баримт материал байхгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах “Соёл” хүүхдийн зусланг нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тухайн үеийн удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчилсан, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, зориулалтын дагуу ажиллуулаагүйгээр тогтохгүй байшин, барилга нь ч үгүй болжээ. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны А/110 дугаар захирамжаар “Соёл” зуслангийн 10 га талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлсэн байна.
Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өлзийт” зуслан нь чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай, хашаа нь тоногдсон, зориулалтын дагуу ажиллах боломжгүй байгааг тогтоосон гэнэ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хандгайт” хүүхдийн зуслан нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эзэмшилд байдаг. Тус зуслангийн газрын хэмжээ анх 30.6 га байсан бол өдгөө 19.7 га болж багассан гэнэ. Тухайн хүүхдийн зуслангийн газраас зарим иргэн, байгууллага мод үржүүлгийн зориулалтаар авсан аж. Мөн нэр бүхий иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй нь хуулийн дагуу, эсэхийн АТГ-ынхан нарийвчлан шалгаж байна. Дээрх ажлын хэсгийнхэн хүүхдийн “Соёл”, “Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хандсан гэнэ.