Хагас автомат системийг галт тэрэг ирэх, бүрэн бүтэн байдлыг нь хянах гээд олон зүйлд 40 гаруй жил ашиглаж ирсэн УБТЗ анх 2013 оны арванхоёрдугаар сард микропроцессорын төвлөрүүлэлттэй алсын удирдлагатай зөрлөг ашиглалтад оруулж байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт бас дахин нэг ийм зөрлөгтэй болов. Энэ нь өмнө ашиглалтад орсон Агьс үмбэт дэх алсын удирдлагатай зөрлөгөөс огт өөр. Хоёр урт галт тэргийг зогсоохгүйгээр хооронд нь зөрүүлэх боломжтой. Шинээр ашиглалтад орж буй 31 дүгээр зөрлөг нь Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Алтганы гол-Улхын овооны хоорондын замд байрлаж буй юм. Алсын удирдлагатай гэдэг нь нэг зөрлөгөөс нөгөөг хянана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 16 километрийн зайд орших шинэ зөрлөгийг Алтганы гол дахь автоматжуулсан байрнаас удирдах юм.
Айраг-Сайншанд-Замын-Үүд чиглэлд өдгөө 12 хос галт тэрэг зорчдог аж. Алсын удирдлагатай хоёр дахь шинэ зөрлөг ашиглалтад орсноор 16 хос галт тэрэг явах боломжтой болж буй юм байна. Түүнчлэн энгийн зөрлөг 1.5 километр урттай байдаг бол 31 дүгээр зөрлөг 3.5 километр урт аж. Алтганы-гол зөрлөгийн дарга Н.Чулуунчимэг “Хос замтай үед хоёр галт тэрэг зөрөөд явчихна. Тэгвэл 31 дүгээр зөрлөгийн хувьд цуваа байрлалын А, Б парктай. Тэгэхээр хоёр галт тэрэгний аль нэгийг зогсоохгүйгээр шууд явуулах боломжтой болсноороо онцлог. Ингэснээр зүтгүүрийн хүчин чадлаас шалтгаалаад түлш хэмнэхээс гадна ачааны галт тэрэгний нэвтрүүлэх болон ачаа тээх чадвар нэмэгдэж байна.
Түүнчлэн хоногт арав гаруй хос галт тэрэг явдаг байсан бол одооноос 16 боллоо” гэв. Говь нутагт нэг дор олон хүн ажиллуулахад орон байр, цалин хөлснөөс эхлээд асуудал мундахгүй. Нэг зөрлөгт багаар бодоход 20 гаруй хүн ажилладаг. Алсын удирдлагатай зөрлөг ашиглалтад оруулснаар эдийн засгийн хувьд хэмнэлт гарах төдийгүй төмөр замчдын ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай. Түүнчлэн зөрлөг бүрт олон хүн ажиллах шаардлагагүй болж байгаа юм. УБТЗ-аас энэ онд техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд алсын удирдлагатай гурван зөрлөг ашиглалтад оруулахаар төлөвлөсний эхнийх нь энэхүү 31 дүгээр зөрлөг. Үлдсэн хоёрыг нь сарын дараа ашиглалтад оруулах аж.
Ингэснээр Айраг-Сайншанд-Замын-Үүд чиглэлд 20 хос галт тэрэг нэвтрүүлэх боломжтой болж, жилдээ 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэх гэнэ. Алсын удирдлагатай зөрлөгүүдтэй болж байгаа нь цаашид төмөр замын хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг диспетчерийн нэгдсэн удирдлагад шилжүүлэх, хос зам барих ажлын эхлэл болж байгааг УБТЗ-ын ерөнхий инженер Г.Сэрээнэндорж онцлов. Манай улс өдгөө жилд 21 сая тонн ачаа тээвэрлэдэг. Гэтэл хос замтай болохын тулд жилд 50-иас дээш сая тонн ачаа тээвэрлэдэг байх ёстой аж. Шинэ зөрлөг байгуулж, зэргэлдээ өртөөнөөс нь удирддаг системийг нэвтрүүлснээр манай мэргэжилтнүүд туршлагажиж, өнгөрсөн жилийнхээс илүү сайн ажиллаж байгаа гэдгийг “Бомбардиер Транспортейшн” ХХК-ийн мэргэжилтэн Николай Шүткин онцолж байв.
31 дүгээр зөрлөгийн ажлыг ОХУ-ын “Бомбардиер Транспортейшн” компанитай хамтран УБТЗ-ын дохиолол холбооны ангийн ажилтнууд гурван сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд нийт гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Алсын удирдлагатай зөрлөгтэй болсноор УБТЗ өмнө нь ашиглаж байсан хагас автомат системээс бүр мөсөн ангижирч байгаа юм биш. Одоо ч зарим газарт ашиглаж байна. Харин микропроцессорын төвлөрүүлэлттэй төхөөрөмж нь овор хэмжээ жижиг, тэр ч бүү хэл хэн нэгний оролцоогүйгээр галт тэрэгний хөдөлгөөн, төхөөрөмжийг хянах чадвартай юм.
УБТЗ-ын ерөнхий инженер Г.Сэрээнэндоржоос зарим зүйлийг тодруулав.
-Хос зам тавихын тулд жилдээ 50-иас дээш сая тонн ачаа тээвэрлэх шаардлагатай гэж байна. Ийм хэмжээний ачаа тээвэрлэдэг болохын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
-Юуны өмнө ачаа нь байж энэ талаар ярина. Манай нутгаар дамжин тээвэрлэх нийт ачаа 50 саяас дээш тонн болбол хос зам тавих зайлшгүй шаардлагатай. Цаашид ялангуяа транзит тээврийг өсгөх талаар ажиллаж байна. Дээрээс нь экспорт, импорт нэмэгдэх, эдийн засгийн хөгжлөөс л хамаарна даа. Өнгөрсөн жил Толгойт-Улаанбаатар, Замын-Үүд-Эрээний хооронд хос замтавьсан. Цаашид хаана явцуу дамжлага байна, тэнд хос зам тавина. Цуваа зөрлөг бол хос замын эхлэл шүү дээ.
-Ачаа эргэлт буурсан гэж сонссон. Хэдэн хувиар буурав?
-18 хувиар буурсан. 2014 онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ онд 22 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор эдийн засгийн байдал таатай бус, тээвэрлэлт ч тааруу байгаа. Гэхдээ сүүлийн үед ачаа тээвэрлэлт өсөж байгаа. Тавдугаар сараас ер нь тээвэр өсдөг.
Д.БАТ