УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 16-17-нд нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. 30 мянган хүн амтай Багануур дүүргийн иргэдийн мөрөөдөл амьдрал дээр олох таатай нөхцөл, боломж энэ онд бүрдэж, ирээдүйд хот хот болж хөгжихөд бэлтгэж буй юм. Тус дүүрэг 2030 он гэхэд 60 мянган хүн амтай болно хэмээн тооцоолжээ. Хүн амын төвл өрөл нэмэгдэж, уурхайг дагасан хөнг өн үйлдвэрүүд бий болж, ЖДҮ эрхлэгчдийн тоо өсөж, ажлын байр нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний асуудал тулгарна. Мөн Монгол Улсад хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүчний хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага бий болж буй юм.
Энэ хэрэглээг хангах зорилгоор “Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон билээ. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 мВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий уг станцыг ашиглалтад оруулах шийдвэр гарсныг Аж үйлдвэрийн сайд багануурчуудад дуулгасан. Цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний асуудлыг шийдвэрлээд зогсохгүй ажлын байр нэмэгдэж, “Эрчим хүчний хот” болж хөгжих боломж нээгдэх аж. Уурхай дээр станц барих учраас нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэж, улмаар эрчим хүчний тариф харьцангуй хямд байх боломжтой. Тиймээс Багануурчууд хот гэдэг гурван үсэгний ард бэлтгэлээ сайтар хийх хэрэгтэйг Аж үйлдвэрийн сайд сануулж байлаа.
100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ
Багануурын уурхайн одоогийн хүчин чадал дөрвөн сая тонн бөгөөд цаашид хоёр дахин өргөтгөхөөр төлөвлөжээ. 1983 оноос хойш техникийн шинэчлэл хийгээгүй ч өнгөрсөн хоёр жилд 37 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. 700 мВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд Багануурын уурхайг өргөтгөх учиртай. Тодруулбал, цахилгаан станц ашиглалтад орсноор Багануурын уурхайн өнөөгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануурын уурхайн үйл ажиллагаа, нүүрсний нөөц, өргөтгөхөд зайлшгүй шаардлагатай хийх ажлуудтай газар дээр нь танилцлаа.
700 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцын эхний ээлжийн барилга хоёр жилийн дараа ашиглалтад ороход Багануурын уурхайд нүүрс бэлэн үү гэдгийг анхаарах ёстойг сайд хэлж байв. Хүнд үйлдвэр цаашид говийн бүсэд төвлөрөх бөгөөд эдгээрийн эрчим хүчний хэрэгцээг хангахад дээрх цахилгаан станц онцгой хувь нэмэр оруулна. Уурхайг өргөтгөх асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг амаараа яриад шийдчихдэг юм биш. Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болох нь. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед энэ боломжгүй ч Засгийн газар анхаарах үүрэгтэй.
Цахилгаан станцын барилгын ажил эхэлснээр, ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Төдий чинээ багануурчууд ажилтай, цалинтай болно” гэв. Шинэ цахилгаан станц ашиглалтад орсноор нэмж гурван сая тонн нүүрсний хэрэгцээ бий болох юм.
БАГАНУУРТ “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХОТХОН” БАЙГУУЛНА
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар оюутны хотхоныг барьж, байгуулах, их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах талаар хоёр ч Засгийн газар дамжуулан ярьж байна. Тэгвэл Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануурт “Шинжлэх ухаан, технологийн парк” байгуулах ажлыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. ШУТИС-ийг хотоос нүүлгэж, эрдэм, шинжилгээ, судалгаанд суурилсан, оюутан залуусын хотхон Багануур хотод сүндэрлэх нь. Ингэснээр монголчуудын удаан мөрөөдсөн өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж жинхэнэ утгаараа бий болно. Цаашилбал, үйлдвэрийг кластерийн системээр хөгжүүлэхэд “Шинжлэх ухаан, технологийн хотхон”-ы үүрэг оролцоо онцгой. Ирээдүйн Багануур хотод шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл хөгжиж, өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрчимжүүлэхийн тулд уг хотхоныг байгуулах шаардлагатай байгаа аж.
С.УУЛ