-Тэрбум төгрөг зарцуулсан ч охиныг аварч чадсангүй-
Үргэлжлэл. Түрүүч нь №082 (8386), №084 (8388) дугаарт
“НАС БАРСАН ТУЛ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ”
Монголд эмчлэх боломжгүй өвчтэй охиноо аварч үлдэхийн тулд нэгэн гэр бүл бүхнээ шавхаж, хил даван, тэрбум орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн ч эцэст нь өнчирч хоцров. Амьдрахын төлөөх охин, түүний ар гэрийнхний тэмцэл, итгэл найдвар нь төрийн тогтолцоо, системийн гажуудлын өмнө хэрхэн нуран унаж, сөхөрснийг бид өмнөх хоёр цувралаараа хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад эрх мэдэлтнүүдийн шийдвэр гаргах механизм хэрхэн эсрэгээрээ ажилласныг нэхэн сурвалжиллаа.
ЭМЯ-ныхан охиныг амь тасрахыг хүлээж байсан аятай, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгөөд хоёр сар орчим эсэн мэнд байхад гадаадад эмчлүүлсэн төлбөрийнх нь тодорхой хувийн буцаан олголтыг шийдэж өгөөгүй атлаа хорвоог орхисных нь дараа “Нас барсан тул санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй” гэсэн албан тоот ирүүлсэн нь охины ээж Т.Шинэбаяр, тэдний гэр бүлд ямар аймшигтай доромжлол, бас ялгаварлан гадуурхалт байсныг албаныхан даанч мэдэхгүй.
Т.Шинэбаяр 2026 оны нэгдүгээр сарын 12- нд буюу охиноо нас барахаас хоёр сар орчмын өмнө гадаадад эмчлүүлсэн эмчилгээний төлбөрийнхөө 20 хувийн буцаан олголтыг холбогдох журмын дагуу авахаар бүх баримт, материалаа бүрдүүлэн ЭМЯ-нд өгсөн. Охиноо эмчлүүлэхийн тулд байгаа бүхнээ зарж, өчнөөн өр зээлтэй үлдсэн тэд буцаан олголтоо аваад ядаж ах дүү, хамаатан садныхаа барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдээс заримыг нь чөлөөлж өгье гэж шийджээ. Гэтэл ЭМЯ-наас 2026 оны гуравдугаар сарын 17-нд ирүүлсэн “Хариу ирүүлэх тухай” албан тоотод “Таны 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн өргөдөлтэй танилцан, хариуг хүргүүлж байна. Гуравдугаар сарын 12-ны өдрийн гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх орон тооны бус дэд зөвлөлийн хурлаар өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам батлах тухай” 78 дугаар тогтоолын 6.5-д “...Зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө нас барсан тохиолдолд санхүүгийн дэмжлэг нөхөн олгохгүй” гэж заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болохыг мэдэгдэж байна”. Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв” гэсэн байжээ.
Охины гэр бүлийнхэн хүнд өвчинтэй тэмцэж, хүний нутагт аргаа барж, гарах гарцгүй болтлоо явахдаа хүртэл ийм хаягдсан мэдрэмж авч байгаагүй аж. Эх орон, элгэн садан нь охинд болон түүний гэр бүлд ийн “хүйтэн” хандаж, хүний ёсонд нийцээгүй журмын заалт тулган, хариуцлагаас бултсанд Т.Шинэбаяр маш их гомдолтой байна. Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам нь эсрэгээрээ аль болох “мөнгө өгөхгүй” байхаар зохицуулсан нь энэхүү эмгэнэлт үйл явдлаар харагдаж байгаа юм.

Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх маягт
ТОГТОЛЦООНЫ ОЛОН ДОГОЛДЛЫГ ӨР ӨВТГӨМ ТҮҮХЭЭРЭЭ ГЭРЧЛЭН ОДОВ
Хилийн чанад дахь эмчилгээний аялал жуулчлал өндөр хөгжсөн эмнэлгүүд өвдөж зовсон, ядарч зүдэрсэн хүмүүсийн итгэл найдвар, цаг хугацаа, мөнгө санхүүг зэрэг “сорж”, сорихын хажуугаар Монголд эмчилж чадаагүйнхээ төлөө төр нь хариуцлага хүлээж чадахгүй байгаа нь эл “хэрэг”-ийн гол эмгэнэл нь. Т.Шинэбаярын гэр бүлд тохиолдсон гашуун түүх ганцхан өрх айлын зовлон биш, нийт монголчуудын өнөөгийн төрх билээ. Охин зөвхөн өвчинтэйгөө тэмцсээр энэ хорвоогоос буцаагүй. Тэрбээр өөрийнхөө өр өвтгөм түүхээр гадаадын нэртэй эмнэлэг болгон сайн байдаггүйг, эмчилгээний цаадах бизнес, хариуцлагаас бултдаг заль, дотоодын иргэдээ нас барсан, үгүйгээр нь ялгаварладаг тогтолцоо, амьдралд нийцээгүй дүрэм журам, эрх мэдэлтнүүдийн хүнд суртал, хүнлэг бус шийдвэрийг бүгдийг нь илчлээд, ид цэцэглэх насандаа энэ хорвоогоос одсон юм.
