Манай улс 2003 оноос “Глобаль” сангаас ДОХ, сүрьеэ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 11 удаа нийт 50 сая ам.долларын төсөл батлуулан хэрэгжүүлсний 16.5 сая ам.долларыг нь ДОХ-оос сэргийлэхэд зарцуулжээ. Тэгвэл 2015-2017 онд ДОХ-той тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх таван сая ам.долларын төслийн гэрээнд ЭМСЯ, ХӨСҮТ, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд гарын үсэг зурлаа.
Уг мөнгийг ХДХВ/ ДОХ-ын халдвараас сэргийлэх, бүх шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулах аж. “Глобаль” сан байгуулагдсанаасаа хойш дэлхийн 140 гаруй оронд 30 тэрбум ам.долларын санхүүжилт олгоод байна.
2014 оны байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр дэлхийн хэмжээнд 7.3 сая хүнийг ДОХ-ын ретровирусийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамруулж, сүрьеэтэй 12.3 сая өвчтөнийг эрт үед нь илрүүлэн эмчилж, хумхаа өвчнийг 17 хувиар, түүнээс шалтгаалсан нас баралтыг 26 хувиар бууруулж чаджээ.
О.БАТ-УНДРАХ