Дорноговь аймгийн Сайншанд сумынхан хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан төрөлжсөн эмнэлэгтэй болжээ. Орон нутагтаа “Хүүхдийн Батцэцэг” хэмээн танигдсан хүүхдийн их эмч Б.Батцэцэгийн санаачилгаар барьсан тус эмнэлэг нь багачууд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой.
“Мөндөө мед” нь 18 хүртэлх насныхны бүх төрлийн оношилгоо, охидын үзлэг, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн зөвлөгөө, өдрийн эмчилгээ, нярайн асаргаа, сувилгааг ч үзүүлэх юм. Мөн бумба, утлага, шарлага зэрэг эмийн бус эмчилгээ, спа, массаж, чийрэгжүүлэлт, эрүүл мэндийн зөвлөгөө, эрдэс бодисын шинжилгээ, бүтэн биеийн анализаторын оношилгоо хийж, гэрийн дуудлагаар үйлчлэх гэнэ. Аймгийн төвүүдэд, ялангуяа өсвөр насныханд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байдаг. Харин одооноос Дорноговийн хүүхдүүд энэ чиглэлийн тусламж, эмчилгээг авах боломж бүрджээ. Ташрамд мэдээлэхэд, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан Ардын эмнэлгийг орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр барьж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
О.Ундрах