Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга зэрэг 2-3 хүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьжээ.
Тэднийг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан бусдыг шахаж, дарамталсан байж болзошгүй гэж сэжиглэж буй гэнэ. Албан бус эх сурвалжийн өгүүлснээр дээрх хүмүүс нэлээд олон иргэнээс “Газрыг чинь чөлөөлөхөд шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгнө. Бидэнтэй сайн ярихгүй бол газар чөлөөлөх ажил удааширна” гэх мэтээр дарамт шахалт үзүүлж багагүй хэмжээний мөнгө авч байсан бололтой.
Уг нь дээрх хүмүүсийн ажилладаг Газар чөлөөлөх хэлтэс нь “Улаанбаатар хотод баригдах барилга, автозам, инженерийн шугам сүлжээний газрыг албадан чөлөөлж, холбогдох газруудад хүлээлгэж өгөх болон нөлөөлөлд өртсөн газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчтэй гэрээ байгуулах, газар чөлөөлөх, нөхөн олговор олгох, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах” үүрэгтэй.
Гэвч энэ эрх, үүргээ хэтрүүлэн, мөнгө олох арга хэрэгсэл болгосон нь АТГ-ын хараанаас мултраагүй аж.