- 14 дүгээр сургуулийнхан дөрвөн сургууль дамжин хичээллэж байна -
Цуврал №6
Малаа дагаж бэлчээр сэлгэдэг нүүдэлчин монголчууд суурьшмал соёлтой болоод багагүй хугацаа өнгөрөв. Паартай байшинд амьдарч, хананаасаа халуун ус авах болсон өнөө цагт ч боловсролын салбарт нүүдлийн шинж чанар нь хадгалагдсаар байх юм чинээ хэн санах билээ. Нийслэлд өдгөө зургаан сургууль, найман цэцэрлэгийн хүүхдүүд нүүдлийн маягаар боловсрол эзэмшиж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” гээд мэргэжлийн хяналтын байгууллага акталснаас хойш зарим нь гурав дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Энэ бүхэнд анхаарал хандуулах ёстой салбарын яам нь мөнгөгүй гэдэг ганцхан үгээр ам таглаж сууна. Гэтэл тус бүр нь 120 хүүхдийн багтаамжтай зургаан цэцэрлэг барих хөрөнгөөр нийслэлийн удирдлагууд хогны уут тарааж буйг юу гэх вэ. Хогны уут тараахад нийт 6.7 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Харин 120 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барих хөрөнгө ердөө нэг тэрбум төгрөг. Ашиглалтын хугацаа дууссан зургаан сургууль, цэцэрлэгийг нураахад ч 906.6 сая төгрөг шаардлагатай болж байсан. Харамсалтай нь нийслэлийн удирдлагууд хогны уутанд мөнгө харамлаагүй хэрнээ сургууль, цэцэрлэгүүдийг “Концессийн гэрээгээр нурааж, барих байжээ” гээд харамлачихсан. Хогны уут тараах болохоор гаргаад ирдэг мөнгө сургууль, цэцэрлэг барихад олддоггүй нь сонин. Ийм байхад юун тэр шинэчлэл вэ, Л.Гантөмөр сайд аа.
Акталсан зургаан сургуулиас гадна тэнд хүмүүжиж байсан хүүхдүүдийг толгой хоргодуулж байгаа сургуулиудад ч хичээл явуулахад хүндрэлтэй болжээ. Бага боловсролын цөм хөтөлбөр, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, “Ном”, “Авьяас” хөтөлб өрийн талаар энд дурсах ч хэрэггүй. Үзэх ёстой хичээлийг нь яаж ийгээд зааж байвал их юм гэнэ. Өмнө нь бид 38, 73 дугаар сургуулийнхан хэрхэн “айл”-д толгой хоргодож байгааг сурвалжилсан. Энэ удаа 14 дүгээр сургуулийнхны үнэн төрхийг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна. Хо Ши Миний нэрэмжит, улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн А байрны ариун цэврийн өрөөний тааз нурснаас мэргэжлийн хяналтын байцаагч “Үйл ажиллагаа явуулах боломжгүй, нуралт үүссэн” хэмээн яг жилийн өмнө акталсан. Азаар тухайн үед хүүхдүүд хичээлтэй байсан учраас бэртэж гэмтээгүй. Тус байр 1957 онд ашиглалтад орсон, 900 хүүхдийн багтаамжтай ч 2000 гаруй хүүхэд хичээллэдэг байсан юм билээ.
Харин сургуулийн Б байр 2008 онд ашиглалтад орсон. А байрны “Ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа” гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын байцаагч гурван удаа гаргасан ч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр засвар мэтхэн хийгээд л үйл ажиллагаа явуулдаг байж. Сургуулийн дөрөвдүгээр давхарт спортын танхим байрладаг нь барилгын чанарт нөлөөлөх болсноор 2011 онд БСШУЯ 388 сая төгрөгөөр сургуулийн урд “Бөртэ” компаниар спортын танхим бариулж, дараа онд нь ашиглалтад авахаар болжээ. Гэвч тус танхим гурван жилийнхээ ойн дээр, сургууль хаагдахад л арай гэж ашиглалтад орсон байна. Жил ч болоогүй шинэ танхимын таазнаас өдгөө дусаал гоожиж, шал нь цөмөрч, мөөгөнцөртөн 60 гаруй жилийн настай хуучин барилгаас нь өөрцгүй болжээ. Баянзүрх дүүрэгт орон нутгаас шилжин ирэгсэд олноор суурьшдаг. Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 21 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч 14 дүгээр сургуулийнхныг тэр чигээр нь багтаах хэмжээний зай байхгүй. Иймээс тус сургуулийн сурагчид дөрвөн сургуульд хуваагдан нүүдэллэж, боловсрол эзэмшихээр чардайж байна. 1-3 дугаар ангийнхан 14 дүгээр сургуулийн Б байранд, дөрөв, тавдугаар ангийнхан “Шавь” цогцолбор сургуульд, 6-9 дүгээр ангийнхан 92 дугаар сургуульд, 10-12 дугаар ангийнхан 44 дүгээр сургуульд хичээллэдэг.
