Өөрийн эрхгүй хоргодно, ахин очмоор санагдана, Ханжөүд. Сэтгэл зүрхнээс үл алсрана. Тэнгэрт диваажин, газарт Ханжөү, Сужөү гэдэг үг Хятадад бий. БНХАУ-ын зүүн өмнөд хэсэг далайн эрэг дагуух Хөх мөрний сав газарт орших үзэсгэлэнт Ханжөүд буудалласан хэн боловч шүлэг тэрлэж, хөгжим эгшиглүүлэхүйеэ, сэтгэл булаам юм билээ. Эрт үед одон орон, шинжлэх ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарын хөгжлөөрөө буурал тивээс олон зуун жилээр түрүүлж байжээ, энэ хот. Үзүүлэх харуулах юм ихтэй, аялал жуулчлал өндөр хөгжсөн, түүхийн өлгий нутагт Монголын сэтгүүлчдийн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг хөл тавьсан юм. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал, хамтын ажиллагааны үр дүн эхнээсээ ажил хэрэг болж буйн жишээ энэ байлаа. Зургаахан хоног гэхэд сэтгүүлчид Хятадын хамгийн усархаг дөрвөн мужийн нэг Жэжяны олон хотоор аялж, ганзага дүүрэн нутаг буцацгаасан юм. Тус муж нь Хятадын дорнод хэсэгт 102 мянган шоо метр газар эзлэн оршдог.
Дулаан, зөөлөн уур амьсгалтай, жилийн дундаж температур нь 15-18 градус. Ой мод, тэр дундаа хулсан ой нь мужийн хамгийн үнэтэй баялаг нь. Өөр нэгэн баялаг нь хүн. Олон зууны далайн “шуурганд” ч гүн ухаантнууд, нэрт яруу найрагчид, бичиг номын эрдэмтэд төрөн гарсаар байна. Мужийн төв нь бидний хөл тавьсан үзэсгэлэнт Ханжөү. Тус хот 47.2 сая хүн амтай, тэдний нэг хүрэхгүй хувьд нь шэ, хуй гэгддэг үндэстний цөөнх амьдардаг юм байна. Ханжөүд өнгөрүүлсэн бидний хором бүр гайхамшигтай, гайхалтай, дуу алдам байлаа. 70 гаруй төрлийн загас, жараахай нутагладаг түүхт Сиху буюу Баруун нуурын усанд аялсан тэр мөч сэтгэлээс үл холдном. Гурван хиймэл аралтай энэ нуурыг тойрон түүх, соёлын болоод байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг нь гадаад, дотоодын жуулчдыг соронз мэт татдаг юм байна. Тиймдээ ч хятадууд энэ нутгаа аялал жуулчлалд түшиглэн хөгжүүлж, амралт зугаалгын таатай бүс болгожээ. Баруун нуураас холгүйхэн Фэйлай шань буюу “Нисэж ирсэн уул” нэртэй цэцэрлэгт хүрээлэнд Буддын шашны сүм хийд, бурхадын чулуун болоод хүрэл, модон цутгамал, сийлбэр байдгийн дотор дэлхийн хамгийн томд тооцогддог “Нойрсож буй Будда” хэмээх асар том чулуун бурхан болон Хубилай хааны үед холбогдох Монголын дөрвөлжин үсгээр хадан дээр сийлэн үлдээсэн түүхийн ховор үзмэрүүд бий. Нөгөөтэйгүүр Ханжөү бол Хятадын алдарт лунжин цайны нутаг юм. Усан онгоцноо энэ цайг нь шимингээ Баруун нуурын үзэмжит байгалийг тольдсон нь миний хувьд олзуурхууштай байв.
Хүмүүс нь зовохгүйгээр яаж амгалан тайван, сэтгэл амар амьдарч болдгийг эндээс харж болно. Үлгэрт л гардаг байх гэмээр тийм амар амгалан мэдрэгддэг юм билээ. Ханжөүгийн уугуул, суугуул иргэд нь гар урлалын чамин тансаг бүтээгдэхүүнээрээ алдартай. Бид бүхний мэддэг хүр хорхойн шүлсээр нэхсэн торго дурданг эндээс олж авах боломжтой. БНХАУ-ыг торгоны эх орон гэж алдаршуулахад хүргэсэн хүмүүс нь эндхийнх аж. Мөн дэлхийн тэрбумтан Жак Магийн үүсгэн байгуулсан Алибаба.ком сайтын аж үйлдвэрийн төв фарк энд байрладаг. Дэлхийн хэмжээний энэ сайтаар зочилсон нь сэтгүүлч миний хувьд таатай боломж байлаа. 15 “настай” ч уг сайт асар богино хугацаанд өндөрлөгт хүрч чадсан юм байна. Энэ оны есдүгээр сард АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэнээс хойш дэлхий дахины анхаарлын төвд байх болжээ. Электрон худалдаа, банк санхүү, бараа үйлчилгээ, үүлэн тооцоолуур гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ сайт 510 сая хэрэглэгчтэй, есөн сая хүнийг ажлын байраар хангадаг гэхээр ямархуу далайцтай болохыг нь харж болно. Мөн гар утасны 270 сая хэрэглэгчтэй, Хятадын 100 гаруй банкаар дамжуулан төлбөр тооцоогоо явуулж, жижиг дунд 1.1 сая аж ахуйн нэгжид гурван сая юанийн зээл олгоод буй гэнэ. Манайхан саяхан “Алибаба”-гаар газраа худалдаж буй талаар шуугьцгаасан. Энэ тухай асуух боломж бидэнд олдсон юм.
