Монгол Улсын хилээр орж ирснээсээ хойш сураггүй алга болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлиан Лёонхард амьдарч байсан байрандаа энэ сарын 17-18-нд шилжих шөнө нас барсан нь олны анхаарлыг татах болов. Гадаадын нэг иргэн Монголд өвчнөөр ясаа тавихад юу нь сонин байна гэх хүн байж болзошгүй. ХБНГУ-ын Амберг хотод төрсөн тэрбээр нутгийнхаа арилжааны банкуудыг залилан мэхэлж, 12 сая евро цүнхлэн 2004 онд Буянт-Ухаад газардсан юм. Тухайн үед хэн ч түүнийг нутагтаа эрэн сурвалжлагдаж буй хүн гэж мэдээгүй. Мэдэх ч боломжгүй байв. Хэдэн сарын дараа ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагаас Интерполоор дамжуулан Рудигер фон… гэх нэрээр танай улсын хилээр нэвтэрсэн хүн нь ХБНГУ-ын хэд хэдэн арилжааны банкнаас 12 сая евро залилан мэхэлсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж буй Клойбер Максимлиан Лёонхард хэмээх хүн тул эрэн сурвалжилж олж өгнө үү гэсэн утгатай албан тоот ирүүлж, паспорт, регистрийн дугаарыг нь хавсаргажээ.
Ингэснээр Эрүүгийн цагдаагийн газрынхан түүнийг орон даяар эрэн сурвалжилж, Ё.Гантуяа гэх эмэгтэйг шалгаж эхэлсэн ч хэн нэгэн нөлөөлсөн үү, юутай ч хэргийг нь хааж, түүгээр зогсохгүй мөрөөр нь бараг орох гэж байсан хүмүүстээ арга хэмжээ аваад өнгөрсөн гэдэг. Хэрэв 2004 онд Ё.Гантуяа гэх эмэгтэйг нарийвчлан шалгаж, мухарласан бол дээрх германыг богино хугацаанд олох боломж байсан ч юм бил үү. Түүнээс хойш 11 жил цагдаагийнхны хамар дор амьдарч байсан Клойбер Максимлиан Лёонхардыг олоогүй нь хачирхалтай, бас хардлага төрүүлж буй юм. Гурван сая иргэний дундаас, гадаадын хэдхэн “өндөр хамартай” хүн дотроос ХБНГУ-ын иргэнийг олохгүй байсан гэхэд гайхмаар.
Магадгүй түүний 12 сая еврогоос хувь хүртсэн цагдаа, тагнуулын байгууллагынхан эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох, саатуулах, төөрүүлэх ажил хийсэн байхыг ч үгүйсгэхгүй. Яагаад ийн хардах болов гэхээр ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатарыг анх Клойбер Максимлиан Лёонхардыг нуусан, эд хөрөнгийг нь авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгасан түүхтэй. Шалгах болсон шалтгаан нь Германы дээрх иргэнтэй гэр бүл болсон Ё.Гантуяа гэдэг эмэгтэйн ашиглаж байсан 9911…-тэй дугаарыг нь Д.Цогтбаатар барих болсноос үүдэлтэй. Тиймдээ ч бусдын эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгт Д.Цогтбаатарыг нэлээд хугацаанд шалгаж, шүүхээр шийтгэсэн нь үүнтэй холбоотой байж ч болох. Цагдаагийнхан ч бас холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл бий. Тэр дундаа Мөрдөн байцаах болон Эрүүгийн цагдаагийн газрын нэлээд дээгүүр албан тушаалтнууд хэргийг өөр тийш нь “эргүүлж”, түүнийг үхсэн болгох баримт бүрдүүлэхээр хөөцөлдөж байсан гэх мэдээлэл байна.
Харин Германы тал хүнийхээ цогцсыг нэхсэн гэх яриа ч байдаг. Эцэстээ 12 сая евротой Монголд орж ирээд сураггүй болсон, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ХБНГУ-ын иргэнийг гадагшаа гарсан байж болзошгүй гэх цуурхал ч тараасан удаатай. Уг хэргийг цагдаа, тагнуул, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газар гээд манай улсын мөрдөн байцаах чиглэлийн бүх л байгууллагынхан шалгаад учрыг нь олж чадалгүй “дарсан”. Эцэстээ Ё.Гантуяагийн хүргэн А-ыг хүртэл Клойбер Максимлиан Лёонхардын аминд хүрсэн гэж сэжиглэн хорьсон гэдэг. Гэтэл алуулсан гэх Лёонхард нь сэрүүн тунгалгаар барахгүй “Голомт” хотхоны 32А байрны 45 тоотод Ё.Гантуяагийн дүү, Ё.Гантөр гэх хүний нэр дээрх байранд амьдарч байгаад өвчний учир таалал төгсөв.
Түүний амиа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд гаднын нөлөөгүй нас барсан нь тодорхой учир хэргийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаах нь тодорхой. Биднийг тус байранд очиход хаалгыг нь ШШҮХ-гийнхэн лацдаад явсан байв. Хөрш болон тус байрны гадаа нарлаж байсан өндөр настнууд “Гадаадын иргэн амьдарч байгаад нас барсныг л дуулснаас биш, ямар хүн байсныг нь ч мэдээгүй” гэцгээлээ. Харин 12 сая еврогоос нь хувь хүртсэн байж болзошгүй, түүнийг нуун дарагдуулж байсан цагдаа, тагнуулын эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж, уг мөнгийг хэрхсэнийг нь тодруулах шаардлага тулгарч байна.
Үүнийг харин хэн шалгаж чадах вэ гэдэг л анхаарал татаж байгаа юм. Мэдээж талийгаач герман эртэй гэр бүл болон хамтран амьдарч байсан Ё.Гантуяа гэдэг эмэгтэйг олж мэдээлэл цуглуулахаас эхлээд ажил нэлээд бий. Магадгүй тагнуулын байгууллага энэ хэргийг анхааралдаа авч, гэрч, хохирогчийг хамгаалж байгаад шалгавал хуулийн байгууллагынхны дунд бугшсан нэлээд том хээл хахуулийн хэргийн учгаас атгаж ч болзошгүй юм.