...Боливарын бүгд найрамдах
Венесуэл улсын Сьюдад-Боливар хот дахь
Боливарын гудамжинд байдаг Боливарын хөшөөний дэргэд
Симон Боливарын хөргийг худалддаг...
Венесуэлийн нийслэл Каракаст ариун гурван газар бий. Латин Америкийн энэ улсын бахархал, үндэсний баатар Симон Боливарын төрж, өссөн байшин, түүний цогцсыг хадгалж буй үндэсний Пантеон, Ерөнхийлөгчийн ордонд байдаг, гэхдээ хэн ч суудаггүй сандал.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын хэлснээр энэ суудлыг Симон Боливарын сүнс эзэгнэдэг гэнэ. Симон Боливаргүйгээр, түүний байгуулсан гавьяагүйгээр өнөөгийн Венесэулийг төсөөлөх аргагүйн адил Уго Чавес ч түүний үзэл баримтлалгүйгээр жирийн л нэг диктатор байх байсан ч юм бил үү. Боливарын социализм бол ер бусын дэглэм гэж түүхчид, нийгэм судлаачид тэмдэглэсэн. Ийм зүйлийг бий болгосон хүн засгийн эрхэнд байж, сайн үйл, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяагаараа алдаршсан байх ёстой нь мэдээж.
ЧӨЛӨӨЛӨГЧ
Симон Боливар (1783–1830) зөвхөн Венесуэлийн биш, Колумб, Эквадор, Панам, Болив, Перугийн үндэсний баатар билээ. Эдгээр орон Испанийн колони байхад Боливар тэдний эрх чөлөөний төлөө тэмцэж, ялалт байгуулсан түүхтэй. Түүний бүтээсэн бүхнээс л өнөөгийн Латин Америкийн түүх эхэлсэн аж.
Симон Боливар 2000 орчим боолтой баяны гэр бүлд төржээ. Гэвч багадаа эцэг, эхээсээ өнчирч, гэрийн үйлчлэгчийнхээ гар дээр хүн болсон гэдэг. Бяцхан хүүтэй хамт цэцэрлэгээр зугаалж явахдаа үйлчлэгч Жан Батист Руссо, Вольтер нарын тухай яриад зогсохгүй баян, хоосны ялгаа, шударга болоод шударга бусын тухай ихийг өгүүлдэг байж. 1802 онд Боливар өөрөөс нь гурав эгч Мариа Тереза де Торотой гэрлэсэн аж. Удалгүй гэргий нь өвчнөөр нас баржээ.
Каракас дахь Цэргийн академид суралцсаныхаа дараа Симон Европ руу явсан байна. Мөрөөдлийнхөө орон болох Францад ирээд тэр нүдэндээ ч итгээгүй гэдэг. Өөрийнх нь шүтэн биширч явдаг асан генерал Бонапарт хааны титэм өмсөж, I Наполеон болохыг Симон харав.
“Одоо тэр миний хувьд баатар биш, ердөө л хоёр нүүртэй дарангуйлагч” хэмээн тэрбээр бичжээ. Гэвч алдар нэр юуг ч өөрчилж болдгийг Симон Бонапартын жишээнээс харсан бөгөөд “Хэрэв чи нэр алдартай л бол чиний хийсэн нүглийг ч хүмүүс өршөөнө” хэмээн өгүүлсэн нь бий.
Төдөлгүй Наполеон Испанийг дайлаар мордсон нь Симоны хувь заяаг өөрчилсөн үйл явдал боллоо. Испани колони орнуудаа цаашид Чөлөөлөгч Мануэла (Мануэлита) Саэнс тэжээхийг хүссэнгүй. Боловсрол эзэмшсэн, цэргийн бэлтгэл, сургуулилалт хийж байсан Боливар босогчдын армийг толгойлж, удаан үргэлжилсэн дайнд ялалт байгуулж, эх орноо түрэмгийлэгчдээс чөлөөлж чадсан юм. Өнөөгийн Колумб, Венесуэл, Панам, Эквадор, Перу, Боливийн “эх” хэмээгддэг Их Колумбын Ерөнхийлөгч болсон ч Симон өөрийг нь түлхэн унагах хүсэлтэй олон хүнтэй нүүр тулав. Нэгэн цагт түрэмгийлэгчдийн эсрэг хамтдаа тэмцэж явсан хүмүүс нь ч удирдагчаасаа нүүр буруулжээ.
