Гачууртын амны Гүнжийн хоолойн гэх газарт Хууль сахиулахын их сургуулийнхны дадлага, бэлтгэлийн төв бий. Өнгөрсөн баасан гарагт тус сургуулийн сонсогч, албан хаагчид Марш тактикийн тэмцээнээ зохион байгууллаа.
Хууль сахиулахын их сургууль бол манай улсын хууль сахиулах албаны боловсон хүчинг дангаараа бэлтгэдэг. Энэ ч утгаараа жил бүр зохион байгуулдаг марш тактикийн тэмцээн нь манай улсын хууль сахиулах байгууллагын ирээдүйн албан хаагчдын өнгийг тодорхойлдог. Цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон удирдлагын сургуулиудын шилдэг гэсэн сонсогчдыг ур чадвар, тэсвэр хатуужлаар нь уралдуулдаг юм. Тал бүрт жагссан сонсогч цэргүүд бүрээн дуунаар төв талбайд цугларснаар Хууль сахиулахын их сургуулийн энэ оны марш тактикийн тэмцээн эхлэв. Энэ жил найман сургуулиас сонсогчдын 10 баг, алба хаагчдын 13 баг марш тактикийн тэмцээнд оролцохоор 14 хоногийн турш бэлтгэлээ базаажээ. Сонсогчид, сорилтын гурван цэгт 12 дасгал, нормативыг гүйцэтгэв. Харин 10 км-ийн зайд маршид гүйхдээ дөрвөн цэгийн мөн л 12 дасгалыг гүйцэтгэсэн байна.Сонсогчдын марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд ахлах дэслэгч А.Бямбаноров ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг тэргүүлсэн юм. Харин хоёрдугаар байранд дамжааны захирагч багш, ахмад Т.Ганпүрэвийн ахалсан Ахлагчийн сургуулийн нэгдүгээр баг, гуравдугаарт дамжааны захирагч багш, дэслэгч П.Насанжаргал ахлагчтай Ахлагчийн сургуулийн хоёрдугаар баг шалгарав