МОХ-ны 2015 оны “Универсиад”-ын сагсанбөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Амаржаргал дасгалжуулагчтай, Б.Наранболд ахлагчтай ШУТИС-ийн баг, эмэгтэйчүүдээс Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай Н.Болор-Эрдэнэ ахлагчтай МУИС-ийн баг тус тус тэргүүллээ.
Тус тэмцээн энэ сарын 13-18-нд Спортын төв ордон, МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн зааланд болж шилдгүүдээ тодруулсан юм. Байгууллагын нэгдсэн дүнгээр МУИС тэргүүн байр эзлэн, ШУТИС, МУБИС удаалав. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн ангиллаас шалгарсан шилдэг оюутан тамирчдаас ирэх долдугаар сард БНСУ-ын Гванжу хотноо болох дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадмын тэмцээнд сонгон шалгаруулах юм. Монголын баг тус наадамд ОХУ, Монтенегро, Швед, Канад, Мексик зэрэг орнуудтай нэг хэсэгт тоглохоор сугалаа таарчээ.
Тус тэмцээний дүнг танилцуулахад, Тэргүүн байрт ШУТИС-ийн баг шалгарсан бол хоёрт Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай, О.Энхбаатар ахлагчтай МУИС-ийн баг, гуравт Н.Ганболор дасгалжуулагчтай “Сити” дээд сургуулийн баг тус тодорч мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдээс МУИС-ийн баг тэргүүлж Б.Ганзориг дасгалжуулагчтай, Б.Ариунчимэг ахлагчтай ШУТИС-ийн баг, дасгалжуулагч Н.Баярцогтын ахалсан “Этүгэн” дээд сургуулийн баг тус тус шалгарч хоёр, гуравдугаар байр эзлэв.