2012 оны дөрөвдүгээр сарын 1-нд дэлхийн газрын зураг дээр тусгаар нэгэн улс яалт ч үгүй гарч ирэв. Энэ нь Сахарын цөлийн өрнөдөд орших “чөлөөт туарегчуудын нутаг” Азавад юм. Уг улс урьд нь Мали улсад харьяалагдаж байсан бөгөөд саяхан болсон цэргийн эргэлтийн ул мөр энд байсаар байна. “Улс төрийн товчоо, түүний бүх хороо, Азавадын ард түмэн, түүний Үндсээ чөлөөлөх арми, ойр, хол байгаа нийт хүн, түүнчлэн тэмцэлд амиа үл хайрлагчдын нэрийн өмнөөс манай ард түмний түүхэн дэх үнэнхүү жиших юмгүй баярт энэ өдрийн мэнд хүргэе. Энэ бол бидний нэр төр эргэж ирж байгаа, Гао, Кидала болон манай эх орны, эртний Тимбуктугийн бусад хотыг чөлөөлсний дараах өдөр юм.
Эх орон нэгтнүүд минь ээ! Бидний сэтгэл баяраар бялхаж байгаа ч энх амгалан байдлаа хадгалж, ирээдүйд тохиолдох бэрхшээлийн өмнө өөртөө итгэлтэй байх ёстой. Үнэлж баршгүй ололтоо хамгаалж, Азавадыг эрх чөлөө, шударга ёс, энхийн орон болгоцгооё”. Азавадыг чөлөөлөх үндэсний хөдөлгөөн дөрөвдүгээр сарын нэгэнд олон түмэндээ ийм үгээр хандав. Азавад гэж юу вэ? Бас юуны нь эртний Тимбукту билээ? Үнэлж баршгүй ололт гэж чухам юугаа хэлж байна вэ? Товчхон хэлбэл цөл нутгийн туарег омгийнхон Гао, Кидала хот болон эртний, бараг үлгэр домгийн гэмээр Тимбуктуг эзлэн авч Мали улсын умард бүс нутгаас Засгийн газрын цэргийг хөөж чадсан байна. Ийнхүү туарег омгийнхон өвөг дээдэс нь тусгаар тогтнуулахын төлөө зуун жил тэмцсэн тэр газар нутгийг бүхэлд нь өөрсдийн хяналтад авлаа. “Үнэлж баршгүй ололт” нь энэ ажгуу. Мали улсад болж буй үйл явдал олон талаар сонирхол татна.
Туарегчууд гэдэг эртнээс Баруун Сахарт нутаглаж ирсэн, үндсэндээ нүүдэлчин хүмүүс. Их дээр үеэс мал адуулж, худалдаа эрхэлж, дамын наймаа ч хийж, түүгээр ч барахгүй жингийн цувааг ч дээрэмдэж ирсэн улс. Амьдралын ийм хэвшилд нь саад хийх гэсэн төв Засгийн газрын аливаа үйл ажиллагаа туарегчуудад яршигтай санагдах тул хүн амьтан хүрч очиход амаргүйгээр нь цөлд аж төрөхийг илүүд үздэг. XX зуун болтол эдний аж байдал сайнгүй байв. Цөл рүү нь хэн ч ирэхгүй, туарегчууд өөрсдөө ч цөлөөсөө холдохгүй. Тэгтэл Төв Африкт орчин цагийн соёл иргэншил ямар нэг байдлаар нэвтэрч, эхлээд колоний эзэмшлүүдийн, яваандаа тусгаар тогтносон улсуудын хил бий болсноор нүүдэлчдийг нутгаас нь шахаж, энэ нь бослого тэмцэл байсгээд гарахад хүргэх болсон байна. Эхний бослого 1916 онд францчууд энд ирснээр гарсан бол хоёрдахь нь 1962 онд, гуравдахь нь 1990 онд гарч таван жил үргэлжилжээ.
Дөрөвдэх тэмцэл 2007-2009 онд, одоогоор сүүлчийнх нь энэ оны нэгдүгээр сард эхлээд байна. Туарегчууд онцгой айхтар шаардлага ер тавьж байсангүй. Ганцхүү хүссэнээр нь тайван амьдруулж өгөхийг л хүсдэг байв. Энэ хүсэл нь харин явсаар автономит эрхтэй болохын төлөө, цаашлаад бүр тусгаар тогтнохын төлөөх хөдөлгөөн болжээ. Францчуудын засаглал ч, Зөвлөлтийн маягийн социалист туршилт ч, цэргийн дарангуйлал ч, “жинхэнэ” ардчиллын байгуулал ч нүүдэлчдийн санаанд ер нийцсэнгүй. Тийм ч учраас энэ нүүдэлчид Мали улсын ямар ч эрх баригчдын толгойн өвчин болсоор өнөөг хүрсэн байна. 2001 оны едүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш туарегчуудын байдал бүр хүнд хэцүү болсон нь тэднийг Умард Африкт “Аль-Кайда”- тай хамтарч ажилласан хэмээн буруутгасантай холбоотой байлаа.