Нэг айлын дөрвөн хүүхэд дөрвөн өөр сургуульд хичээллэж байна гээд бод доо. Б байранд хичээллэж байгаа хүүхдүүдэд биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг хувцас солих зориулалт бүхий подвальд заадаг. Хичээлээс хоцорсон хүүхдүүдэд багш нар хонгилд (коридорт) давтлага өгч байна. Ашиглалтад ороод удаагүй ч шаардлага хангахгүй байгаа спортын танхимд өөр сургуулиудад толгой хоргодож буй сурагчид ирж хичээлийн бус цагаар буюу өглөө ордог нь өдөр, өдөр хичээлтэй нь өглөө ирж биеийн тамирын хичээлд суудаг аж. 14 дүгээр сургуулийн Б байранд болон “Шавь” цогцолбор сургуульд сурч байгаа бага ангийнхан гурван ээлжээр хичээллэдэг. Ээлж солигдох үеэр хонь хурга нийлж байгаа мэт болж, хөл толгой нь олддоггүй юм билээ. Гурав дахь ээлжийн хичээл 19.45 цагт тардаг. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудад 08.00-20.00 цаг хүртэл эх захгүй бужигнадаг. Багш нар “Гуравдугаар ээлжинд хичээллэдэг хүүхд үүдийн сурах, аливаа зүйлийг хүлээн авах чадвар муу байнабайна. Ийм орой хичээллэж байхад яаж ч сайн байх вэ. Түүнчлэн сургуулийн даац хэтэрснээс сандал ширээ амархан эвдрэх боллоо. Багш нарын өрөө гэж байхгүй учраас бид коридорт хичээлийн төлөвлөгөө боловсруулдаг. Манай сургуулийн сайн багш, сурагчид өөр сургууль руу шилжих болсон. Төр засгийн удирдлагуудаас сургуулийг маань л хурдан ашиглалтад оруулаад өгөөч гэж гуймаар байна” гэв.
Өнөөдрийн байдлаар тус сургуулийн 200 гаруй сурагч шилжээд байгаа аж. Өөр сургуульд сурдаг хүүхдүүдэд үеийнхэндээ дээрэлхүүлэхээс эхлээд асуудал мундахгүй. Өмнө нь сургуульдаа алхаад л орчихдог байсан бол одоо автобусанд суух юм уу эсвэл хэдэн буудал газар алхах болжээ. Сургууль ганцхан автобустай бөгөөд түүгээрээ бүх хүүхдээ зөөх боломжгүй. 92 дугаар сургууль хаана байдгийг мэддэггүй шахам хүүхдүүдээ 08.00 цагт хичээлтэйг нь 07.00 цагаас, 13.30 цагт хичээлтэй хүүхдүүдийг 12.10 цагаас зөөж эхэлдэг гэсэн. Жолоочийн цалин, машины сэлбэг, гарааш зэргийг төсөвт тусгаагүй учраас сурагчдаас 200 төгрөгийн хураамж авч, D ангиллын жолооны үнэмлэхтэй цахилгаанчнаараа жолооч хийлгэж байгаа аж. Цагдаагийн академийн ойролцоох явган хүний замыг хаан, барилга барьж байгаагаас 92 дугаар сургууль руу явж байсан нэг сурагч машинд шүргүүлжээ. Гэтэл авто замаар явсан гээд хүүхэд буруудсан гэнэ. Ийм осол дахиад ч гарах магадлалтай. Тэр бүхэнд хүүхэд буруутан болсоор байх бололтой. Энэ мэт шалтгаанаар 14 дүгээр сургуулийн 2700 гаруй хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна. Ийм нөхцөлд хүүхэд эрдэм сурч байна гэж би лав хэлж чадахгүй. Дунд ангийнханд хичээл заадаг багш нар завсарлагааны таван минутын хугацаанд хоёр сургуулийн хооронд арай гэж очдог аж. “Хичээлийн хуваариар үүнийг зохицуулах гэдэг ч тэр бүр санаснаар болохгүй юм” хэмээн 14 дүгээр сургуулийн захирал В.Цэцгээ ярилаа. Түүнчлэн группээр хичээллэх шаардлагатай мэдээлэл зүй, хөдөлмөрийн хичээлийг анги танхим хүрэлцээгүйгээс мэдээлэл өгөх төдий л заагаад өнгөрөх болжээ. Компьютер мэдэхгүй бол хүн биш гэгдэх болчихоод байгаа өнөөгийн нийгэмд мэдээлэл зүйн хичээлийг оромдоно гэдэг байж боломгүй.