Охин эх орондоо ирээд дөрвөн хоногийн дараа буюу Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т хэвтэн эмчлүүлж байхдаа 2026 оны гуравдугаар сарын 4-нд нас барсан. Түүний ээж Т.Шинэбаяр “БНХАУ-ын Бээжин хот дахь “Лу Даопэй” цусны эмгэг судлалын төв эмнэлэгт үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгээд, хагалгааны дараах хүндрэлийг давж гарахын тулд охин минь гурван сарын турш тарчилж, хүнд өвчинтэйгөө шүд зуун тэмцсэн. “Найдваргүй, нутаг буц” гэж хэлэх хүртлээ “Бүрэн эдгэрнэ ээ” гэсэн хятад эмч нарын үгэнд итгэж, эцэст нь хайртай үрээ алдсандаа одоо ч итгэж чадахгүй явна” хэмээн нулимс урсган ярих нь үнэхээр зүрх зүсэм.
Хамгийн хэцүү нь, энэ хүрээд тэдний уй гашуу дуусаагүй. Дараагийн шатны дарамт, илүү ноцтой асуудал урган гарсан нь дээр дурдсанчлан Монголд эдгээх боломжгүй өвчний оношоор гадаадад эмчлүүлэгсдийн эмчилгээний төлбөрийн буцаан олголттой холбоотой юм. Тодруулбал, Засгийн газраас 2024 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан 78 дугаар тогтоол, түүнийг хэрэгжүүлэх Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам нь нэгдүгээрт, Үндсэн хуулийн зөрчилтэй. Иргэнээ нас барсан, үгүйгээр нь ялгаварлан гадуурхаж, эмчилгээний төлбөрийн буцаан олголт өгөх, эсэхийг шийддэг ийм хүйтэн, хүнлэг бус заалтыг анхнаасаа яагаад тусгасан нь сонин. Т.Шинэбаярын гэр бүл эл журмын дагуу бүх материалаа бүрдүүлж, хугацаанд нь өгсөн. Тэр ч бүү хэл, нийт зарцуулсан зардлынхаа зөвхөн үүдэл эс шилжүүлэн суулгуулсан төлбөр болох 600 сая төгрөгт буцаан олголт хүссэн байна. Харамсалтай нь, тэдэнд ирүүлсэн хариу энгийн нэг татгалзсан бичиг биш байсанд л гол зангилаа оршино.

Эмчилгээний төлбөрийн нөхөн олговор өгөхөөс татгалзсан албан тоот
ЗӨВЛӨЛ ХОЁР САР ТУТАМД ХУРАЛДААГҮЙГЭЭС БУЦААН ОЛГОЛТОО АВЧ АМЖИЛГҮЙ ХОРВООГ ОРХИЖЭЭ
Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын 6.4.1-т зааснаар зөвлөл хоёр сар тутам хуралдах ёстой. Улмаар 6.4.2-т хурлын шийдвэрийг ажлын тав хоногт баталгаажуулж, долоо хоногийн дотор Сангийн яамны Төрийн санд хүргүүлнэ гэж заажээ. Үүний дагуу гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх орон тооны бус дэд зөвлөл 2026 он гарснаас хойш наанадаж эхний хоёр сарын дотор хуралдах байж. Эл хугацаанд буцаан олголт хүссэн хүмүүсийн материалтай танилцаж, журмын 6.4.3-т зааснаар хүүхдэд гадаадад эмчлүүлсэн төлбөрийнх нь 50, насанд хүрэгчдэд 20 хувийн буцаан олголт өгөх ёстой аж. Гэтэл Т.Шинэбаяр буцаан олголт хүссэн материалаа 2026 оны нэгдүгээр сарын 12-нд бүрдүүлж өгсөн мөртлөө авч чадаагүй.
