Вьетнам, Лаос, Куба улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа. Вьетнам 13 иргэнийг бакалаврт (байгаль орчны нөхөн сэргээлт, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлалт), хоёр иргэнийг магистрантурт (инженер), Лаос найман иргэнийг бакалаврт (инженер, аялал жуулчлал), Куба нэг иргэнийг анагаах ухааны чиглэлээр бакалаврт сургах аж. Бакалаврын сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I-II курсэд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн оролцоно. Магистрантурын сонгон шалгаруулалтад бакалаврын зэрэгтэй (3.0 ба түүнээс дээш дипломын голч дүнтэй) 35 хүртэлх насны иргэд оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай авах юм байна. Бакалаврын тэтгэлэгт шалгуулагчаас англи хэл болон мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр авах бол магистрантурын тэтгэлэгт шалгуулагчаас англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр авна.
Хүлээн авагч тал Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.