“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар Цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэж буй бөгөөд батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт хүргүүлсэн.
Харин Я.Батсуурьт холбогдох хэрэг хэрхэж буй нь тодорхойгүй, АТГ, прокурорын байгууллагаас тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар өдий хүрэв. Бидэнд олдсон мэдээллээр түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийн зарим үйлдлийг тусгаарласан сурагтай.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй холбоотой, “Говь повер” компанид мөнгө шилжүүлсэн гэх үйлдлийг нь тусгаарлан, бусад үйлдлийг нь шалгаж буй гэнэ. “Хүргэн хүү” Г.Дэнзэн уг нь “Энэ сарын 4-нд ирнэ” хэмээн захидал ирүүлж байсан ч сураг тасарсан тул хэргийг нь ийн тусгаарлахад хүрсэн бололтой.
Харин өдгөө Я.Батсуурийг албан тушаал эрх мэдлээ урвуулан төрийн өмчийн эд хөрөнгийг хувийн компанид шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм билээ.
Г.РАВЖАА