Тэгвэл бидний олж мэдсэнээр, баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр дээрх зөвлөл 2026 он гарснаас хойш ердөө ганцхан удаа хуралдсан нь гуравдугаар сарын 12-ны өдөр байв. Өөрөөр хэлбэл, зөвлөл журамд заасан хоёр сар тутамд хуралдах үүргээ биелүүлээгүй. Харамсалтай нь, тэднийг гурван сар хагасын дараа хуралдаж, шийдвэрээ гаргахад охин хэдийн хорвоог орхисон байлаа. Тодруулбал, охиныг нас барснаас хойш буюу найм хоногийн дараа орон тооны бус дэд зөвлөл хуралдаж. Тийм байж ичих ч үгүй ар гэрийнхэнд нь “Зөвлөл хуралдахаас өмнө нас барсан тул...” гэсэн албан тоот илгээсэн байгаа юм. Буцаан олголт хүссэн нэгдүгээр сарын 12- ноос хойш охин хоёр сар орчим амьд байсан шүү дээ. Энэ хугацаанд асуудлыг шийдчих бүрэн боломжтой байсан нь энэхүү баримтаар батлагдаж буй.
Т.Шинэбаяр он гарснаас хойш дэд зөвлөлийн хурал хэзээ болсныг тодруулж өгөхийг манай сониныхноос хүссэний дагуу бид дээрх баримтыг олсон юм. Учир нь түүнийг эмчилгээний төлбөрийн буцаан олголт хүсэж, ЭМЯнд материалаа өгөх үеэр “Дэд зөвлөл хуралдах өвчний жагсаалтад багтсан оношоор гадаадад эмчлүүлсэн нь үнэн. Бид улсаас зүгээр мөнгө гуйгаагүй, хууль тогтоомжид заасны дагуу л буцаан олголт хүссэн. “Эмчлүүлээд эдгэрээгүй, нас барчихсан болохоор мөнгө өгөх хэрэггүй” гэж байгаа юм уу. Хүний нутагт хүнд өвчтэй хүүхдээ сахиад, зовж зүдэрч яваад ирэхэд ядаж төр засаг, эх орон минь нааштай хүлээж авах болов уу гэж итгэж байлаа. Даанч дээ” хэмээн толгой сэгсрэн ярилаа.
Мөн тэрбээр “Хятад улс тэрбум гаруй хүн амтай хэрнээ өндөр өртөгтэй эмчилгээг хүртэл даатгалаасаа шийдчихдэг. Ард иргэддээ санхүүгийн ямар ч дарамт, чирэгдэл учруулдаггүй. Гэтэл манай монголчууд яг үнэндээ бор зүрхээрээ л явж байгаа. Монголд эдгээхгүй байтугай, эх орондоо илаарьших боломжтой өвчнийг хүртэл эмчилж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ. Албан ёсоор “эмчлэх боломжгүй” гэсэн жагсаалтад багтсаныг нь ард иргэд гадаадад, байгаа бүхнээ зарж, олон нийтээс хандив босгож л болгож ирсэн. Над шиг ийм зовлонтой өч төчнөөн хүн бий. Монголчууд хүнд өвчний өмнө үнэхээр хүчин мөхөстөж, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад өртөн, гэр бүлээрээ, ах дүү, хамаатан саднаараа ядуурцгааж байна. “Лу Даопэй” цусны эмгэг судлалын төв эмнэлэгт охиныг минь эмчлүүлэх хугацаанд миний мэдэхээр нийт 12 монгол хүн үүдэл эс шилжүүлэн суулгуулсан. Үүнээс миний охинтой нийлээд лав дөрвөн хүн нас барчихлаа. Бусдынх нь хувь заяа хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Эмчилгээний дундаж зардал нь 600 саяас нэг тэрбум төгрөг. Олон улсын эмнэлгүүд бол тэр чигтээ бизнес болчихсон юм билээ. Хүнээ эдгээх гэж гордлогын харцаар ширтэж буй хүмүүсийг өлхөн залилж, элдэв бусын эмчилгээ нэмж хийсээр, өчнөөн мөнгө төгрөгийг нь авчихаад адаг сүүлд нь “найдваргүй” болохоор эх орондоо буц л гэдэг юм байна” хэмээв.
Бид зарим зүйлийг тодруулахаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын төрөлжсөн мэргэшлийн тусламжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож, дараах мэдээллийг авсан юм. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн үйлчлүүлэгчийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхээр 2025 онд 84 иргэнд гурван тэрбум 921.8 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн юм байна. Засгийн газрын 78 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх журмыг Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/273 дугаар тушаалаар шинэчлэн баталж, буцаан олголтын хувь хэмжээг дээр дурсанаар нэмсэн аж.