Малийн “ардчилсан Засгийн газарт” туслуулахаар америкчууд удал гүй зааварлагчдаа ийш нь илгээв. Эдгээр заавар лагчид Малийн армийг “алан хядах ажиллагааны эсрэг тэмцэхэд” сургаж гарчээ. Байдал 2011 онд харин нэлээд өөрчлөгдөв. Эх орондоо хавчигдаж байснаас олон туарег хүн Ливи дэх дайнд оролцохоор явлаа. Муаммар Каддафи ч муугүй хөлс өгч байсан болохоор тэдний ихэнх нь Ливийн Засгийн газрын талд байлдсан байна. Нэг хэсэг нь Баруун ууланд хэл ус нэгтэй берберүүдийнхээ газар шороон дээр босогчдын талд тулалдаж ч байв. Гэвч тулалдах туршлага сууж, гартаа зэвсэг, холбооны хэрэгсэлтэй, мөнгөтэй болмогцоо туарегчууд Ливи улсыг шинэ эздийнх нь мэдэлд орхиод 2012 онд нутгаадаа ум хумгүй давхиж иржээ.
Эх орондоо ирээд тэд бүхнийг санаснаараа хийх болж Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлөрхүү Азавадыг чөлөөлөх үндэсний хөдөлгөөн гэгчийг байгуулав. Интернэтэд сайт ч нээв. Улс төрийн товчоог сонгож, зэвсэгт хүчнээ эмхлэн байгуулж, тулаанд орох нь тэр. Амжилт олох баталгаа байгаагүй ч босогчдын аз болоход Мали улсын нийслэл Бамакод цэргийн эргэлт гарав. Малийн зэвсэгт хүчин дэлхийд тийм ч байлдах чадвартай бүтэц биш юм. Түүний гол үүрэг нь цэргийн эргэлт зохион бай гуулах, зохион байгуулалт муутай бослого хөдөлг өөнийг дарах төдийгөөр хязгаарлагдана. 1985 онд эдний зэвсэгт хүчин түүхэндээ ердөө ганц удаа Буркина-Фасотой таван өдрийн дайн хийсэн хийсэн байна.
Буркина-Фасо нь ч тийм айхтар дайсан бас биш юм. Энэ оны нэгдүгээр сард харьцангуй туршлагатай, шүдээ хүртэл зэвсэглэсэн, нэгдсэн фронт болж чадсан босогчидтой нүүр тулгармагц Малийн арми ердөө л нураад уначихжээ. Туарег үндэстэн цэрэг, офицерүүд босогчдын талд урваж, анги салбаруудын хангалт байхгүй болж, холбоо харилцаа нь ч тасрав. Хоорондо уялдаа холбоогүй болсон гарнизонуудыг босог чид тэр дор нь усгаж эхлэв. Ойр хавийн хотуудыг ч эзлэн авлаа. Ийм үйл явц нэг хоёр өдрийн завсарлагатай давтагдсаар. Энэ үйл явдал Малийн Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн үед тохиож буйг анзаарахгүй байх аргагүй. Сонгууль энэ хавар болох учиртай.
Хоёрдахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй Амаду Тумани Турегийн суудлыг хэн залгамжилж авах бол гэсэн ганц бодол энэ улсын цэрэг, улс төрийн дээдчүүлийн толгойг буй юм. Тийм болохоор умардын цөл газар цэргүүд нь сүйрч буй нь хэний ч сэтгэлийг тэгтлээ зовоохгүй байна Тэгвэл Ерөнхийлөгч хийгээд Засгийн газраас илүүтэй эх орон, армийнхаа хувь заяанд санаа зовж буй жирийн цэргүүд санаачилгыг гартаа авч байна. Тэд нийслэлийн ойролцоох нэгэн бааз дээр бослого гаргалаа. Эндхийн бараг бүх офицер зугтжээ. Үлдсэн цөөн офицероос урьд нь хэн ч үл мэдэх Амаду Саного гэдэг ахмад босогчидтой хэл амаа ололцсон төдийгүй тэднийг толгойлох боллоо. Хувьсгалчид гуравдугаар сарын 22-ны шөнө нийслэл хотоо эзэлж авав.
