Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сард “Сонгины гүүрний хэсэг буюу Мойлтын тохой орчмын Туул голын усыг унданд хэрэглэх боломжгүй” гэж мэдэгдсэн билээ. Манай сонины сурвалжлах багийг уржигдар тэнд очиход тэсэхийн аргагүй өмхий үнэртэж, голын ус ногоон, саарал өнгөтэй болсон байлаа. Ойр хавьд айл бараг харагдсангүй. Машинаас бууж Туул гол руу ойртоход эгээ л бөөлжчихсөнгүй. Алчуураараа ам, хамраа дараад ч нэмэр алга. Нүд хорсгож, бөөлжис хүргэх тэр газарт удаан зогсохын ч аргагүй аж. Тэндээс холгүйхэн Чингэлтэй дүүргийн ахмадуудын “Ногоон булан” хэмээх амралтын газар байв.
Тус амралтын газрын захирал Ч.Буянжаргал “Туул голын бохирдол 2002 оноос эхэлсэн. Манайх өвөл, зунгүй ажилладаг боловч үйлчлүүлэгч цөөрсөөр байна. Нэг ирсэн хүн дахиад бараг ирдэггүй. Хоол унд, үйлчилгээ сайн гээд уг нь ахмадууд манайд ирэх дуртай байдаг. Гэтэл өмхий үнэр нь үргээгээд байх юм. Манайхаас 500 метрийн цаана байсан амралтын газар хэдэн жилийн өмнө үүдээ барьсан. Тэр хавиар голын өмхий үнэр илүү их үнэртдэг. Одоо манайх ч хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Би “Төв цэвэрлэх байгууламж”, Хан-Уул дүүргийн XII хорооны удирдлагад гомдол гаргасан. Анх шинэ цэвэрлэх байгууламж барьж, энэ бохирдлыг алга болгоно гэдэг байсан бол одоо мэддэг, хариуцдаг хүнгүй болоод Төгсгөл нь B3 нүүрт бидэнд хариу өгөхөө больсон” гэв.
Өнгөрсөн жил Төв цэвэрлэх байгууламж, Хан-Уул дүүргийн ажилтнууд Мойлтын тохой орчмын Туул голд ус дамжуулах хоолойтой далан барьжээ. Уг нь тэр хоолойгоор бохир усыг шүүж, үлдсэн шаврыг нь ухаж авах ёстой байсан гэнэ. Гэтэл далан барьснаас хойш удалгүй үерийн усанд сэтлэгдэж, тал нь нурсан аж. Үүнийг хариуцах албан газар байдаггүй талаар амралтын газрын ажилтнууд хэлж байв. “Сонгино” амралтын газрын ойр хавиар мойл их ургадаг учраас Мойлтын тохой гэж эртнээс нэрлэсэн аж. Голын эрэг дагуух модонд мойл, долоогоно жимс ургадаг байсан ч жил ирэх бүр үзэгдэхээ больсон гэж “Ногоон булан” амралтын газрын захирал Ч.Буянжаргал хэлэв. Үүнээс гадна энэ хавийн ундны усны гол эх үүсвэр болох рашаан нь өнгөрсөн жил бохирджээ. Сонгино амралтын газраас холгүй нэгэн айлд ороход гэрийн эзэн Б.Амар энэ талаар сэтгэл зовнингуй ярив. Өмхий үнэртэй, саарал өнгөтэй Туул гол өнгөрсөн жил үерлэн, ходоод гэдсэнд сайн, Сонгино хайрхны өврөөс ундардаг уг рашаантай нийлжээ. Тэр үед оршин суугчид зөөврийн машинаар ус зөөн ундандаа хэрэглэсэн байна. Одоо рашааны ус цэвэрхэн болсон хэдий ч ирэх зун гол үерлэвэл дахиад л бохирдох магадлалтай гэнэ. Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн П.Магсаржаваас бохирдлын талаар тодрууллаа. Тэрбээр “Туул голын ус Улаанбаатар хотын бүс рүү орж ирэхээсээ өмнө цэвэр ангилалд багтдаг. Харин Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжаас гарсан ус Туул голтой нийлсэн хэсгээс бохирдолтын хэмжээ ихэсдэг.
Байгаль орчин хэмжил зүйн төв лабораториос саяхан Сонгины гүүрээс цааш урсаж байгаа голын ус дээд зэргийн бохирдолтой гэж мэдэгдсэн. Үүний гол шалтгаан нь “Төв цэвэрлэх байгууламж”-аас гарсан ус Туул голтой нийлсэнтэй холбоотой. Шинэ цэвэрлэх байгууламж барьтал Туул голын бохирдолд дорвитой арга хэмжээ авч чадахгүй” гэв. Туул голын бохирдол олон шалтгаантай. Төв цэвэрлэх байгууламж 100 хувь цэвэрш үүлэх ёстой бохир усыг 70-80 хувьтай цэвэршүүлдэг аж. Цэвэрлэх байгууламжаас болж Туул гол бохирдож байгааг төр засаг, яам болон шийдвэр гаргах түвшний бүх хүн хүлээн зөвшөөрдөг. Хэдий тийм ч шинэ цэвэрлэх байгууламж барихад ихээхэн хөрөнгө шаардлагатай учраас бүтээн байгуулалтын ажил гацсан хэвээр байгаа. Төв цэвэрлэх байгууламж биологийн болон механик цэвэрлэгээ хийдэг. Гэтэл “Харгиа” цэвэрлэх байгууламжаас химийн бодистой ус нийлүүлдэг байна. Уг байгууламж 13 мянган метр бохир ус хүлээн авч цэвэршүүлэх ёстой ч бодит байдал дээр зургаагаас найман мянган метр ус цэвэрлэх боломжтой талаар УСУГ-ын дарга С.Үнэн хэлэв.
Арьс ширний үйлдвэрүүд химийн бодистой хог хаягдлаа “Харгиа” цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг. Гэхдээ зарим нэг нь хулгайгаар гол руу цутгадаг байж магадгүй гэдгийг Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн П.Магсаржав хэлэв. Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх ажил 2017 онд бүрэн шийдвэрлэгдэх аж. Түүнчлэн Туул голын эргийн дагуух хамгаалалтын бүсүүдэд газар ашиглаж буй хувь хүн, байгууллага маш олон байдаг. Саяхан “Туул голын сав газрын захиргаанд Сонсголонгийн гүүрний орчмын голд хог хаяж байгаа талаар мэдээлэл иржээ. Ийм хүмүүсийг үйлдэл дээр нь барьсан боловч сануулга өгөөд, торгохоос өөр дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Тийм учраас тус газраас Туул голыг камержуулах ажил хийж байгаа” гэлээ.
Э.НЯМДУЛАМ