Тус сайтын ерөнхийлөгчийн туслах Шир Бө “Манайхаар 243 улсын иргэд бараа бүтээгдэхүүнээ дамжуулан худалддаг. Монголоос ч бий. Гэхдээ газрын худалдаа нь хориотой, хууль бус наймаанд ордог тул бид ийм төрлийн арилжаа хийх боломжгүй. Харин энэ талаар зар тавьсан байхыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш арилжаа хийгдээгүй” гэсэн юм. XIII зууны үед нэрт аялагч Марко Полог дуу алдуулж, гайхашруулж байсан Ханжөү хотын хэвлэл мэдээллийн хамгийн том хэрэгслээр зочиллоо. 1949 оны тавдугаар сарын 9-нд байгуулагдсан “Жэжян өдрийн сонин”-г манай улсын хүн амаас хоёр дахин олон хүн захиалдаг, 40 гаруй сая хүн онлайнаар уншдаг юм байна. Уламжлалт, нам төрийн бодлого баримталдаг уг сонинд 6000 хүн ажилладгийн 2000 гаруй нь сэтгүүлч. 2009 онд Си Зиньпин Жэжян мужийн дарга байхдаа уг сониноор олонтаа айлчилж байжээ. Захиалгаасаа гадна өдөрт 420 гаруй мянган ширхэг сонин хэвлэн, тараадаг. Сэтг үүлчдэд нь манайхан шиг төлөвлөгөө норм гэж байхг үй, тухайн өдөрт болсон үйл явдлаа бичээд цаг хугацаа, орон зай үл хамааран хаанаас ч оруулчихдаг гэнэ. Энэ том сонины ерөнхий эрхлэгчээр нь Го Хай Хо ажилладаг бөгөөд биднийг дэд захирал манайхаар бол орлогч эрхлэгч Лү Шин Ил угтан авч, репакцынхаа бүтэц бүрэлдэхүүнтэй танилцуулсан юм.
Шинжлэх ухаан, уран зохиол, эдийн засаг, газар тариалан, нийгэм зэрэг албатай. Уншигчдынхаа тоо болон хандалтууд зэргийг онлайнаар хянаж байдаг. Бүхий л үйл ажиллагаа нь цахимжсан. Манайхны сонин эдний хурд, техникийн дэвшил зэргээс хэдэн жилээр хоцорсон нь илт байв. Харин сэтгүүлчид нь үндсэн цалингаасаа гадна бичлэгийн шагнал авдаг нь манайхтай адилхан. Мэдээж цалингийнх нь хувь хэмжээ биднийхээс хэд дахин их байх нь ойлгомжтой. Эдний сэтгүүлчид хэзээ ч шүүхэд дуудагдаж байгаагүй. Жилд ганц удаа шүүхээс нэхэмжлэх ирэх нь бий. Энэ нь зар сурталчилгаатай холбоотой асуудлаар. Хэтэрхий хаалттай, зөвхөн засгийн эрхэнд буй нам төрийн зүтгэлтнүүдэд л үйлчилдэг. Хэн нэгнийг эсэрг үүцэх эрх сэтгүүлчдэд байхгүй. Тэдний хажууд бид хэтэрхий “даварсан” юм билээ. “Нэг бол бид тэнэг, эсвэл Монголын сэтгүүлчид тэднээс 20 жилээр тасарчихаж гэж” МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар хошигносон. Эндхийн шинээр орсон сэтгүүлчид гурван сар ажиллаад “Жэжян өдрийн сонин”-ы үндсэн ажилтан болдог. Сар, жил бүр шилдэг сэтгүүлчдээ урамшуулдаг гэхчилэн нийгмийн асуудлыг нь маш сайн анхаардаг юм билээ. Захиалагчдаас нь гадна хоёр сая гаруй хүн гар утсаараа уг сониныг уншдаг гэж байгаа. Түүнээс гадна сониныхоо хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжах замаар мөнгө босгодог. Нийт 20 тэрбум юанийн хувьцаатай, найман сайтыг эгнээндээ нэгтгэдэг асар том группийн талаар товчхон мэдээлэхэд нэг иймэрхүү.