Манай улс гадаадад эмчлүүлэгсдэд 2011 оноос хойш эмчилгээний төлбөрийн буцаан олголт өгч иржээ. 2011-2025 онд нийт 1500 гаруй иргэний эмчилгээний зардлын нөхөн төлбөрт 9.7 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас гаргасныг тэрбээр хэлсэн. Мөн гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх орон тооны бус дэд зөвлөлийг 2026 он гарснаас хойш гуравдугаар сарын 12-нд хуралдсаныг баталсан юм.
“ЭНДСЭН Ч, ЭДГЭРСЭН Ч ЭХ ОРОНДОО ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДДАГГҮЙ БАЙГААСАЙ”
Тэгэхээр зөвлөл хугацаандаа хуралдаагүй нь зөвхөн процедурын алдаа биш, харин хариуцлагын асуудал яригдах ёстойг харуулж байна. Түүгээр ч зогсохгүй Т.Шинэбаяр охиноо гадаадад эмчлүүлэх зөвшөөрөл авах, шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхийн тулд хоёр сар шахам хүлээсэн, эл хугацаанд охинд 100 хувь тохирох хоёр ч донор гарсныг алдсан. Энэ нь эрүүл мэндийн салбар дахь шийдвэр гаргалтын хурд хүний амь насанд шууд нөлөөлж байгааг гэрчилнэ. Ингэж хохироочхоод, халамж горьдоогүй, харин бодлогын хүрээнд олгогдох ёстой дэмжлэг хүссэнийхээ төлөө хүний ёсноос доогуур үнэлэгдсэндээ эх хүн голоо гогдтол гомдож, хууль, шүүхийн байгууллагад хандаж буйгаа ч бидэнд хэлсэн. Одоо түүний охиндоо хийж өгөх эцсийн хүсэл нь ард иргэдээ нас барсан, үгүйгээр нь ялгаварлан гадуурхсан 78 дугаар тогтоолын 6.5 дахь заалтыг өөрчлүүлэх.
Тэрбээр “Өөр бусад нь эмчлүүлээд эдгэрсэн ч, эндсэн ч эх орондоо энэ заалтаар ялгаварлан гадуурхагддаггүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Нас барсан бол харин ч бүр олгох ёстой баймаар. Монголд эдгээх боломжгүй өвчний оношоор гадаадад эмчлүүлж буй иргэдийнхээ эмчилгээний төлбөрийг хариуцаж чаддаггүй юм гэхэд ядаж 20 хувийн буцаан олголтоо хэл амгүйхэн шиг өгдөг болоосой. ЭМЯныхан сүүлд журмаа гуйвуулж, зөвлөл хоёр сар тутамд биш, материал өгснөөс хойш хоёр сарын дотор асуудлыг шийднэ гэж хэлсэн. Журамд тийм заалт байхгүй. Тиймээс би Эрүүл мэндийн сайдад хандан албан бичиг, өргөдлөө өгсөн. Одоогоор хариу ирүүлээгүй. Мөн хуулийн байгууллагад хандаж, гомдол, хүсэлтээ өгөөд явж байна” гэсэн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан ёсны цахим хуудсанд “Эхийн хэвлийд ураг бүрэлдэхээс эхлээд л төрийн хамгаалалтад ордог. Төр засаг иргэнийхээ амьдралын бүх мөчид нийгмийн цогц хамгааллыг хүргэхээр ажилладаг. Хүн бүр нийгмийн давхарга, шашин шүтлэг, нас, хүйс, эрүүл мэндийн шалтгаанаар ялгарварлан гадуурхагдахгүй, нийгмийн үйлчилгээг эрх тэгш хүртэх ёстой” гэсэн байв. Гадаадад эмчлүүлэх иргэдийн тоо энэ мэт жилээс жилд нэмэгдэж, асар их валют гадагш урсаж, нийтээрээ амьдралын баталгаагаа алдсаар байхад бүхэл бүтэн ЭМЯ, Засгийн газрын тогтоол нь бодит байдалд ийм л байна. Улмаар 78 дугаар тогтоолын дээрх заалт нь өвчтэй хүний бодит нөхцөл, эмчилгээний явц, шийдвэр гаргалтын хугацааны зөрүү зэргийг огт харгалзаагүй, хатуу механик байдлаар хэрэгжүүлж буй нь учир дутагдалтай. Т.Шинэбаярын “Нас барсан ч энэ улсын иргэн биш үү” гэсэн асуулт нь зөвхөн нэг заалтын тухай бус, цаашид ч ижил нөхцөлд орж болзошгүй олон хүний эрх ашиг энд хөндөгдөж буй. Улмаар төр иргэнээ хэрхэн ялгаварлаж, журмаа хамгаалж байгаагийн илэрхийлэл юм.