Хүүхэд бүр математикч болох албагүй ч амьдрах ухаанд сурах хэрэгтэй XXI зуунд хөдөлмөрийн хичээлийг сурагчдад заасан шиг заах ёстой. Гэтэл энд тийм боломж үнэндээ алга. “Шавь” цогцолбор сургуулийн тавдугаар ангид сурдаг тус сургуулийн сурагч Б байрнаас дүүгээ авахаар ирсэн байхтай таарав. Тэрбээр “Би өмнө нь сургууль руугаа алхаад ирдэг байсан. Одоо бол өглөө бүр найзынхаа аавын машинд дайгдан хичээлдээ ирж байгаа. Өөр сургуулийнх болохоор хүүхдүүд биднийг дээрэлхдэг. Бас зүгээр харж байхад муухай харлаа гэдэг. Сургууль маань хэзээ ашиглалтад орох юм бол доо” гэлээ. Сургуулийн барилгыг нурааж, шинэ барилга бариулахын тулд сургуулийн удирдлага уйгагүй хөөцөлдсөний хүчинд концессийн гэрээгээр барихаар болжээ. Анх БШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын алба татан буугдсанаар нэг саад гарсан бол дараа нь гэрээ хэлэлцээрийн шатанд нь хариуцсан Эдийн засгийн хөгжлийн яам нь татан буугдав. Харин хамгийн сүүлд Засгийн газар огцорсноор сургуулийг буулгаж, барих асуудал бүрмөсөн зогсжээ. Тус сургуулийн барилгыг гадаадын хөрөнгө оруулалттай компани барихаар болсон. “Засгийн газар нь найдваргүй юм байна” гээд хөрөнгөө татчих вий хэмээн сургуулийн удирдлага болгоомжилж буйгаа ярьсан. Иймээс тус сургуулийн захирал хариуцсан хүмүүстэй нь уулзаж, заримтай нь утсаар ярьж, тэр бүхнээ өдөр, цаг, юу хэлсэнтэй нь тэмдэглэж авдаг болсон байна. Эцэг, эхчүүд “Болохгүй бол жагсъя” гэсэн санал хүртэл тавьсан аж. Тус сургуулийнхан ирэх хавраас дулаарангуут барилгын ажлыг эхлээсэй хэмээн хүсэж байна. 92 дугаар сургуулийнхан 14-ийнхөнд өгсөн өргөтгөлийнхөө нэгдүгээр давхрыг ирэх жилээс өөрсдөө ашиглахаа мэдэгджээ. Энэ бол “Манай гэрээс яв” гэсэн үг. Хоноцод дуртай хэн байх билээ. Ганц 92 дугаар сургууль гэлтгүй бусад нь ч анги танхимаа авах тухай ярих болсон байна. Хэрэв ирэх жил сургууль ашиглалтад орохгүй бол 14 дүгээр сургуулийнхан 5-6 сургууль дамжин, нүүдэллэх энүүхэнд байна.
Монголчууд есөн давхар орон сууцыг ганцхан жилийн дотор барьчихдаг юм чинь хүсвэл ганц сургуулийн барилга юухан байх вэ. 14 дүгээр сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн С.Арвин зэрэг олон улстөрч төгссөн. Төрөлх сургууль нь ийм болчихоод байхад тэд ч зүгээр суумааргүйсэн.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