Дашрамд өгүүлэхэд, тус сонин таван жилийн дараа цаасан хэвлэлээ халж, бүрэн онлайн болох гэж буйгаа бидэнд дуулгасан. Сэтгэл гэгэлзэж, гуниг төрөх нь Ханжөүгээс хөдлөх болсных биз ээ. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг нь жам хойно. Бид эндээс 980 мянган хүн амтай ч хөгжил нь “тэнгэрт” тулсан Жөүшан хотыг зорилоо. Тус хотын далай дээгүүр барьсан гүүрийг үзэж, автомашинаар анх удаа далай гаталж үзсэн нь энэ байв. Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр энэ улсад бий. Тодруулбал, Чиндао, Жиаожоу хотыг холбосон 42.3 км гүүрийг хоёр жилийн өмнө ашиглалтад оруулсан байдаг. Жөүшан хотын энэ гүүр 23 км урт. Үүгээр зорчсоны төлбөрт жолооч нар 350 юань төлж байсан. Монгол мөнгөөр 110 орчим мянган төгрөг. 23 км зам туулаад ийм хэмжээний мөнгө төлж байгаа болохоор зам харилцаа сайтай байх нь ч аргагүй биз ээ. Тус хотод Буддын шашны олон сүм, хийд байдаг аж. Бид Түгээмэл авралын хийд, Дарь-Эхийн бурхан багшийн цогцолборт зочилсон юм. Түүхийн дурсгалт Пүтүөшан уулын бэлэг тэмдэг болгон Дарь-Эх бурхны хөшөөг сүсэгтэн олны 800 сая юанийн өглөг барьцаар босгосон аж. Зөвхөн түүнд мөргөж, залбирах гэж жилд зургаан сая жуулчин ирдэг гэж бодохоор тус хотын аялал жуулчлалын орлого хэр байх нь ойлгомжтой.
Мөн бид 13 үеэрээ ном хадгалж ирсэн XIII зууны нэрт яруу найрагч Фан Шигийн гэр музейгээр зочилсон юм. Түүний гэрийг тэр чигт нь музей болгон хадгалж, өнөө үед үлдээжээ. Тус музей 70 мянган номтой, гэр дотор нь Фан Ши болон түүний том хүү, бэрийнх нь хөшөөг босгосон байв. Тэрбээр хоёр хүүтэй ч бага нь хүнд өвчний улмаас өөд болсон тул өв хөрөнгийг нь бэрдээ өвлүүлсэн нь энэ аж. Жөүшанаас 2500 жилийн түүхтэй, эртний хот Шаошинг зорилоо. Хөх мөрний гурвалжин хойгт байрладаг уг хот Хятадын нэрт зохиолч Лү Сүний төрсөн нутаг юм. 4000 гаруй жилийн соёлын өв уламжлалтай, хот болон хөгжөөд 2500 гаруй жил болж буй аж. Энэхүү эртний хот дэлхий дахинаа Дорно дахины Венец хэмээн алдаршжээ. Шаошин хотын дундуур голын ус мяралзан урсаж, янз бүрийн хэлбэр дүрстэй чулуун гүүр нь хотын үзэмжинд өнгө нэмнэ. Тус хот анхилуун үнэртэй, шар архиараа алдартай. Бороотой өдөр голын хөвөөн дэх архины мухлагт саатан, анхилуун шар архи шимж суух нь жуулчдын заавал үзэж мэдрэх ёстой жаргал гэнэм. Бид Аньчангийн эртний сууринг үзэж, хотуудын туурь, уламжлалт ёс заншилтай танилцсан юм. Тус хот шар архинаас гадна жангийн орон аж. Үйлдвэрээр нь орж, жан хэрхэн гаргаж, дардгийг мэдэж авав. Энэ мэтчилэн Монголын сэтгүүлчид түүхийн дурсгалт олон газраар явж, хөгжилтэй, хоржоонтой аялалаа өндөрлөж, эх нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм.
NTV телевизийн ерөнхий захирал Ц.Энхбатаар ахлуулсан манай сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар, топ хатагтай Б.Сарантуяагийн дуулснаар олны хүртээл болсон “Тэр намайг дурсдаг болов уу” дууны үгийг бичсэн, UBS телевизийн дэд захирал Б.Нармандах, “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч асан, “Интерком” ХХК-ийн захирал Д.Цэдэн-Иш, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Монгол фото” сэтгүүлийн эрхлэгч Ц.Батбаатар, “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Т.Дашням, МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албаны дарга Д.Догсом, МСЭ-ийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвдорж, тус эвлэлийн Дархан салбар зөвлөлийн дарга М.Гантулга, MCS группийн ОНХА-ны дарга Ц.Баяраа, “Ардчилал” сонины Гэрэл зургийн албаны дарга Ш.Отгонжаргал, News.mn сайтын сурвалжлагч Т.Дарханхөвсгөл нар багтав. Монголын сэтгүүлчдийн энэ айлчлалыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны VI газрын дарга Гэ Гуан Жы гардан зохион байгуулсан юм билээ. Аяллын турш биднийг аятай тухтай байлгах гэж бүхий л сэтгэл зүрхээ гаргасан түүнийг дурдахгүй өнгөрч боломгүй. Тэрбээр энэ айлчлалын тухайд “Си Зиньпин даргын Монголд хийсэн айлчлалын шууд үр дүн” хэмээсэн. Мөн биднийг хүлээж авсан Хятадын хэвлэл мэдээллийн бусад байгууллагын ажилтнууд, бүхий л талаар сэтгэл зүрх гарган үйлчилсэн хүн бүрт чин сэтгэлээсээ талархъя.
О.БАТ-УНДРАХ