Баянхонгор аймгийн Шинэжинст сумын өндөр настан, цаг уурч Г.Дашчирэв гуайг “Өнөөдөр” сонин энэ удаагийн дугаартаа онцоллоо. Өдгөө 66 настай тэрбээр сумандаа гэр музей байгуулж, гар аргаар шахмал түлш үйлдвэрлэж, экологийн клуб нээн дунд сургуулийн сурагчдад хичээл заадаг юм. Энэ буянтай бууралтай ярилцлаа.
-Байгалийн гэр музейгээ хэрхэн байгуулсан бэ. Таны музейд ямар ямар үзмэр байна вэ?
-Намайг 19 настай байхад аймгийн төвд байгаль орчны чиглэлийн сургалт болж, сумаа төлөөлөн оролцож байлаа. Уг сургалтыг аймгийн Байгалийн музейн дарга Юндэнбатаа гэж мундаг мэдлэгтэй хүн зааж билээ. Тэгээд өөрийн цуглуулга болон музейн үзмэрүүдээ надад үзүүлсэн юм. Тэнд нь дөрвөн эвэртэй хонины толгойн чихмэл, найман хөлтэй хурганы арьс зэрэг сонирхолтой зүйл олон байсан. Түүнээс хойш би байгалийн музей байгуулах юмсан гэсэн хүсэлдээ автаж 1985 оноос үзмэрүүдээ цуглуулж эхэлсэн. Одоо музейд маань манай нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудын болон мазаалай, ирвэс, хавтгай, шилүүс, хулан зэрэг Монголд төдийгүй дэлхийд ховордож, “Улаан ном”-д орсон амьтдын гэрэл зураг, мал, амьтны 30 гаруй сийлбэр, чихмэл, эмийн болон ховор ургамлын хатаамал, чүнчигноров, халтар мана, гартаам зэрэг 100 орчим чулуун үзмэр бий.
-Танай нутагт Мазаалайн тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсон. Тэжээл тавьж өгч байгаа юу?
-Хур бороо багатай жил мазаалай хоол тэжээлгүй болж хэцүүддэг. Өнгөрсөн зун гантай байсан болохоор таана, хөмүүл зэрэг мазаалайн иддэг ургамал бараг ургасангүй. Тэхийн голын хажууд мазаалайн тэжээлийн үйлдвэр байгуулагдсан. Тэр тэжээлээс мазаалайд өгөхөөр есдүгээр сард хэд хэдэн булаг руу очсон юм. Булгийн ойролцоо хармаг ургасан болохоор жимсийг нь идэх гээд тэр хавиар мазаалай нэлээд байсан. Тоо толгой нь улам цөөрч буй энэ амьтан үйлдвэрийн тэжээл, хармагны жимсээр л хооллосон болов уу. Монголд хамгийн доод тал нь 32 мазаалай байгаа гэж судалдаг мэргэжилтнээс нь сонссон.
-Гар аргаар гаргаж авсан шахмал түлш бусад түлшнээс ямар онцлогтой вэ. Шахмал түлш хийх аргаа аймаг, сумынхандаа зааж өгсөн гэж сонссон?
-Би 2000 оноос хойш гар аргаар шахмал түлш хийж байна. Гар доорх материал буюу нүүрсний хог, малын баас, барьцалдуулах зорилгоор манай нутагт байдаг хоёр төрлийн шаврыг ашигладаг. Нэг хэсэг хүн болгон л гар аргаар шахмал түлш хийж эхэлсэн. Миний хийсэн түлшний онцлог галд шатамхай шаврандаа байгаа юм. Энэ шавар галд хийхээр шууд асдаг, цогоо удаан барьдаг. Тиймээс сүү хөөрүүлэхэд түлвэл илүү тохиромжтой. Би аймгийн төвд болон говийн таван суманд сургалт зохион байгуулж, нийт 200 гаруй хүнд шахмал түлш гаргаж авдаг аргаа зааж өгсөн. Одоо бол гэрийнхээ хэрэгцээний шахмал түлшийг хийж байна. Уг нь их хэмжээгээр үйлдвэрлэвэл авах хүн олон байгаа.
-Танай нутгийн иргэд түлшиндээ юу ашигладаг вэ?
-Хуучин манай нутагт их сайхан заган ой байлаа. Түрүүч нь ургаж байгаагаа дэрлээд унадаг. Ургаж байгаа нь унаснаасаа их байсан. 1960-аад онд нэг айл хоёр машин заг түлдэг байлаа. Өвөл хаалга нь онгорхой, яндангаас нь улаан утаа суунагладаг байсан. Тэгж түлээд хэдхэн юм үлдэж. Сүүлийн үед загаа хамгаална, ургуулна гэж яриад байгаа ч өөр түлэх түлшгүй иргэд заг бутлаг ургамлаа л түлж байна. Зун цагаан идээ хийх гэж, өвөл дулаахан байх гэж түлнэ. Уг нь шахмал түлш их хэмжээгээр үйлдвэрлэвэл хүмүүс худалдаж аваад заг болон бутлаг ургамлаа түлэхгүй байх боломжтой. Гэхдээ тэгж их хэмжээгээр үйлдвэрлэх боломж алга.
-Таныг эко клуб байгуулан сурагчдад хичээл заадаг гэж сонссон. Клубийнхээ талаар танилцуулаач?
