“Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнд оролцсон зарим иргэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тодруулбал, тус хөдөлгөөний оролцогч, судлаач Г.Уянга “Туулын хурдны замыг барихыг олон хүн эсэргүүцсэний нэг нь бий. Тус замын бүтээн байгуулалтад шалгарч хоёр их наяд давсан төгрөгийн тендерт шалгарсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХаоЮань” группийн “Хаоюань женерал констракшн” компани нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, ажлын туршлагагүй, мэргэжилтэн дутмаг зэргийг бид анх олон нийтэд мэдээлсэн. Улмаар байгаль орчин, Туул голын ай савд ноцтой хохирол учруулахуйц бүтээн байгуулалтыг эсэргүүцэж, хотын дарга асан Х.Нямбаатарын гэмтэй байж болзошгүй үйлдлийн талаар хуулийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл миний болон бусад хүмүүсийн эсрэг Х.Нямбаатар гомдол гарган, шүүхэд дуудуулсаар хэдэн сар боллоо. Энэ нь зүй ёсны шаардлага тавьж, үндэслэл гаргасан иргэдийнхээ эсрэг дуугарч буй албан тушаалтны үйлдэл мөн. Үүнээс гадна “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнд оролцогч зарим иргэнийг гутаах, харлуулах зорилгоор цөөнгүй хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, санхүүжүүлсэн байна. Тодруулбал, биднийг үргэлж муулж, тохуурхаж байсан E-guur сайтын эрхлэгч Ж.Мядагбадам энэ оны нэгдүгээр сард нэг га орчим буюу ойролцоогоор 10 айлын газрыг өөрийн нэрээр авсан нь Egazargov.mn сайтад нээлттэй байна. Жирийн иргэнд олддоггүй газар сэтгүүлчид сарын дотор олгогдсон нь сэжигтэй, авлигын үндэслэлтэй. Үүнийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т хандлаа. Мөн Х.Нямбаатарыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж Монголд авчран, хэргийг нь хэлэлцэхийг Авилгатай тэмцэх газар, ЦЕГ-аас шаардаж байна” гэв.
С.Дулам