... 1822 он. Кито. Симон Боливарын арми хотыг эзэлсэн зургаадугаар сарын 16-ны өдөр. Цагаан морь унасан, генералын хувцастай Симон бүхний түрүүнд явж, чөлөөлөгдсөн хотынхон түүнийг угтжээ. Баян, хөгшин эмчийн залуухан эхнэр Мануэла (Мануэлита) Саэнс тагтан дээрээ зогсоод чөлөөлөгч рүү лаврын навчин хэлхээ шидэж байв. Боливарын “нүд” гэгдэх болсон өнгөт арьстан бүсгүй хожмоо ч нөхрөөсөө салаагүй. Тэр зүгээр л нөхрөө мартаж орхисон гэдэг. Өдөр нь Их Колумбын нийслэл Боготагаар явж, шөнө нь “найз залуу”-гаа хамгаалдаг байсан Мануэла л Симоны амийг аварсан билээ.
1828 оны есдүгээр сарын 25-ны шөнө Мануэла буун дуу сонссон бөгөөд Симоныг сэрээж, цонхоор үсрэхийг “тушаасан” байна. Ерөнхийлөгчийн амь насанд халдахаар төлөвлөсөн этгээдүүд орж ирэн, бүсгүйн хоолойд хутга тулгасан гэдэг. Симоныг хаана байгааг асуухад тэрбээр “Хаа нэгтээ хуралдаж байгаа биз” хэмээн хариулсан аж. Урвагчдыг баривчилж цаазалсны дараа Симон албан тушаалаасаа огцорч, улсаасаа хөөгдөв.
“Тусгаар тогтнол бол бүхнээ өгч байж олсон ганц зүйл маань байж” хэмээсэн Симон цөлөгдөж, найман сарын дараа хүнд өвчний улмаас таалал төгсөв. Мануэлита нөхөр рүүгээ эргэж очсонгүй, Перугийн Пайта боомтод тамхи, чанамал зарж, ядуу зүдүү амьдрал туулсныхаа эцэст насан өөд болжээ.
ТАХИН ШҮТЭГДСЭН ТАЛИЙГААЧ
Симон Боливарын түүхээс үндэслэн Габриель Гарсиа Маркесын бичсэн романд Уго Чавес “дурлах”-аас бүр өмнө, 1842 онд чөлөөлөгч Венесуэлд алдаршив. Нэгэн цагт Симоноос урваж байсан генерал Хосе Антонио Паэс (Мануэлита хамгийн царай муутай, унхиагүй зарцаа түүний нэрээр дууддаг байсан гэлцдэг) чөлөөлөгчийн цогцсыг Колумбаас Каракаст авчирч оршуулжээ. 1879 онд Венесуэлийн мөнгөн тэмдэгтийг “боливар” хэмээн нэрлэлээ. Хосе Антонио Паэсээс хойших бүх Ерөнхийлөгч Симон Боливарын гавьяаг магтан дуулж, бүр дарангуйллаа түүний үзэл бодлоор халхавч хийн нуух болов.
Гэхдээ Уго Чавес баатрыг тахин шүтэх “ажиллагаа”-г шинэ түвшинд гаргасан гэж хэлж болно. Латин Америкийн орнуудад эрх чөлөөг авчирсан Симон Боливар эмгэнэлтэйгээр нас барснаас хойш 170 жилийн дараа Уго Чавес түүнийг Засгийн газрын нэгэн гишүүн, эрх баригчдын нэг хэмээн зарлав. Ерөнхийлөгчийн ордны хана, ер нь хаа сайгүй өлгөөтэй Симоны хөрөг, Төрийн ордон дахь эзэнгүй сандал... Энэ бүгд Уго Чавесын бодож олсон зүйлс байв.
Х.ОД