Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг бусдын гарт амиа алдаад 17 жилийн нүүр үзэж байна. Ардчилсан намын төв байрны дэргэд босгосон түүний хөшөөнд төрсөн өдрөөр нь цэцэг өргөдөг уламжлалтай. С.Зориг агсны төрсөн өдөр өчигдөр тохиож, хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэн дурсах ёслол болов. Тэрбээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд хорвоод мэндэлжээ. Цэцэг өргөх ёслолд түүний төрсөн дүү УИХ-ын гишүүн С.Оюуны тэргүүлдэг ИЗНН болон АН, Ардчилсан холбооны гишүүд, дэмжигчид оролцсон юм.
Уг ёслолд С.Оюунаас гадна ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр- Ян, АН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ардчилсан холбоог төлөөлж, УИХ-ын гишүүн М.Зоригт нар оролцлоо. Энэ үеэр С.Оюун “Ах маань амьд сэрүүн байсан бол 53 настай байх байж. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхад 27 настай байсан юм. Хэрэг одоо болтол илрэхгүй байгаад үнэхээрийн харамсалтай байдаг. Энэ хэргийг илрүүлэх эрх бүхий байгууллагууд олон нийтэд тэр бүр мэдээлэл өгдөггүй. Гэр бүлийнхэн нь ажил хариуцаж байгаа хүмүүстэй нь уулздаг л даа. Гэхдээ олон зүйл шалгаж байгаа ч илрүүлэх ажил урагшлаагүй.
УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд энэ асуудалд анхаарлаа хандуулаач, хяналтаа тавиач гэсэн хүсэлт тавьсан. Хяналтаа тавьж эхэлсэн” гэж ярив. Он цаг улирах тусам С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах үйл явц бүрхэг болсоор байгааг цэцэг өргөх ёслолд оролцсон хүмүүс ярьж байлаа.
Тэрбээр эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд, хувийнхыгаа хамгийн сүүлд тавих зарчмыг баримталдаг улстөрч байсныг түүх гэрчилдэг. Өнөөдөр хувийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, түүний төлөө үхэлдэн тэмцдэг улстөрч олон болоод байгаа билээ.
Т.ЭНХБАТ