Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзэн, зарим илгээмжийн тоо ширхэг, үнийн дүнгээс хамаарч татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэллээ. Ингэснээр гадаадын аль ч улсаас шуудангаар дамжуулан илгээсэн бараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнэтэй бол татвараас чөлөөлөх юм байна.
Тодруулбал, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д зааснаар (шинэчилснээр) “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгасан байна.
Дээр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулан, энэ сараас мөрдөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, 1.920.000 төгрөгөөс ихгүй барааг хувь хүний нэр дээр явуулсан бол тухайн иргэн татвар төлөхгүй гэсэн үг.
Харин “Ижил төрлийн хоёроос илүүгүй бараа” гэснийг анхаарна уу. Хэрвээ гадаадаас танд, таны хүү, охинд ижил төрлийн гурван цамц илгээмжээр ирлээ гэж бодъё. Энэ гурван цамцны үнийн дүн 1.9 сая төгрөгт хүрэхгүй байсан ч татвар авна гэж ойлгоорой. Харин гурван өөр төрлийн бараа буюу хоёр цамц, нэг өмд, эсвэл гутал байвал татвар авахгүй. Хэрэв таны илгээмж энэ мөнгөн дүнгээс нэг төгрөгөөр хэтэрбэл хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Тиймээс илүү гарах гээд байвал хоёр таслаад ч юм уу, мөнгөн дүнд нийцүүлэн илгээж болох нь. Одоогоор илгээмжийн дээд хэмжээг 20 килограмм, харин хоёр улс харилцан тохиролцсон тохиолдолд 50 килограмм хүртэлх жинтэй илгээмжийг хүлээж авдаг юм байна.
Өмнө нь татвар төлөөгүйгээс сард 120 орчим илгээмж эзэндээ очиж чаддаггүй байсан бол дээрх хууль хэрэгжээд цөөхөн хонож буй ч энэ тоо дөчөөр цөөрчээ.
О.УНДРАХ