-Манай сумын сургуулийн наймдугаар ангийн 24 сурагчаас бүрдсэн “Ногоон төглийн найзууд” гэж клуб бий. Энэ хүүхдүүдтэй хамт сумын захиргаа, сургууль, эмнэлэг наадмын талбайд хайлаас, сухай, жигд, заг зэрэг 1000 гаруй мод суулгасан. Мөн бутлаг ургамлаас буйлс, чацаргана, үхрийн нүдийг туршилтын журмаар тарьсан. Энэ моднуудаа дандаа үрээр тарьдаг. Нэг нас болохоор нь шилжүүлж суулгасан. Ноднин жилээс 5-9 дүгээр ангийн 15 хүүхэдтэй “Мазаалай” клуб байгуулсан. Хүүхдүүдэд мазаалайн талаар мэдлэг, мэдээлэл олгох, судлах, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.
-Хүүхдүүдэд экологийн хичээлийг танхимын сургалтаар заадаг нь хэр зөв бэ?
-Өмнө нь сумын хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө найман нас хүртлээ хөдөө мал дээр байдаг байсан. Энэ үедээ мод, шувуу, чулуу гээд байгальтайгаа танилцдаг байсан. Одоо бол үгүй. Багаасаа цэцэрлэг, сургууль гээд танхимын сургалтад хамрагдаж байгаа юм чинь хэзээ байгальтайгаа танилцаж, дотносох билээ. Тэгээд танхимд байгаль ийм ч сайхан тийм ч гоё гээд гэрэл зураг үзүүлж, тоо баримт цээжлүүлдэг. Ингэлээ гээд байгальд хайртай болж байгаа хүүхэд алга. Уг нь экологийн хичээлийг байгальд нь очиж заавал илүү үр дүнтэй санагддаг юм. Жишээ нь “Энэ чулууны дор ийм тооны шоргоолж амьдарч байна. Та нар энэ чулууг хөдөлгөвөл энэ шоргоолжнууд гэр оронгүй болно” гээд хэлчихвэл хүүхдүүдийн ой ухаанд бат сууна. Би бас ингэж боддог юм. Миний багад аав, ээж, настай хүмүүс байгаль орчны боловсролыг амаар олгодог байлаа. Ургаж буй модыг хугалж, гол усанд бохир оруулж болохгүй, лус савдаг нь хилэгнэнэ гэдэг байв. Тиймдээ ч бид ахмадуудынхаа үгэнд ордог байсан. Харин одоогийн хүүхдүүдэд тэгж хэлэх юм бол “Тэр лус савдаг чинь хаана байна” гэж мэднэ. Би шашин номын хүн биш л дээ. Гэхдээ байгаль экологио хамгаалахын тулд энэ сүсэг бишрэлийг хүүхдүүдийн тархинд суулгах нь чухал байгаа юм.
-Говийн чулууг урд хөрш рүү зөөгөөд дуусаж байна. Танай нутагт чулуу түүдэг хүн хэр олон байна вэ?
-Манай сумын зарим хүн Өмнөговь аймаг руу очиж чулуу түүдэг гэсэн. Чулуу түүж Хятад руу ачиж явуулдаг хүн олон бий. Уг нь манай нутаг чинь унтарсан галт уултай. Үүнийгээ дагаад магни чулуулаг ихтэй. Чулуужсан үлэг гүрвэлийн яс, мод их байдаг байсан. Одоо тэгтэл бүгдийг нь л Хятад руу ачаад дуусаж байна. Энэ газар шороо чулуун болон ургамлын нөмрөгийг нь аваад хаячихаар маш эмзэг болдог. Жаахан салхилахад элс дайрга нь хийсээд элсний нүүдэл, цөлжилт явагдаж байна. Чулуугаа дагаж бичил биетүүд их устаж байна. Уг нь монголчууд чулуугаа гадагшаа зөөтлөө ядарчихаагүй л санагддаг. Байгальдаа байх ёстой юм нүдэнд харагдаад л газар нутгаа чимээд байж байвал хэчнээн сайхан бэ. Ирээдүйд төрөх хүүхдүүд маань харж, судлах учиртай юмсан. Ер нь Монголын алт битгий хэл чулуу нь хүртэл бидний үед л дуусах нь байна шүү. Миний бодлоор хил гаалиар чулуу гаргадаггүй болчихвол сайнсан.
-Таныг олон жил сайн дураараа байгаль хамгаалагч хийсэн гэж сонссон. Хамгийн их санаа зовдог асуудал тань юу вэ?
-Хүн хэчнээн ч их мод тарьсан байгалийн өөрийнх нь тарьж буйгаас их байж чаддаггүй юм билээ. Энд хүмүүс хоёр га мод тарьж байхад өөр нэг газар хэдэн зуун га мод, ургамал огтолж, устгаж байна. Тайрсан мод дахин ургахгүй шүү дээ. Ингээд бодохоор байгальтай хүн шиг ширүүн харьцдаг амьтан алга. Байгаль дуусвал хүн, ан амьтан, амьтай бүхэн мөхнө. Өмнө нь сумын төвийн захаар зээр, хулан ууланд гарахаар янгир харагддаг байсан. Одоо бол үгүй. Сумын төвөөс 270 км явахад ганц нэг амьтны бараа харагддаг болж. Орон гэрийг нь сандаачаад, хоол тэжээлийг нь булаачихаар тэд чинь хүнээс зугтахгүй гээд яах билээ. Мөн хашаагүй айлд газар өмчлүүлэхгүй байгаа нь иргэд хангайн модыг огтолж авчрах гол асуудал болж байна.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