Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 17-нд Саммит компьютер технологи компанийн хөрөнгө оруулалтаар “Хур говь” зочид буудал үүдээ нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, “Хур говь” зочид буудлын ТУЗ-ын дарга Т.Ганбат, ТУЗ-ын гишүүн н.Батсайхан нар оролцож тууз хайчлав. Энэхүү зочид буудал нь нийт 4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтсэн бөгөөд аймаг орон нутгийн зүгээс газрыг үнэгүй шийдэж өгснөөр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулжээ. Төслийг хэрэгжүүлэх явцад давхардсан тоогоор 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажилласан ба бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлснээр 22 тогтмол ажлын байр шинээр бий болгох гэнэ. Уг зочид буудал нь архитекторын өвөрмөц шийдэл бүхий 5 давхар байгууламж бөгөөд 54 ортой 37 өрөөтэй, нэг дор 60 гаруй зочин хүлээн авах хүчин чадалтай, бүс нутагтаа томоохонд тооцогдох дээд зэрэглэлийн байгууламж болжээ. Өрөө бүрт байнгын халуун, хүйтэн ус, 30 суваг бүхий кабелийн телевиз, утасгүй интернэт, 24 цагийн харуул хамгаалалт, дулаан граж, ил зогсоолоос гадна үсчин, халуун ус, хими цэвэрлэгээ,кино театр, биллиард гэх мэт үйлчилгээг цогцлоосон байна. Түүнчлэн 100 хүн хүлээн авах хүчин чадалтай "SaintHill" ресторан, караоке өрөөнүүд мөн 100 хүний багтаамжтай хурлын танхимтай юм. Сүүлийн жилүүдэд тус аймгийг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Энэ утгаараа тус аймаг 2015 оныг үйлчилгээний төгөлдөршлийг дэмжих жил болгон зарлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Сүүлийн 3 жилд тус аймагт нийт 4 буудал шинээр ашиглалтад оржээ.