Ерөнхийлөгч болон нэлээд хэдэн сайд зугтсан ч ахмад Саногогийн нөхөд заримыг нь баривчилжээ. Ахмад Саного Түр Засгийн газар байгуулснаа зарлав. Түүний хэлснээр энэ Засгийн газар парламентын болон төрийн тэргүүний шинэ сонгуулийг бэлтгэн зохион байгуулж, авлига болон газрын баялгийг гадаадынханд худалдаж байгааг зогсоож, армид дэг журам сахиулж, эцэст нь туарегчуудад шийдвэртэй цохилт өгөх ёстой аж. Гэвч дэлхий дахин ахмад Саногог ойлгохгүй байгаа юм уу эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа бололтой. Мали улсын газрын баялгийг хамгийн ихээр онгичиж буй францчууд хамгийн түрүүнд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тус улсын иргэний удирдлагыг сэргээж, ардчилсан зарчмаар сонгогдсон Ерөнхийлөгчөөр ажлыг нь хийлгэхийг Парис шаардав.
Мали улсад бас өөрийн гэсэн эрх ашигтай америкчууд ч мөн ийм шаардлага тавилаа. Африкийн ул суудын дарангуйлагчид ч албан тушаалаас нь зайлуулчихаад байгаа Малийн Ерөнхийлөгчийг хамгаалахаар санал нэгдэж, түүнийг албан тушаалд нь буцааж оруулахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна хэмээн Саногод заналхийлсэн юм. Эцэст нь Мали улс биенээ үзэж чадахгүй байгаа ч ард түмэндээ эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийг хүсдэг жинхэнэ эх оронч хүмүүсийн хооронд умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна.
Босогч туарегчууд Малийн үүн хойд нутагт байдаг томоохон хот болох Тимбуктуг эзэлж аваад байна. Энэ хот уг нь гуравдугаар сарын 22-нд улс орны эрх мэдлийг булаасан цэргийн хунтын гарт ороод байсан юм. Босогчид одоо Азавадыг чөлөөлөхийн төлөө үндэсний хөдөлгөөний тугийг намируулан хотын төвөөр давхилдаж байцгаана. Тэд урьд нь умард нутгийн стратегийн ач холбогдол бүхий Кидаль, Гао хотуудыг эзлээд байсан юм. Дэлхийн хамтын нийгэмлэг Мали улсад гарсан төрийн эргэлтийг хурц шүүмжилж байна.
Баруун Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн тэргүүнүүд энэ байгууллага дахь Малийн гишүүнчлэлийг түр зог соож, хориг арга хэмжээ авна гэж цэргийн хунтад мэдэгдээд байна. Тэгтэл цэргийн хунтын удирдагч Амаду Саного босогч туарегчуудын эсрэг тэмцэлд түүний эмхлэн байгуулсан түр Засгийн газарт туслахыг дэлхий дахинаас хүсэв. “Босогчид хотууд руу уулгалан дайрч, хүмүүсийг алж устгаж байна. Байдал тун ноцтой боллоо. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, энгийн номхон хүн амыг хамгаалахад манай армид Малийн анд нөхдийн зүгээс тусламж дэмжлэг хэрэгтэй байна” гэж ахмад Саного мэдэгдлээ. Гэтэл Баруун Африкийн ул суудын эдийн засгийн хамтын нийгэмлэг хэрэв тавьсан шаардлагыг нь цэргийн хунт эс биелүүлбэл Малийн хөрш орнууд хилээ хааж, банкуудад байгаа дансыг нь царцааж, дипломат харилцаагаа тасална гэж мэдэгдээд байна.
Хунт хийгээд түлхэн унагаагдсан Засгийн газрыг харилцан хэл амаа олоход нь туслахаар Баруун Африкийн зарим орны тэргүүн нар Малид ирэх гэсэн боловч шинэ эрх баригчид тийм боломж олгосонгүй. Дэлхийн томоохон улс гүрнүүд манай гаригийн хамгийн ядуу орнуудын нэг Малид болж буй үйл явдалд анхаарал тавиад байгаа нь тус улс алт олборлолтоор толгой цохидогтой нь холбоотой юм. Үнэт металл олборлож, гадагш нь зөөхөд Малийн эрх баригчид гадаадын компаниудад саад учруу лахгүй бай саар иржээ. Гэтэл цэргийн хунт юуны түрүүнд хилээ хаагаад авсан юм…
Р.ЖАРГАЛАНТ