Жил бүрийн хавар Москва хотод өндөр бүтээлийн сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хаврын хот тохижуулах сарын аян энэ сарын 18-ны бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээгээр эхлэв.
Хотын "ТВЦ" телевизийн уламжилснаар, их цэвэрлэгээнд Москва хотын 1 сая 200 мянган иргэн оролцож, хүрээлэн байгаа орчин тойрноо хог шорооноос цэвэрлэжээ. Москвагийн Барилгын удирдах газар өнгөрсөн сарын дунд үеэс барилгын талбай цэвэрлэх ажилдаа шамдан оров. Одоогийн байдлаар барилгын бүх объектууд болон тэдгээртэй зэрэгцээ газруудын хог шороог ачихаар тусгай бригадууд ажиллаж байна. Үүнд 3000 гаруй хүн , 650 нэгж техник хамрагдан ажиллаж байна" гэж Москва хотын Барилгын удирдах газрын тэргүүн Андрей Бочкарёв мэдэгджээ.
Мөн энэ ажлын хүрээнд Нийслэл хотын хашаа хайсуудыг будаж, засварлах, замын объектууд болон метроны буудлуудыг угааж цэвэрлэх, олны хөлийн газрыг эмх цэгцтэй болгоход онцгой анхаарах юм.
Энэ сарын 25-ны 6ямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээг дахин хийх аж. Барилгын удирдах газрын ажилтан албан хаагчид Нийслэл хотын "Лужники" цэнгэлдэх хүрээлэн болон “Москвагийн амьтны хүрээлэн”-г цэвэрлэж, засварлах ажлыг гүйцэтгэх ажээ.